Хэнтийн Норвлин суманд уул уурхайн компанийн 128 ажилтан хоолны хордлого болжээ

Х.Батсайхан
10 цаг 57 минутын өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн үеэр Өмнөговь аймгийн уурхайн ажилчид удаа дараа хордлогод орсон талаар тандалтын албаны дэд захирал Э.Одмаа мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг Өмнөговь аймгаас ирүүлсэн. Бид дөрөвдүгээр сарын 10-нд тэнд мэргэжлийн багийг томилон ажиллуулсан. Нийт гурван том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. Эхний үед 548 хүн, дунд үед 970, сүүлд 802 хүн гээд олон хүн хордлогод өртсөн. Асуумж судалгаа авч, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн нь 15-33 хувьд илэрсэн. Нийт 46 хувьд шинж тэмдэг илэрч, 74 хувийг шинжилгээнд хамруулж чадсан.

Хоол хүнснээс нян илэрсэн байгаа. Өмнөговь аймгаас ХӨСҮТ-д 70, 119, 117 тохиолдол ирж хэвтэн эмчлүүлсэн байна. Насны байдлаар авч үзвэл ихэнх нь 20-30 насныхан байсан. Илэрсэн шинж тэмдэг нь бол толгой өвдөх, гэдэс базлах зэрэг байсан. Хүндэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сүүлд Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж байна. Хоол үйлдвэрлэл, тээвэрлэлтийг стандартын дагуу явуулах зөвлөмжийг уул уурхайн компаниудад хүргүүлж ажиллаж байна" гэв.

Тэрбээр мөн "Уул уурхайн компанийн 32-59 ажилчид хоолонд хордох тохиолдол гардаг. Хамгийн сүүлд энэ сарын 19-нд Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хордлогын сэжигтэй тохиолдол гарсан. Тэднээс 59 хүнд шингэн алдах, суулгах, толгой өвдөх, гэдэс базалж өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ тохиолдол дээр Хэнтий аймгийн ЭМГ ажиллаж байна. Бид дээж авч шинжилгээнд өгсөн. Хариу одоогоор алдаагүй байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна