МУИС-ийг хамгаалах нэрийдлээр МҮИС-ийг нухчин дарах ашиг сонирхол хэнийх вэ

Zuv.mn
5 цаг 56 минутын өмнө

Улсын ууган сургууль “үндэсний” гэх үгийг өмчлөх нь үндэслэлтэй юу

Монголын Үндэсний Их сургууль хэмээх нэрнээс үүдэлтэй маргаан өнөөг хүртэл шийдэгдээгүй,  боловсролын салбарт хувийн хэвшлийн нэгэн тод өнгө болж яваа сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүрч байгааг харахад гунигтай байна.

Хэрэг явдлыг эхнээс нь нэхэн саная. Монголын хүн амд дээд боловсрол олгож эхэлсэн уугуул сургууль маань 1942 онд “Улсын Юниверситет” нэртэйгээр анх байгуулагдаж хожим Монгол Улсын Их сургууль нэртэй болсон байдаг. Мөн 1992 онд нэрээ дахин сольж, Монгол Улсын Үндэсний Их сургууль болсон удаатай. Гэхдээ энэ нэрээр удаагүй.

Миний өмнө ерээд онд боловсролын салбарыг толгойлж явсан сайд нарын гаргасан хоёр ч тушаал байна. Эхнийх нь БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаал. Уг тушаалд Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 72 дугаар тогтоолын 3, 4 дүгээр заалтыг үндэслэн, Монгол Улсын Үндэсний их сургууль” /МУҮИС/ хэмээн нэрлэсүгэй” гэжээ. 


Үүнээс дөрвөн жилийн дараа Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1996 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 82 дугаар тушаалаар тус сургуулийн нэрийг дахин өөрчилсөн байна.

Тодруулбал, эхний зүйлд “Үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өөрчлөхгүйгээр Монгол Улсын Үндэсний Их сургуулийг Монгол Улсын Их сургууль гэж нэрлэсүгэй” гээд, 3 дахь зүйлд “Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсролын сайдын “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 1992 оны 476 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” хэмээн цагаан дээр хараар бичжээ. Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, хуулбар үнэн гэсэн дардастай. 

Ийнхүү сайдын тушаалаар “үндэсний” гэх тодотголоо гээн, өмнөх нэрээрээ дахин нэрлэгдэх болжээ.

“Чандмань эрдэнэ” коллеж МҮИС болсон түүх

1998 онд “Чандмань-Эрдэнэ” нэртэйгээр байгуулагдсан коллеж нь БСШУ-ы сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар Монголын үндэсний коллеж хэмээн нэрээ өөрчилж, 2004 онд Монголын үндэсний дээд сургууль,  2013 Монголын үндэсний их сургууль болжээ. Тухай бүрд салбарын сайдын тушаал гарч, ангиллал ахиж байж. Угаас их сургуулийн ангилалд багтсан ямар ч сургууль нэрэндээ статусаа багтаах нь нийтлэг жишиг л дээ. Чухам үүнээс л хожмын маргаан дэгдсэн байдаг. 


Хүчингүй болсон тушаал дээр үндэслэж гаргасан сайдын тушаал, УБЕГ-ын дүгнэлт хууль бус болох нь тогтоогдов

Монгол Улсын их сургууль болон Монголын үндэсний их сургууль гэсэн хоёр нэр монгол хэл дээр товчилж бичихээр төстэй харагддаг. Энэ нь гадаад, дотоодын иргэд андуурч, буруу ташаа мэдээлэл авах нөхцөл байдлыг үүсгэж байна гэсэн үндэслэлээр МУИС-ийн зүгээс 2016 онд шүүхэд хандсан байдаг.

Гэвч 1996 онд салбарын сайд нь тушаал гаргаад хүчингүй болгочихсон нэрийг өмчлөх гэсэн санаархал нь бүтэлгүйтэж, 2017 онд уг асуудлыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна. Угаасаа ямар ч хуулийн этгээд хоёр нэр зэрэг эзэмших боломжгүй шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацаа нь ч хэдийнэ дуусчихсан байж.

Нэрний маргаан ийн эцэслэгдэж, Монголын үндэсний их сургууль заргаа авсан ч хэрэг явдал үүгээр дууссангүй. Өнөөх 1992 оны сайдын тушаалыг өмнөө барьж, нэр давхцаж байна гэсэн үндэслэлээр МҮИС-ийн “их сургууль” гэсэн ангиллыг цуцлан дээд сургууль болгох  шийдвэрийг 2022 онд тухайн үеийн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан гаргасан байна. Түүгээр үл барам УБЕГ-аас 1992 болон 2022 оны сайдын тушаалууд дээр үндэслэн, МҮИС-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгоод авч.


Энэ удаад МҮИС-иас БШУЯ болон УБЕГ-т холбогдох хоёр тусдаа нэхэмжлэл гаргаснаар шүүх дээрх маргаан дахин эхэлжээ.

1992 оны тушаалыг 1996 онд дараагийн сайд нь  тушаал гаргаад хүчингүй болгосныг дээр дурдсан. Тэгэхээр хүчингүй болсон тушаал дээр үндэслэж гаргасан 2022 оны сайдын тушаал ч мөн адил хүчингүй болох нь илтэд тул гурван шатны шүүхээр ялагдсан байна. Чингээд МҮИС-ийг шинээр улсын бүртгэлд бүртгэн, сургалт эрхлэх зөвшөөрлийг  таван жилээр олгожээ. 


Нэгэнт сайд нарын дээрх тушаал хүчингүй гэдгийг шүүх тогтоосон, дээр нь МҮИС-ийг шинээр бүртгэсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт ч мөн ач холбогдолгүй болсон байна. Иймд тухайн дүгнэлтийг үйлдсэн улсын байцаагч Ш.Уртнасан гаргасан гомдлоо буцаан татжээ. 

Гэтэл уг хэрэгт гуравдагчаар оролцож буй МУИС-ийн “итгэмжлэгдсэн төлөөлөгч” давж заалдах хүсэлт гаргасан тул ирэх даваа гарагт тус хэргийг Улсын дээд шүүх дээр хэлэлцэх гэж байна. Шалтгаан нь өнөөх л 1996 онд сайдын тушаалаар хүчингүй болгосон нэрээр далимдуулж, МҮИС-ийг статусаас нь салгах.

Бизнес дээрэмддэг гаж үзэгдлийн ээлжит золиос нь МҮИС болчих вий

МУИС-ийг төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь тус сургуульд хамааралгүй этгээдүүд байгаа нь анхаарал татна. Уг нь урдаа барьдаг улсын их сургууль маань Монголын хамгийн шилдэг сэхээтнүүдийг бэлтгэдэг, бүрэлдэхүүндээ хууль зүйн сургуультай, өчнөөн алдартай хуульчидтай. Гэтэл  дотоод нөөц бололцоогоо ашиглахгүй, “Монгол өмгөөлөгч” ХХК-ийг хөлслөн ажиллуулж байгаагаас харахад, энэ тэмцлийн цаана МУИС биш өөр хэн нэгний ашиг сонирхол байгаа байгаа юм биш үү хэмээн хардахад хүргэж байгаа юм!

Хүчтэй өрсөлдөөнтэй хэдий ч жижигхэн зах зээлтэй боловсролын салбарт 10 мянга гаруй оюутныг нэгэн дээвэр дор цуглуулж, 58 мэргэжлээр сургана гэдэг чамгүй амжилт. Нэр нь хүртэл брэнд болчихсон.

Гэтэл Монгол Улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль хэмээх хоёр нэрийг ялгаж чадахгүй, будилж мунгинана хэмээн монгол залуучуудаа дорд үзэх салбарын сайд асан үнэхээр улсын сургуулийн хувь заяанд санаа зовсон уу гэдэг эргэлзээтэй.

Эрх мэдэл, нөлөөлдөө дулдуйдан, хууль хяналтынхантай үгсэн хуйвалдаж, амжилттай яваа гадаад, дотоодын компаниудыг “буланд шахаж”, булаадаг үзэгдэл манайд хэдийнэ бий болсныг бид бишгүй л харсан. МҮИС ээлжит нэгэн золиос нь болчих вий гэх эмзэглэл энэхүү тэмдэглэлийг бичихэд хүргэлээ. Дүгнэлтийг уншигч танд үлдээе!



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    3 цагийн өмнө

    Нэрийг н хулгайлсан луйвар

    Хариулах
  • 66.181.161.112
    3 цагийн өмнө

    Зөв сэдэв хөнджээ

    Хариулах
  • 71.205.4.58
    3 цагийн өмнө

    Doctoriin tulshnii surgaltiin yavuulj baij universitet boloh yostoi bolov uu daa Manai"ih surguuli" bolgon doctor hamgaaluulah zevleltei bolvol erdmiin zergiin une tsene navs unah bus uu?

    Хариулах