АМГТГ: Хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгож байгаа гэдэг мэдээлэл худал

Zuv.mn
2024/10/30

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хууль бус гэсэн мэдэгдлийг удаа, дараа хийсэн билээ. Тэгвэл олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байгаа уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар, мэдэгдэл гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгааг нотолсон байна. 

Тайлбар мэдэгдэлд,

"Сүүлийн үед зарим улс төрчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны талаар буруу ташаа, илт худал мэдээлэл тарааж, улс төрийн зорилготой мэдэгдэл хийх болсон билээ. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас дараах мэдэгдлийг гаргаж байна.

Нэг. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оноос сонгон шалгаруулалтын журмаар олгож байв. Харин Зөвшөөрлийн тухай хууль батлагдаж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Ашигт малтмалын тухай хуульд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан, тус хуулийн 4.1.29-31, 10.1.2, 10.2, 10.3, 11.1.26-28, 11.1’.5-6, 17.4, 18.1.2, 18.1.7, 18.1.8, 18.2, 20 зүйл заалтуудад сонгон шалгаруулалтын журмыг бүхэлд нь хуульчилж өгсөн байдаг.

Энэ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгож байна.

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т сонгон шалгаруулалтын журмыг батална гэж заасны дагуу хуульд тусгагдаагүй техникийн үнэлгээ хийх аргачлалыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн УУХҮСайдын А/48 дугаар тушаалаар баталсан журамд тусгаж өгсөн. Энэхүү журмыг “Гадагшаа чиглэсэн биш техникийн шинжтэй, дотооддоо мөрдөж ажиллах журам байна. Иймд бүртгүүлэх шаардлагагүй” гэж тухайн үеийн ХЗДХЯ үзсэн.

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайг ялгах нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг бөгөөд талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр, цахим шуудангаар дамжуулан мэдэгдэнэ.

Мөн хуулийн 17.2-т заасны дагуу Аймаг, нийслэлийн Засаг дарга нь 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. /Зөвхөн аймаг, нийслэлийн засаг даргаас санал авдаг/

17.3-т хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж тус тус хуульчилсан.

Гурав. Батлагдсан талбайн солбицлыг Төрийн захиргааны төв байгууллагаас Үндэсний геологийн алба руу илгээж, эрдсийн хуримтлал бүхий талбайн тойм судалгааг үндэслэн, сонгон шалгаруулалт зарлах талбайг ялгаж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх, ирүүлсэн талбайд сонгон шалгаруулалт явуулах чиглэлийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.gov.mn цахим порталаар дамжуулан зохион байгуулдаг.

Дөрөв. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар зөвлөмжид:
• Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг цахим хэлбэрээр, сонгон шалгаруулалтаар явуулах
• Нийтэд ил тод, нээлттэй байх
• Сум, дүүргийн нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүрэг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хуулийн дагуу ажиллаж байгааг мэдэгдье" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна