Х.Отгонбат: Хүн хөдөлмөрлөж байхад хэзээ ч хоосон хонож, бусдаас гуйдаггүй

Т.Отгонсувд
5 цаг 58 минутын өмнө

Өөрийгөө ялан дийлж, шалтаг тоочилгүй хөдөлмөрлөж буй эгэл ардыг онцолдог True Story  ярилцлага энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй ч зүгээр суулгүй зүү ороож дайлин оёдог Х.Отгонбаттай ярилцлаа. 

Х.Отгонбат гурван настайдаа авто осолд орж, 13 наснаасаа унаж татдаг өвчтэй болжээ. Багш аав, ээжтэй тэрбээр хичээлдээ явах, сурах чин хүсэлтэй байсан ч ангидаа очоод чанга дуу чимээнд өвчин нь хүндэрч, таталт ойртож байсан тул зургаадугаар ангиасаа сургуулиа орхижээ. 

Одоо тэр 40 гарсан эр болсон. Ээжтэйгээ хамт ногоо тарьж, хамт үйл ураа хийсээр хоёр биедээ хань болж буй. 

Тэрбээр "Анх их унадаг байхад их хэцүү, үхчихмээр л санагддаг байсан. Азаар СХД-ийн алтан гарт эмч нарын ачаар одоо бие минь хавь илүү сайжирсан. Эмээ л цагтаа ууж байх ёстой. 

Бие муутай гээд бүх л хүн эрхлүүлсээр би их залхуу болсон. Харин эмч нар намайг ажилд сургацсан /инээв/. Хүн завгүй байж, ямар нэгэн зүйлд төвлөрч байж өвчнөө мартдаг гэж эмч нар минь хэлж байсан юм. 

Миний ээж хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Ээжээрээ зүү ороож дайлин оёхыг заалгаад одоо арав гаруй жил болж байна. Би чинь дайлингаа бариад суухаараа сэтгэл санаа тогтвортой, надад эмчилгээ болдог юм. Өглөө босоод л хамгийн түрүүнд энийгээ хийгээд суучихна. 

Бусад дайлин урлаачдаас бас суралцаад борлуулж, өрхийнхөө орлогыг олдог болсон. Одоо бараг ээжийнхээ хийсэнг голдог болоод байна.

Хүн хөдөлмөрлөж байхад хэзээ ч хоосон хонож, бусдаас гуйдаггүй. Ээж бид хоёр зундаа хүлэмжинд ногоо тарьдаг. 

Залуус минь хөдөлмөрч байж өөрийгөө бүтээгээрэй. Чи хэнээс ч дутуу биш шүү л гэж хэлмээр байна.  

Хүнтэй нөхөрлөж, хайрлаж үзсэн. Өвчтэй гэдгийг минь сонсоод л алга болчихдог. Гэхдээ насны минь хань бурхан шиг ээж минь байхад надад хангалттай гэж боддог болсон доо" хэмээв. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна