"Трафигура" дэлхийгээс олдоггүй ашгийг Монголд хийдэг байжээ

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 26 минут

Сингапурт төвтэй "Трафигура" компани Монгол дахь газрын тосны бизнесээс 1.1 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн тухайгаа өнгөрсөн сарын 30-нд олон нийтэд зарласан талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл straitstimes.com / https://www.straitstimes.com/b... / хэмээх цахим хуудаст өчигдөр мөн энэ сэдвийг хөндсөн нийтлэл гарчээ. 

Эх сурвалжийн хувьд, аравдугаар сарын 30-нд компанийн албан ёсны цахим хуудаст тавигдсан мэдэгдэлд үндэслэсэн ч бусад газарт гарсан нийтлэлээс ялгаатай нь, сэтгүүлчийн ажиллагаа нэлээд явуулж, чанартай материал нийтэлсэн байна. Энэ мэдээлэлд гарсан зарим ноцтой хийгээд сонирхолтой, өмнө нь гараагүй баримт, өнцгүүдийг хүргэе. 

1. Монголоос илэрсэн зөрчлийн хувь хэмжээ нь санаанд багтамгүй их байсан

Монгол дахь бизнесийн хэмжээ, цар хүрээтэй харьцуулахад алдагдлын хэмжээ асар их байсан нь компанийн удирдлагуудыг хамгийн ихээр цочирдуулсан гэдгийг straitstimes.com-ын сэтгүүлчид олж мэджээ. 

"Трафигура" нь газрын тосны бүтээгдэхүүний худалдааны том тоглогч бөгөөд Франц улсын жилийн хэрэглээг гурав дахин нугалах хэмжээний худалдааг энэ салбарт хийдэг аж.

 Монгол Улс дахь газрын тосны бизнес нь энэ салбарт компанийн хийдэг нийт бизнесийн 0.3 хувьтай тэнцдэг гэнэ. Гэсэн ч тэрбумаар хэмжигдэх мөнгө алдсаныг мэдээд гайхжээ.  

2. "Трафигура" дэлхийгээс олдоггүй ашгийг Монголд хийдэг байжээ

Мөн сайтынхан компанийн ажилтнуудтэй уулзаж олж авсан мэдээллээр бол Монгол дахь бизнесийн ашгийн маржин бусад улсад хийдгээс нь өндөр байсан гэнэ. Чухам тийм учраас л жижиг зах зээлтэй Монголыг тоож арилжаа хийдэг байжээ. 

Ингэхдээ Монголд ажилладаг "Lex Oil" гэх компанид бүтээгдэхүүнээ зээлээр өгч, дараа нь мөнгийг нь шилжүүлж авдаг байсан байна. 

3. Э.Жононбаяр "Трафигура"-гаас халагдсан байж магадгүй

Компанийн албан ёсны цахим хуудаст тавьсан мэдэгдэлд зөрчлийг "хувь хүн", "Монгол дахь бизнесийн гол түнштэй холбоотой" гэсэн ч нэг ч хүний нэр дурьдаагүй. Түүнчлэн, хэрэгтэй холбоотойгоор нэг бус хүнд хариуцлага тооцсон гэсэн ч мөн л нэр дурдаагүй байсан. 

Тэгвэл straitstimes.com -ын редакцийн олж мэдсэнээр, хариуцлага тооцуулсан хүмүүсийн дотор Э.Жононбаяр байгаа гэнэ. Тиймээс нийтлэлдээ "Харин ажлаасаа халагдсан ажилтнуудын дунд ноён Жононбаяр ч байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна" гэсэн өгүүлбэр оруулсан байна. 

Мөн Э.Жононбаярын төлөөлөгчтэй холбогдсон боловч тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзаж, "Трафигурагаас халагдсан" гэх мэдээллийг үгүйсгэсэн гэжээ. 

Видео мэдээг доорх линкээр үзнэ үү. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.