Тусгаар тогтнолын баярын зоог "Битүү шөл"

Х.Батсайхан
11 цаг 51 минутын өмнө

Анхны Үндсэн хуулиа ёсчлон баталж, Бүгд найрамдах улсаа байгуулан тусгаар тогтнолоо зарлан тунхагласны түүхт 100 жилийн ой энэ сарын 26-нд тохионо. Түүхт ойтой холбоотойгоор УИХ-аас энэхүү өдөр бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын уур амьсгал бүрдүүлэх, айл өрх бүр үндэсний баяраараа уламжлал болгон хийж иддэг үндэсний хоолтой болж, хэвших зорилгоор Тусгаар тогтнолын баярын зоогоор "Битүү шөл"-ийг сонгосон гэдгээ зарлаж, баярынхаа өдөр хийж идэхийг ард иргэдээд уриалах гэж байна. 

Энэхүү санаачилгатай холбоотойгоор Монгол үндэсний уламжлалт битүү шөлийг хэрхэн хийх зааварчилгааг хүргэж байна. Битүү шөл нь зөвхөн хоол хүнс төдийгүй эм болдог увдистай маш нандин зоог юм. Битүү хоол нь монголчуудын хувьд гүн хүндэтгэлийг илэрхийлдэг билээ.

Гурван хүний порцонд дараах зүйлс орно.

ОРЦ:

200-250 грамм орчим мах. Хэмжээг өөрсдөө тааруулаад хийж болно. Хонь, үхэр аль нь ч болно.

лууван-нэг ширхэг

төмс-нэг ширхэг

сонгино-нэг ширхэг

сармис-гурван хумс

өндөг-гурван ширхэг

ногоон сонгино-бага зэрэг

давс

Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно.

ус-100 орчим грамм (харж байгаад тааруулна)

гурил-1-1.5 аяга

ХИЙХ АРГА:

1. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ.

2. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ.

3. Сонгино, сармисаа жижиг жижиг хэрчин, мөн гурав хувааж аягандаа хийнэ.

4. Бусад хүссэн ногоогоо мөн жижиг хэрчин хийнэ.

5. Ингээд давсаа хийж мах ногоотойгоо холино.

6. Усаа тааруулж хийнэ. Хэтэрхий дүүргэж болохгүй.

7. Үүн дээрээ өндгөө нэмнэ.

8. Гурилаа зуурч аягаа бүтээхүйц хэмжээтэй элдэнэ. Гурил нь бага зэрэг зузаан байсан ч болно.

9. Ингээд аягатай шанзан дээрээ гурилаа бүтээж, амсруудыг нь сайтар аягандаа наалдуулж өгнө.

10. Ингээд жигнүүр дээрээ тавиад 25-30 минут жигнэнэ.

11. Гаргаад идэхдээ гурилан дээрээ бага зэрэг цөцгий, эсвэл майонез түрхээд идвэл илүү амттай байх болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.217.139.240
    4 цагийн өмнө

    Энэ ч орчин үеийн битүү шөл байна. Хүүхэд залуус дуртай байна биз. Харин уламжлалт битүү шөл бол хонины хар шөл шиг махаа хэрчээд бага зэрэг ус хийж сонгино давс хийж аягандаа бүгдийг хийгээд гурлиаа элдэж бүтээж аяганы амсараа сайн дарж жигнэнэ. Хий хуй дарах ядаргаанд сайн байдаг.

    Хариулах