У.Уранчимэг: Хүмүүс намайг хүчирхэг эмэгтэй гэж хардаг. Харин би эсрэгээрээ их уйланхай, их эмзэг

Х.Есү
2025/03/07

Бид энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ Монгол Улсын гавъяат жүжигчин, Хувьсал продакшны захирал У.Уранчимэгийг урьж оролцууллаа.

Олондоо хүчирхэг зоригтой эмэгтэй гэдгээрээ алдаршсан тэрбээр амьдралын олон өнгө, кино урлагийн хувьсал өөрчлөлтийн талаар бидэнтэй ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе

-Сайн байна уу. Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе.

Таныг үзэгчид хүчирхэг зоригтой эмэгтэй гэдгээр нь мэднэ. Гэвч бодит байдал дээр жүжигчин У.Уранчимэг ямар хүн бэ?

-Би амьдралын хэмнэлийг зохион байгуулалт төлөвлөгөө гэж хардаг. Миний хувьд бүх л зүйл төлөвлөгөө, зохион байгуулалт, чухлын дараалал байдаг. Жүжигчин хүн угаасаа энэ биеийг хүмүүст харуулж байгаа учраас би гоё харагдах хэрэгтэй тийм үү. Гоё харагдахдаа бас нэг учиртай харагдах хэрэгтэй. Юу юугүй өөрийгөө чимэглэж биш өөрөөр гоё харагдах хэрэгтэй.

Би өөрийгөө асар өндөр хувийн зохион байгуулалттай гэж боддог. Бас хүнд төвөг удахгүй гэж боддог. Хэрвээ жоохон сэтгэлээр уначихвал сэтгэлээр унаад байдаг байхгүй юу, их эмзэг. Хүмүүс намайг харахаараа дайчин, хүчтэй эмэгтэй гэдэг. Харин би эсрэгээрээ маш их уйланхай, сэтгэл хөдлөл ихтэй хүн.

Та өөрийгөө түрүүлж хайрладаг уу эсвэл бусдыг түрүүлж хайрладаг төрлийн хүн үү?

-Бусдыг түрүүлж хайрлах уу, өөрийгөө түрүүлж хайрлах уу гэвэл би өөрийгөө эхлээд хайрлана. Яагаад гэвэл би өөрийгөө хүмүүст хэрэгтэй гэж боддог. Энэ хувиа бодсон юм шиг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ юу үнэн, тэр үнэн шүү дээ. Би эрүүл байж нөхрөө халамжилна, зээгээ харна, би эрүүл байж хамт олноо удирдан чиглүүлнэ.

Хувьсал продакшн “Аминч” киногоо нээсэн. Голдуу залуу уран бүтээлчид харагдсан. Шинэ залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллах ямархуу байдаг вэ?

-Хувьсал маань киног жил болгон үйлдвэрлэдэггүй. Ерөнхийдөө маш удаан хугацаанд бодож сэтгэж, нухаж байж хоёр жилийн жилд нэг удаа кино хийдэг. Өнгөрсөн наймдугаар сард гарсан “Хувь заяа” кино маань гарах жилээсээ хойшлоод нэлээн удаан дарагдаж байгаад нээсэн. Аминч киноны зураг авалт өнгөрсөн зун хоёр сарын хугацаанд хийгдэж дууссан.

Бид залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор 10 гол дүртэй киноны 9 нь шинэ залуу уран бүтээлчид оролцсон. Хүмүүс шинэ дүр төрх харахыг хүсэж байна. Залуучуудын ур чадвар ямар байхыг харахыг хүсэж байна. Тиймээс би залуу уран бүтээлчдэдээ маш их баярлаж байна.

Миний хувьд залуу хүмүүстэй ажиллах дуртай. Их таатай санагддаг. Илүү дутуу хов жив байхгүй, өөрсдийн мэддэг зүйлийг хийгээд л явчихдаг.

Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?

Үүнийг ярихаар манай Хувьслынхан надад гомдоод байгаа юм. Би ерөнхийдөө уран бүтээлээс зайгаа авах бодолтой байна. Хувийн амьдралдаа хоёр жилийн хугацааг зарцуулмаар санагдаж байна. Өөрийгөө өөрчилмөөр санагдаж байна. Өөртөө байгаа бүх асуудлаа цэгцлээд амьдрал дээр амгалан тайван баймаар санагдаж байна.

Уран бүтээлээс бүр мөсөн холдоно гэж худлаа л байх л даа.

Охин нь саяхан төрөөд, шинэ зээгээ өлгийдөн авсан. Эмээ болсноо анх сонссон мэдрэмж ямархуу байв?

Жүжигчин У.Уранчимэг эмээ болно – ТАС.МН

-Найзууд түрүүлж эмээ болоод л. Танихгүй жоохон хүүхдийн зураг харуулаад л инээгээд яриад байдаг шүү дээ. Тэр нь надад ямар ч сонирхолгүй, тэр яриаг нь хурдан дуусаасай гэж боддог байлаа.

Манай гэрийн хэв маяг чинь их сонин. Ганц охинтой гурвуулхнаа болохоор өглөө гурван тийшээ ажилдаа үсрээд л гарна. Орой цувраад л орж ирдэг нам гүм амьдрал байхгүй юу.

Нам гүм манай гэр бүлийн амьдралд гэнэтийн зүйлс олон болсон. Анх охиноо жирэмсэн болсон гэдгийг нь сонссон чинь их таатай мэдрэмж төрсөн л дөө. Уйлчих гээд ч байгаа юм шиг мэдрэгдсэн.

Нөхөр бид хоёр охиноо жирэмсэн болсон гэдгийг тус тусдаа байхдаа сонссон юм. Охин түрүүлж аав руугаа ярьж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд аав нь сонсчхоод итгэж ядаад л тийм үү миний охин, хүүхдээ гаргана биз дээ гэж асуусан гэсэн. Харин над руу ярихад нь би аан тийм үү за за, болж болж миний охин гэж хэлээд л утсаа тасалсан. Юу ярихаа мэдэхгүй, жингүйдээд байгаа юм шиг л мэдрэмж төрсөн дөө.

За тэгээд л мань өөжөө гарч ирсэн. Өөжөө гэдэг нэрийг би өхөөрдөөд өгчихсөн юм. Би одоо зээдээ донтчихсон байгаа. Сэрэхдээ өөжөөг бодож сэрээд л орой унтахдаа зураг бичлэгийг нь үзээд л их олон юм ярьж байгаад унтана аа нөхөр бид хоёр. Бараг л айлын хүүхдийг булаагаад авчихсан байгаа. 

Хамаг ирээдүй бүх зүйлийг нь л шийдээд байгаа. Энэ бол хэзээ ч мэдэрч байгаагүй маш гоё мэдрэмж. Одоо миний хамгийн чухал ажил бол өөжөө. Мөн зорилго өөжөө болчихсон л байна даа. Эмээ болох бол үнэхээр супер юм билээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.58
    Өчигдөр

    За за Урнаа хэн чамайг хүчирхэг гэээд байгаан нээг сайхан уйлчих тэх үү?

    Хариулах
  • 71.205.4.58
    2025/03/07

    Bayar hurgie Undeg emeeltei bolooroi

    Хариулах