Төр тариаланчдаа, үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ хулхидсан гурилын салбар

Х.Батсайхан
10 цаг 58 минутын өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 13.30 цагаас хуралдаж, Гурил тэжээл, улаанбуудайн гаалийн татварыг тэглэх хуулийг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Өнгөрсөн оны өдийд ЗГХЭГ-аас гурил, улаан буудай, тэжээлд гаалийн татвар ногдуулахыг болиулах хуулийн төсөл санаачилж, УИХ-аар батлуулсан бөгөөд “Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, нэг жилд гурилын үнийг 78 хувиар өсгөсөн”, ”Зудын нөхцөл байдлаас болж тэжээлийн хомсдол үүссэн” гэдэг шалтгаан дурдсаар шийдүүлсэн байдаг.

Энэ хуулийг мэдээж, газар тариалангийн салбарынхан эсэргүүцсэн ч “Жил бүр 100,000 хүртэлх тонн улаанбуудайг улсын нөөцөд худалдаж авна” гэж хэлж тайвшруулаад батлуулсан. Гэвч намар ургац хураалтын үеэр улсаас тариа худалдаж авалгүй хуурсан бөгөөд тариаланчид “100,000 гэдэгт хэдэн ч тонн орж болохыг тооцсонгүй” хэмээн харамсаж байв.

Төр ингэж тариаланчдаа нэг удаа хуураад гурилын үнэ буулгах зорилгодоо хүрсэн. Сонгуулийн өмнө стратегийн хүнсний үнийг буулгаж очков авах зорилго ч давхар байсан байх.


Гэвч тариаланчид “Ирэх хавар юу тарих вэ” гэдэг асуултад улаанбуудайгаас өөр сонголт хийснээр энэ салбарын нөхцөл байдал, цаашдын төлөв олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, тариалалт хийх талбайн хэмжээ огцом буурч байгаа бөгөөд энэ нь төрөөс эхлүүлэхээр завдаж буй Атрын IV аянтай уялдахгүй болсон хэрэг. Байгаагаа хадгалж үлдэж чадахгүй байж төсвийн өч, төчнөөн хөрөнгө зарж шинэ ажил эхлүүлэх эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой.

Ингээд гурил, тэжэээлд буцаад татвар ногдуулдаг болгохоор Ж.Энхбаяр сайд “Үндэсний үйлдвэрлэл, хараат бус байдал, аюулгүй байдал, хүнсний тусгаар тогтнол” гэх мэт том малгай өмсөөд УИХ руу явж ороод шүүмжлэлд булуулсан билээ.

УИХ-ын дарга, гишүүд “Дотоодод гурилын үйлдвэрүүдийн амбийц дийлдэхгүй, монополь, олигополь үүсгэж, хэрэглэгчийг хохироож байна” гэдэг асуудлыг тавьсан юм. Үнэхээр ч тухайн үед гурилын үйлдвэрүүд үнээ үндэслэлгүй нэмж хэрэглэгчдээ хохироож байна гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг бөгөөд "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тариаланч гэхээсээ илүү морь уядаг гэдгээр нь хүмүүс мэддэг Л.Цандэлэг нарыг шүүхэд өгөхөөр болж байв. 

Өдгөө энэ асуудал олон нийтийн анхаарлыг татсан хэвээр бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор ийнхүү хэлэлцэгдэх гэж байгаа юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.233
    6 цагийн өмнө

    Guriliin uniig uildverlegchid bish hudaldaachid nemdeg shuu dee

    Хариулах