Т.Цэнд-Аюуш: Хүний амь аврах гэдэг чинь бас их зүйл болдог юм билээ

Х.Есү
8 цаг 58 минутын өмнө

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш хүний амь аварсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Дэд ахлагч Т.Цэнд-Аюушийг Цагдаагийн Ерөнхий газраас "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнасан. Энэхүү баярт мөчийг хуваалцаж, хэсэг хором ярилцлаа. 


"Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнуулсанд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Баярлалаа. Энэхүү том тэмдгээр шагнуулна гэж төсөөлсөнгүй үнэхээр их баярлалаа. 

-Хүний амь авардаг өдөр яг юу болсон юм бэ? Тодорхой ярьж өгөөч. 

-Тухайн өдөр албан үүргээ гүйцэтгээд явж байсан. Тухайн дуудлага мэдээлэл орж ирэхэд аль болох түргэн шуурхай очсон.

Эмнэлгийн машинтай сумын төв рүү очиход 10-15 минут болсон. Тухайн гэмтсэн иргэн замдаа 2-3 удаа ухаан алдсан. Би тухайн үед их сандарсан. Эхлээд ухаан алдаж байгааг нь мэдээгүй. Тэгээд амьсгалыг нь шалгахад амьсгалахгүй байгаад байсан. Тэгээд хиймэл амьсгал хийж зүрхэнд нь массаж өгөх ёстой юм байна гэдэг үүднээс л хиймэл амьсгал хийсэн.

Тухайн процессыг би яг одоо тод санадаггүй юм. Өөрөө маш их сандарсан. Хүний амь аврах гэдэг чинь бас их зүйл болдог юм билээ.

Түргэний машин дотор эмч дусал тариагаа залгаад, өвөө нь хажууд суучихсан явж байсан. Тэр хооронд цус алдаж байсан гарыг нь дарчихсан явж байсан. Тухайн иргэн ухаан алдах гээд л байсан. Тийм болохоор болж өгвөл өвөөтэй нь яриулаад дээрээс нь би өөрөө “залуу хүн байна тэсээрэй, чамд хийж бүтээх зүйл зөндөө байна шүү” гэж хэлж сатааруулж байсан.

Аль болох ухаан алдуулахгүйг хичээсэн.

-Эмнэлгийн машинд явж байхдаа хүний амь аварч байна даа гэж бодоогүй, их сандралтай явж байсан бололтой. Ер нь хэзээ “би нээрээ хүний амь аварсан байна шүү дээ” гэж бодсон бэ?

-Эмнэлэг рүү ороод эмчид хүлээлгэж өгөхөд л нэг юм тайвширсан. Эмч намайг харчхаад явж гараа угаа гэж хэлсэн. Цус алдаад байсан болохоор нь хамаг байдгаараа л цусыг нь тогтоох гэж дарсан. Шуугаа бадайртал дарчихсан байсан.

Эмнэлгийн гадаа хамт явсан өвөө гарч ирээд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэр үед гоё байсан.

-Сошиалаар цагдаагийн алба хаагч хүний амь аварлаа гэдэг мэдээлэл чиний зураг дүүрэн явахад ямар санагдсан бэ?

-Сошиалаас хараад, сандарч ичсэн. Хүмүүс харчхаад нөгөө залуу чинь явж байна гээд л. Их сандарсан. Одоо ч хүртэл би сандраад л байна.

Эрдэнэт хүний амь насыг аварна гэдэг юугаар ч үнэлшгүй том зүйл гэж боддог. Залуу алба хаагч нар минь надаас үлгэр дуурайлал, урам зориг аваад албандаа чин шударгаар ажиллаасай гэж хүсэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна