Олон хүн хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг бид хаврын ядаргаа, хаврын синдром хэмээн нэрлэдэг. Угтаа бол дээрх шинж тэмдэг илрэх нь жам ёсны зүйл аж.
Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж багагүй зүдэрдэг. Энэ үзэгдлийг манайхан “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг аж.
Энэ үе гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэхдээ хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөрөөр илэрдэг гэнэ.
Тухайлбал, ханатлаа унтсан ч нойр хүрсээр л байдаг. Хамаг бие нозоорч, ажил хийхээс дургүй хүрдэг. Харин зарим хүний бие хямарч, ямар ч юманд дур сонирхолгүй, идэвхгүй болдог байна.
Хүний бие урин дулаан цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог аж. Өөрөөр хэлбэл хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг гэсэн үг. Тиймээс энэ үе шатыг давах гэж яваа хэрэг.
Хүмүүсийн 50-70 хувь нь хаврын ядаргааг илүү их мэдэрдэг гэсэн судалгаа бий. Цаг агаар дулаарахад хүний цусны судасны даралтын хана тэлж даралт буурдаг байна.
Дээр нь хаврын тэнгэрийн тогтворгүй “ааш” хүний даралтыг дээш доош савлуулдаг нь биед нөлөөлдөг хэмээн эрдэмтэд хэлдэг.
Үүнээс үзэхэд хаврын “ядаргаа” өвчин биш. Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж байгаагийн илрэл ажээ.
Өдрийн ядаргааг өдөрт нь тайлах хэрэгтэй
Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш.
Жилийн дөрвөн улирлын турш л ядардаг. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог.
Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж мууддаг шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг.
Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин нозоорлын байдалтайгаар ажилласаар ажлын цагаа дуусгаад гэртээ очиход бие сулбайж зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар байвал танд ядаргаа хуримтлагдаад л бай болно.
Хаврын хямралыг давахын тулд хамгийн түрүүнд зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй
Хооллолт
-Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуул
-Аль болох хөнгөн хооллох. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах хэрэггүй, хэмжээг нь алгуур багасгаж жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ
-Хар шоколад бага багаар ид
-Өөрт шаардлагатай витамин хэрэглэ
-Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз
Хэрэгжүүлбэл зохих хэвшил
-Дасгал хөдөлгөөн хийх (хэт ачаалал бүхий дасгалыг огцом хийхгүй байх)
-Бүлээн шүршүүрт ор (хүйтэн ус эсийг цочоон сэргээдэг тул энэ нь хавар тохиромжгүй)
-Тогтмол цагт унтаж амрах (орой эрт унтаж, өглөө эртлэн босох)
-Бясалгал, иогоор хичээллэ
-Өглөө босоод аяга бүлээн ус уу
-Тод өнгийн хувцас, эдлэл хэрэглэ
Гэхдээ ядаргааны ноцтой шинж тэмдэг илэрвэл хаврын ядаргаа хэмээн тайвшралгүй эмчид хандахыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна