АНУ ДЭМБ-аас гарснаар юу болох вэ

Zuv.mn
8 цаг 37 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш маш түргэн шуурхай ажиллаж, сонгуулийн кампанийн үеэр өгсөн амлалтуудаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрбээр Жо Байдены үед хэрэгжиж байсан 78 тогтоол, журам, шийдвэрийг хүчингүй болгож, АНУ-Мексикийн хил дээр онц байдал тогтоон, төрийн байгууллагын түвшинд гуравдагч хүсийг хүлээн зөвшөөрөхгүй байх зарлиг гаргасан. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Парисын уур амьсгалын хэлэлцээрээс улсаа гаргасан нь олон улсын анхаарлын төвд байна.

Эх сурвалжууд АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргах шийдвэрийг Д.Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2020 оны долдугаар сард гаргаж байсныг юуны түрүүнд онцолж байна.

Тэрхүү баримт бичигт “АНУ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг дэлхийн хамгийн өгөөмөр орон байсаар ирсэн. Америкчуудын татвар төлөгчдийн мөнгө болох энэ санхүүжилтийг бид шаардлагатай хүмүүст нь бодит дэмжлэг болгон хүргэж чадна гэдэгт итгэсэндээ л ДЭМБ-д олгож ирсэн. Харамсалтай нь ДЭМБ энэ хүлээлтийг биелүүлж чадахгүй гэдгээ ковид цар тахал болон шийдвэрлэвэл зохих бусад чухал асуудлууд дээр харуулж чадсангүй. Тиймээс АНУ ДЭМБ-аас гарахаар шийдвэрлэж байна. Энэ үйл явц 2021 оны долдугаар сарын 6-наас хүчин төгөлдөр болох бөгөөд энэ хүртэл АНУ-ын Засгийн газар ДЭМБ-аас өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийг хариуцаж ажиллах түншүүдийг олох болно” хэмээн бичсэн байжээ.

Эндээс харвал АНУ дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө ДЭМБ-д мөнгө өглөг байсан чинь ДЭМБ тэр мөнгийг нь сайн зарцуулж чадахгүй байгаа учраас гарч байгаа мэт утга санаа уншигдана.

Гэвч үнэн хэрэгтээ бол ДЭМБ АНУ-ын нөлөөгүй ажиллах болсонтой илүү холбоотой аж.

Аж үйлдвэрийн хувьсгалыг бусдаасаа төрүүлж хийн, мөнгө төгрөгтэй болсон хөгжингүй улсууд бусдыгаа тогтоон барих зорилгоор олон улсыг хамарсан механизм бодож олдог талаар бид өмнө нь “Колоничлох технологи” нийтлэлдээ өгүүлж байсан.

ДЭМБ үүний нэг бөгөөд Рокфеллерийн сангийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан гэдгээ албан ёсны сайтдаа бичсэн байдаг. Арай өөр өнцгөөс харвал, маш хатуу, Дэлхийн Засгийн газар байгуулах туршилт гэмээр дүрэмтэй газар аж. Олон улсын хамгийн том байгууллага болох НҮБ гэхэд л гишүүн улсууддаа зөвлөмж хүргүүлдэг бол  ДЭМБ нь гаргасан шийдвэр болгоныг нь биелүүлэхийг гишүүн улсуудаасаа хатуу шаарддаг байна.

Хүмүүсийн сайн мэдэхээр нь цар тахлын үеэр жишээлэхэд, эмчилгээний арга, хэрэглэх эм тариа бүхэлдээ ДЭМБ-ын хатуу хяналт дор явсан. Олон улсад гарч байгаа судалгаа, эмчилгээний үр дүнг нэгтгэн боловсруулж түгээж байна гэдэг тайлбар өнгөн дээрээ зөв харагдах ч үүний цаана эм, вакцины хэрэглээг хатуу хянаж, Пфайзер гэх мэт цөөхөн вакциныг хүлээн зөвшөөрч байсан нь нөгөө талдаа энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн улсуудыг хүнд байдалд оруулж байсан аж.

Гэхдээ хамгийн гол шалтгаан нь, хэдий энэ байгууллагыг АНУ санхүүжүүлдэг ч яалт ч үгүй олон улсын байгууллага гэдэг утгаараа нөлөөнөөс нь гараад явчихсан байж магадгүй аж. Өөрөөр хэлбэл, Д.Трампын тайлбарлаж байгаа шиг цар тахлын үеэр америкчуудыг сайн эмчлээгүй биш, харин үгэнд нь ороогүй байж магадгүй юм байна.

Тэгэхээр, АНУ ДЭМБ-аас гарсан нь эрх ашигтай салшгүй холбоотой. Харин ДЭМБ-ын тухайд, Тедрос Аданом Гебрейесүс заава өгөхөд гишүүн улсуудын ЭМЯ заавал дагаж мөрддөг глобал Засгийн газар байгуулах туршилт шиг дүрэм журмаа хэрэгжүүлсээр байвал АНУ биш өөр улс /Улс бигш ч байж болно/ байгууллагад хяналтаа тогтоосон гэсэн үг бөгөөд салбараа дорвитой хөгжүүл ж чадсан гишүүд нь ар, араасаа гарах магадлал өндөр юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна