Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

С.Гандэлгэр
6 цаг 21 минутын өмнө

Монгол Улсын Боловсролын яам болон Люксембургийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Адина-тэгш боломж” ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх “Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төслийн зорилтот 30 сургуулийн багш нарыг хамруулж байна. Сургалтад хамрагдсан мэргэжилтэн, арга зүйч, багш нар тэгш хамруулах боловсролын орчин болон арга зүйн тохируулга, хандлагын өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй, чанартай болгоход хувь нэмрээ оруулж, цааш түгээн дэлгэрүүлэх юм.

Сургалтын агуулгыг тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, ерөнхий боловсролын сургуулийн багш, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн төслийн ажлын хэсэг боловсруулж, онол 40 хувь, дадлага 60 хувь байхаар төлөвлөн, танхимаар зохион байгуулж байна. Сургалтын дүнд:

  • Монгол Улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тусгасан тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс;
  • Тэгш хамруулах боловсролыг чанартай үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургалтын орчин, танхим тохируулга, анги зохион байгуулалт;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сургалтын хөтөлбөрт суралцахуйн түгээмэл загвар ашиглан хийх тохируулга, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшихэд шаардлагатай дэвшилтэт технологи болон туслах хэрэгсэл;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын гарааны үнэлгээ болон ахицыг үнэлэх аргачлал зэргийн талаар онолын цогц мэдлэг ойлголттой болж, практикт суралцах юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна