Нэгэнт батлагдсан “Соёлын ваучер”-аар ядуу ардын хүүхэд театрт орж үзэх боломжийг нээж өгье

Zuv.mn
2024/12/06

-Эс тэгвэл Ч.Номин сайдын томилсон дарга нар ямар ч буруугүй атлаа олон нийтийг төөрөгдүүлсэн гэж ёс зүйн хариуцлага хүлээнэ-

Олон нийт төсөвт анхаарал хандуулах гол шалтгаан болж, улмаар Ерөнхийлөгч хориг тавьж, хүчингүй болгоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн 18.3 тэрбум төгрөгийн өртөгтэй “Соёлын ваучер” шинэ төсвөөс хасагдалгүй батлагдсан билээ. Ингэснээр өсвөр насныхан үндэсний агуулгатай соёлын үйлчилгээнд хамрагдах боломж хэвээр үлдээд байна.

Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын олон нийтэд өгсөн мэдээллээр бол, 18.3 тэрбум төгрөгийн ваучерыг өсвөр үе буюу 16-18 насныханд олгоно. Үүний өмнө үндэсний агуулгатай контентуудыг бүтээлгэж, тусгайлан хийлгэсэн цахим кино театр маягийн аппликейшнд байршуулах бөгөөд ваучер эзэмшигч хүүхдүүд ухаалаг гар утас, таблетаар уг контентыг үзэх ёстой.  

Хэрэгжилт тал дээр энэ бол үнэхээр дутуу дулимаг шийдэл мөн учраас энд зарим зүйлсийг бичиж, сайдын журмаар зохицуулах боломж байгааг сануулах гэсэн юм. 

Нэгдүгээрт, ваучерыг кино театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Үндэсний урлагийн театрууд, цирк гэх мэт газруудад ашиглах боломжийг нээж өгөх ёстой.  

Хоёрдугаарт, “Насыг нь бодолцооч” гэсэн санаа хэлж байна.

Соёлын ваучерыг дэмжсэн иргэдийн олонх нь нэгд, “Орлого багатай эмзэг давхаргын хүүхдүүдэд боломж олгох юм байна“, хоёрт, ”Театруудад ашиглах юм байна” гэж ойлгосон учраас дэмжсэн. Өнөөдөр айл болгон, хүүхэд болгон гар утас, таблеттай байна уу гэдэг нь эргэлзээтэй. 

Сайдын суудал яригдаж, томилгоо буцах эрсдэл тулахад төрийн ордонд очиж өмгөөлсөн мэргэжлийн урлагийн байгууллагуудын дарга нар ч ваучераа өмөөрөхдөө “Хүүхэд театрт орж үзэх хэрэгтэй. Би тэлэн настайдаа анх театрт орж үзсэн. Урлаг ямар гайхамшигтай болохыг мэдэрсэн...” гэх зэргээр ярьж, яг ийм ойлголтыг өгч байсан.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн урлагийн байгууллагын дарга нар буюу бусад салбараар бол агентлагийн дарга нар нь энэ ваучерынхаа талаар ойлголт дутуу байсан. Ерөнхийдөө 18.3 тэрбум төгрөгөөс дэмжлэг хүртчих санаа байгаа ч зохицуулалт нь яаж явах, театрууд хамрагдах эсэхийг яг таг мэдэхгүй байцгаасан юм. Тэдэнд буюуу байхгүй. Ирээдүйн үзэгчээ бэлдэх хэрэгцээ урлагийн бүх л байгууллагад байгаа. Тиймээс энэ тал руу нь чиглүүлбэл энэ удаагийн 18.3 тэрбум хэдэн жилийн дараа хэд нугараад орж ирнэ. Бэлэн тасалбар тараалгүй, и-монголиа зэрэг боломжуудыг ашиглаад шийдэх боломж бий. 

Насны тухайд, угаас 16-18 насны хүүхэд гэдэг хэдийнэ загварчлагдсан, шинэ юм хүлээж авах нь бараг өнгөрсөн байдаг. Ийм том болчихсон хүүхдүүдэд ваучер тараана гэдэг элсэнд ус асгахтай ялгаатай. Төсвийн мөнгийг жинхэнээсээ үр дүнгүй зарна л гэсэн үг.

Тиймээс хэрэгжилтийг илүү тодорхой болгох, ингэхдээ олон нийтэд өгсөн ойлголтдоо нийцүүлэх нь Ч.Номин сайдын үүрэг болоод байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.251
    2024/12/07

    ЮУНЫ театрт орох вэ? Амьсгалах агааргүй өвчинд баригдсан хүүхдүүдэд цэвэр агаар л хэрэгтэй байна.

    Хариулах