Сошиал орчинд өөрийн хөгжилтэй бичлэгээрээ олонд танигдсан Ким Бу Ён-той ярилцлаа.
Түүний хувьд Солонгос Улсаас Монгол Улсыг зорин ирж амьдарч буй юм. Монголд ирээд долоон жил болсон ба анх сайн дурын ажлаар ирж байжээ.
-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
-Сайн байна уу? Намайг Ким Бу Ён гэдэг. Харин Монгол нэр маань Буянаа. Би Монголд долоо гаруй жил амьдарсан. Дахиж илүү удаан амьдарч үзье гэж бодоод ирсэн юм аа.
-Хамгийн анх Монгол Улсад хэзээ ирсэн бэ?
-Би хамгийн анх 2010 онд Монголд сайн дурын ажлаар ирсэн. Хан-Уул дүүрэгт байдаг 75 дугаар сургуульд Солонгос, Япон, Англи хэл, компьютер программын талаар заадаг багш байсан.
-2010 онд анх удаа Монголд ирэхэд ямар санагдсан бэ? Хүйтэн байсан уу?
-Тэр үед ямар ч байсан их хүйтэн байсан. 11 сар байсан шиг санагдаж байна. Яагаад ийм хүйтэн юм бол оо гэж их бодсон шүү. Монгол бараг дэлхийн хамгийн хүйтэн улсуудын нэг байх аа.
Түүнээс хойш л Монголд амьдармаар санагдсан. Би өөрөө жижиг зүйл дээр их анхаардаг хүн байхгүй юу. Тэгсэн Монголчууд илүү том зүйл дээр төвлөрч амьдардаг юм шиг санагдсан. Тийм болохоор илүү том зүйлийн төлөө амьдармаар санагдаад, Монголчуудаас түүнийг нь сурмаар санагдаад амьдрахаар шийдсэн.
-Монголд амьдрах юу нь гоё байна вэ?
-Хамгийн гол нь Монгол хүмүүс үнэхээр күүл байдаг. Күүл гэдэг нь юуг хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр маргалдаад зодолдсон ч маргааш нь юу ч болоогүй юм шиг зүгээр ээ гээд явж байдаг. Тэр нь их гоё санагдсан.
Япон юм уу Солонгост хүмүүс хоорондоо маргалдсан бол маргааш нь уулзахгүй, найз байхаа болъё гээд больчихдог. Тийм болохоор Монголчуудын тэр зан нь их таалагдсан. Дээрээс нь маш тусч санагдсан.
-Тэгвэл Монголд амьдрахад юу нь хэцүү байна вэ?
-Хамгийн хэцүү зүйл нь түгжрэл биш үү. Гэхдээ түгжрэлээс болж зөндөө алхаж байгаа. Энэ нь миний эрүүл мэндэд их хэрэгтэй гэж бодож байна. Түгжрэлд муу тал байгаа юм чинь сайн тал ч байгаа шүү дээ.
-Монгол хэлийг хэзээнээс эхэлж сурсан бэ? Сайн ярьдаг юм байна шүү дээ.
-Би анх 2010 онд Монголд ирээд эхлээд гурван сар гаран сурсан. Гурван сар сурсан зүйл надад хангалттай байгаагүй. Тийм болохоор би өөрөө илүү судалж, толь бичгээс харж сурсан.
Монгол хэл их хэцүү шүү дээ. Миний бодлоор Монголчууд ярианы соёлтой улс. Япон юм уу Солонгос чинь бичгийн соёлтой улс байхгүй юу. Харин Монголчууд ярианы соёл ихтэй. Тийм болохоор ярианы дасгал их хийх хэрэгтэй гэж бодож байна.
-Инстаграм дээр хөгжилтэй бичлэгүүд их хийдэг шүү дээ. Хэзээнээс ямар зорилгоор бичлэг хийж эхэлсэн бэ?
-Би анхнаасаа хөгжилтэй сонирхолтой бичлэг хийхийн тулд инстаграм нээсэн юм биш. Ууг нь би Монгол хэлээ илүү сайжруулахын тулд сошиал хаяг нээсэн.
Гэхдээ нэг л өдөр миний хаяг сонирхолгүй санагдаад хөгжилтэй бичлэг оруулбал ямар вэ гэж бодоод бичлэгээ хийсэн. Миний бичлэгийг маш олон Монгол хүмүүс үзсэн.
Тэр дундаас надад урам, хүч өгсөн нэг сэтгэгдэл байдаг. Тэр нь юу вэ гэхээр “Ким Бу Ён та чадна шүү, амжилт хүсье” гэсэн байсан. Энэ үгнээс би маш их хүч авсан. Хүмүүс ихэнхдээ миний хийсэн бичлэг дээр хаха гэж инээсэн дүрс дардаг.
-Монголд ирэхээсээ өмнө Монгол гэдэг улсын талаар сонсож байв уу?
-Японд сурч байхад манай ангид хоёр Монгол хүн байсан. Тэр үед л Монголын талаар асууж байсан. Монголын тал нутаг компьютерын дэлгэц дээр байдаг шүү дээ. Ийм уудам тал үнэхээр байдаг юм байхдаа гэж их бодсон.
-Монголд ирээд гоё байгаль үзэж амжсан уу?
-Амжсан шүү. Монголын байгаль үнэхээр гайхалтай. Би анх Дорнод аймагт очиж байсан. Хэрлэн голын дагуу тухтай суугаад, унтаад, сэрээд надад маш гоё байсан. Нээрээ би тухайн үед зүгээр л тэр том уудам газар дэлхийг хараад шууд л гүйсэн. Өөрийгөө яагаад гүйгээд байгааг ойлгоогүй ч маш хурдан гүйгээд л байсан. Энэ уудам тал дээр амьдарч байгаа шүү дээ гэж бодоод л гүйгээд байсан.
Би бас морь унаж үзсэн. Миний унасан морь бараг хамгийн хурдан морь байсан. Дахиад морь унамаар санагдаж байгаа.
-Эхнэртэйгээ Монголд танилцаж байсан гэсэн?
-Тийм. Манай эхнэр бас Монголд сайн дурын ажлаар ирээд бид хоёр анх танилцаж байсан. Одоо бид хоёр охинтой болсон. Би охидууддаа Монгол хэл зааж өгнө гэж бодож байгаа. Бас гэр бүлээрээ Монголын гоё гоё байгалийг очиж үзмээр байна.
-Одоо Монголд байх хугацаандаа илүү гоё дурсамжтай ямар зүйл хийхийг хүсэж байна вэ?
-Би хүнд туслах дуртай. Ойрд надад бодогдож байгаа зүйл нь Монголд байдаг гэргүй хүмүүс юм уу, ядарсан хөгшин настай хүмүүст зориулсан номын сан бүтээе гэж бодож байгаа.
Би Монголд ирээд хүмүүсээс их зүйл авсан гэж бодож байгаа. Тэгэхээр одоо өөрөө бусдад тусалдаг, бусдад өгдөг хүн болмоор байна.
-Ярилцлагынхаа төгсгөлийн үгийг танд үлдээе.
-Би гоё үг хэлмээр байна. Би инстаргам хаяг дээрээ үргэлж хөгжилтэй зүйлс оруулдаг байсан. Гэхдээ одооноос бусдад илүү сайн нөлөө өгөх боломжтой бичлэг оруулахыг хичээнэ ээ. Намайг үргэлж дэмжиж, гоё үг хэлдэг хүмүүстээ маш их баярлалаа.
Мөн та бүхнийг инээлгэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.197
Асуултууд нь ихэнхи нь Монголд Монголд гэсэн байна шүү.
Хариулах