С.Одонтуяа: Аж ахуй нэгжүүд гэр хороололд амьдардаг ажилтнуудынхаа асуудалд хамтын хүчээр зохицуулалт хийнэ

Т.Отгонсувд
8 цаг 33 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төслийн талаар Хотын дарга Х.Нямбаатар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Агаарын бохирдлыг бууруулахыг бүх нийтийн аян болгож, бүх нийтээрээ энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллахаар Засгийн газрын тогтоол гарлаа. 

Үүний хүрээнд бүх аж ахуй нэгжүүд гэр хороололд амьдардаг ажилтнуудынхаа асуудалд хамтын хүчээр зохицуулалт хийж, гэр хорооллын дулаалгыг сайжруулна. 

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад эрдэмтдийн зөвлөл хамтран ажиллаж байгаа.  Эрдэмтдийн зөвлөлөөс гарсан санал, санаачилгуудыг ашиглан орон байрандаа дулаалга хийх гэж байгаа айл өрхүүдэд сонголт өгнө. Түүнчлэн ААН-үүдэд ирэх аравдугаар сараас түүхий нүүрс түлэхийг хориглосон албан бичиг өгсөн.

Мөн Төрийн банкнаас олгодог "Ногоон зээл"-ийн хүүг бууруулж, хүртээмжийг сайжруулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. 

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал ажил бол гэр хорооллын орон сууц, гэрийг дулаалах, пассив орон сууцыг дэмжих юм" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна