ТОМИЛОЛТ: "Ганц мод-Гашуун сухайт" боомтын хил холболтын төмөр замын гэрээг ондоо багтаж байгуулахыг зорьж байна

Х.Есү
11 цаг 40 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан 14 мега төслөөс ач холбогдлоороо нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын  төслийг хэрэгжүүлэх  ажлын хэсэг БНХАУ болон төслийн талбай дээр ажиллаад ирлээ. 

Төслийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ болон Монгол Улс хоёул Ажлын хэсэг гаргасан бөгөөд хэлэлцээр урагштай байвал БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компанитай гэрээлэх ажлыг энэ онд багтаахаар төлөвлөж байна. 

No description available.

Хил холбосон төмөр замаар тээвэрлэгдэх нүүрсний худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг энэхүү хэлэлцээрээр цогцоор нь шийдэх учиртай. Өөрөөр хэлбэл, төсөл өртгөө хэр хурдан нөхөх, ер нь ашигтай байх эсэх нь "Чайна энержи"-тэй байгуулах гэрээнээс хамаарна. 

"Чайна энержи"-гийн зүгээс эхний байдлаар саналаа ирүүлсэн бөгөөд түүндээ жил бүр 20 сая тонн нүүрс худалдаж авахаа илэрхийлсэн нь шинээр баригдах төмөр замын ашиглалт сайн байна гэдгийг харуулсан. Харин бусад санал дээр нь харилцан тохиролцох асуудлууд бий.  

2010 оноос хойш яригдсан Гашуунсухайт-Ганцмод төмөр ийнхүү ажил хэрэг болоход өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ойртож байна. Төмөр замын царигийн хэмжээ зөрснөөс шалтгаалж алдагдсан цаг хугацаа боломжууд маш их гэдгийг хоёр тал онцолдог. 

Царигийг нэгтгэж төмөр замын бүтээн байгуулалт хийснээр экспорт болон нүүрсний нийлүүлэлт 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоотой байна.

Аж үйлдвэрийн сайд Ц.Туваан: "Хоёр ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, ойрын хугацаанд шийдвэр гаргахаар ажиллаж байна. Дан ганц төмөр замын хил холболт биш, нүүрс худалдах, худалдан авах гэрээ дээрээс нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэх асуудал бий.

Монгол Улсын Ерөнхий Сайдын Хятад улсад хийсэн айлчлал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд явахдаа “Чайна Энержи” компанитай уулзсан уулзалтууд дээр тодорхой шийдлүүдийг гаргаж, энэ шийдлүүдийг тус компанийн зүгээс манай улсад албан бичиг байдлаар хүргүүлсэн. Хэлцэл нааштай явж байгаа гэж ойлгож болно.

Энэ оны байдлаар гүйцэтгэл 80 сая орчим тонн нүүрс экспортолно гэсэн тооцоо бий. “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтоор энэ нүүрсний ихэнхийг нь авто тээврээр хийж байгаа. Тэгэхээр хил холболт хийгдсэний дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавчийн хил холболтууд хийгдсэнээр манай улс жилдээ 120 сая тонноос багагүй хэмжээний нүүрс экспортолно гэсэн тооцоо бий. Автотээврээр хамгийн ихдээ 85 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай.

No description available.

Гурван асуудлын төмөр замын гэрээ бэлэн болчихсон. Хоёр дахь нүүрс худалдах, худалдан авах гэрээний драфт бэлтгэгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н баруун зүүн цанхи одоогийн хүчин чадлаараа экспортлож буй нүүрснээсээ яаж ч дайчлаад илүүг гаргах боломжгүй байгаа. Иймд бид нээлттэй тендер зарлаж, шинээр хажуу талд нь Онч хараат, Бор толгой гэсэн өмнө нь судлагдсан байсан ордуудаа хүчин чадлаа нэмэгдүүлэх байдлаар ашиглалтад оруулж байж, илүү их экспорт хийх боломжтой болно.

2015 онд төмөр зам ашиглалтад орсон байсан бол энэ төмөр замаар 232 сая тонн нүүрс экспортлох байсан. 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломж бас бидэнд байжээ.

Төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг мега төслүүдийнхээ нэгдүгээрт эрэмбэлж байгаа. Тэгэхээр өндөр ач холбогдол өгч байгаа гэж ойлгож болно. Энэ ондоо багтааж гэрээ хэлэлцээр хийгдэж дуусгах тал дээр шуурхай ажиллаж байна" гэв. 


Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам холбогдоход нийт 10.3 км-ийн зай дутуу байгаа. Тодруулбал, цаад талаасаа нарийн царигийн төмөр зам хилээс 300 метрийн зайд байгаа бол манай тал хилээс 10 км зайтай байгаа. Яг энэ зайн холболтыг нэг компаниар хамтдаа хийлгэе гэдэг зарчим дээр бид тохирсон. Учир нь манай улс ийм том хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийх туршлага дутна.

Гүүрэн байгууламжийг барьснаар дээгүүр нь нарийн, өргөн хоёр замтай байна. Тодруулбал, өргөн зам нь Хятадын тал руу гарч тус улсын ачиж, буулгах терминал дээр очно. Өөрөөр хэлбэл шилжүүлэн ачна гэсэн үг. Харин манай тал руу нарийн царигаар орж ирсэн галт тэрэг, ачаа тээврийг бид бас ачиж зөөх үүрэгтэйгээр байгууламжтай байх юм.

No description available.

Шилжүүлэн ачих терминалыг 979 тэрбум төгрөгийн өртгөөр барих тооцоотой байна. Гэхдээ энэ мөнгө төсвөөс гарахгүй. Өнөөдрийн ам.долларын ханшаар бодоход 280 сая ам.доллар болох тооцоолол бий” гэлээ.

Хил дамнасан төмөр замын холболтын тухайд гэвэл төмөр замын гүүрэн байгууламжийн төсөл болон Ганц модны боомтын төмөр замыг өөрчлөх гэсэн хоёр төслөөс бүрдэнэ. Нийт хөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь 84 сая төгрөг ба хэрэгжүүлэх хугацаа 18 сар байна.

Хил дамнасан гүүрэн байгууламж

No description available.

Хятадын хилийн доторх Ганцмод боомттой залгах цэгийн хил дамнасан цэг хоорондын зай нь 760 метр.

Хил дамнасан төмөр замыг стакадан гүүр байдлаар байгуулах бөгөөд хос шугамтай том гүүрийн 1 байгууламж, өргөн царигийн гүүрийн шугамын урт нь 333.36 м, нарийн царигийн гүүрийн урт 332.69 м, өргөн, нарийн царигийн гүүрийн нийт урт 409.58 м, гүүрийн нийт урт 1.07 м бөгөөд гүүрийн өндөр 31.6 м, төмөр замын нэмэлт шугамын урт 1.5 км байна.

Боомтын төмөр замыг өөрчлөх төсөл

No description available.

2023 оны хоёрдугаар сард "Баошэнь төмөр зам" ХХК болон Тавантолгой төмөр зам ХХК хооронд санамж бичиг байгуулж, төмөр замын сэлгэн ачих хүчин чадлыг задгайгаар 10 сая тонн, хөмөрч сэлгэхээр 20 сая тонн байх, тус төслийн зураг төслийг өөрчилж нарийн царигийн хилийн шалган нэвтрүүлэхийн зүүн талд өргөн царигийн хилийн шалган нэвтрүүлэх байгууламжийг байгуулахаар болсон. Чи Хөнь гаалийн хяналтын зүүн талд шинээр сэлгэн ачих болон нүүрс хөмрөх төхөрөмжийг байгуулахаар тогтсон. Тус төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоогоор 4.13 тэрбум юань шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд 24 сарын дотор гүйцэтгэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.100
    2 цагийн өмнө

    гэрээгээ сайн хийгээрэй дээ чалко шиг болчихов доо жонхуу мөнгийг идэчихээгүй бол өдийд хөгжих л байж өөрөөч идээд барахгүй бусад хүмүүст идүүлэхгүй муухай нрхрй юм даа

    Хариулах