М.Наранмөнх: Би бол урлагийн боол

Х.Есү
19 цаг 10 минутын өмнө

"Хэцүү ангийн Билгүүн" гэх нэрээр овоглосон жүжигчин, МУСТА М.Наранмөнхтэй ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. 

- Сайн байна уу? Би жүжигчин М.Наранмөнх байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хэцүү анги киноны Билгүүний дүрээр таныг олон нийт сайн мэднэ. Таны хувьд ч анхны олон ангитай кино болохоор их дурсамжтай байх?

- Хэцүү анги бол битүү дурсамж шүү дээ. Тэр үед яг оюутан нэгдүгээр курс байсан. Төгсөө ах Навчаа эгч Ариунаа эгч гурав намайг дуудаад кино эхлэхээс 2-3 хоногийн өмнө орсон. Маргааш нь тэгээд л чи 00 сойз дотуур хувцсаа аваад ирээрэй гээд л тэгээд шууд орчихсон “Хэцүү анги” кино руу.

Хэцүү анги руу ороод л олон ангит кино ямар байдгийг мэдсэн. Киноноосоо маш олон дадлага туршлагыг хуримтлуулж авсан. Анхны олон ангит кино болохоор дөрвөн сар "Сэрүүлэг" дээд сургууль дээр байрлаад зураг авалтаа хийж байсан. 

Анх кинонд тоглох санал тавихад ямар байсан бэ?

-Би ерөөсөө тийм санал ирнэ гэж бодоогүй. Манай нэг найзын төрсөн өдөр болоод лагер дээр байж байсан чинь Можухай ах залгаад ахын дүү ирээд нэг уулзаатах гэсэн. Би өөдөөс нь ахаа би энд найзынхаа төрсөн өдөр дээр байна гээд л хэлсэн чинь тэр хамаагүй ээ хүрээд ир гэсэн. Тэгээд л шууд яваад очсон доо. 

Хэцүү ангийн Билгүүн амьдрал дээрх М.Наранмөнх хоёр ялгаатай юу?

-Би чинь тийм аймар далжгар биш шүү дээ. Ер нь даруухан талдаа. Билгүүн бид хоёр ер нь өөр шүү. 

Хэцүү анги кинонд тоглох үеэр болж байсан дурсамжтай явдлаасаа хуваалцаач?

-Тэр үед хөдөөнөөс хүмүүс залгаад зөндөө загнадаг байсан. Хаанаас ч утасны дугаар олоод авчихдаг юм. Эгч нар их залгаад "Чи Сүнжидийг битгий зовоо" гээд л хэлдэг байсан. Зарим нь бүр идэш явуулдаг байсан. Сүнжид багштайгаа хуваагаад аваарай, драгон руу явуулчихсан гээд залгадаг байсан. Тэгээд нэгэнт ирчихсэн идшийг яах вэ дээ. Авч л байгаа юм чинь. Тэр ах эгч нарт баярлалаа. 

Хэцүү ангийн Билгүүн гэдэг нэр хэзээ ч миний амьдралаас хусагдахгүй. Одоо хүртэл Билгүүн ээ гээд дууддаг. 

Жүжигчин мэргэжлийг сонгох болсон шалтгаан?

-Урлагийн амьдрал руу ороход аав надад их нөлөөлсөн. Багадаа аавыг дагаж кинонд их явдаг байсан. Аав намайг орхиод зураг авалтад явах юм бол миний бие өвдчихдөг байсан. Тэгээд аавыг ирэхээс хэдхэн хоногийн өмнө зүгээр болчихдог байсан. 

Жүжигчин мэргэжлийг сонгосондоо баярлаж байсан үе бий юу?

-Аавыгаа өнгөрсний дараа би үнэхээр зөв мэргэжлээ сонгожээ гэж бодсон. Аавынхаа хийж гүйцээгээгүй, залуудаа тоглож чадаагүй тэр зүйлийг нь нөхнө гэж боддог. 

Одоо урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чаддаг уу?

-Үгүй. Кинонд тоглохгүй, юманд орохгүй цаг хугацаа гэж байна шүү дээ. Тэр үед өөрөө шаналаад зовоод байдаг байхгүй юу, нэг л юм дутуу санагдаад байдаг. Олуулаа бужигнаад уран бүтээлээ хийгээд байж баймаар л санагдаад байдаг. 

Шантрах зүйл хүний амьдралд олон бий. Гэхдээ шантрах гэж би үүнийг сонгоогүй. Тийм болохоор эцсийг нь хүртэл явна. Би бол урлагийн боол нь байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.178
    13 цагийн өмнө

    Яагаад заавал дотуур хувцсаа ав гэжаагаан тэр Навчаа Ариунаа нар яасан чамайг тэр хоёр дотуур хувцас гэж онцлон хэлжээ ккк

    Хариулах