ОБЕГ-т гол, нуур, цөөрмөөс ус цуглуулж түймэрт асгадаг нисдэг тэрэг байхгүй

Х.Есү
9 цаг 9 минутын өмнө

Гал түймэртэй холбоотой асуудлаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: 

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан. Одоо түймрийн цурмыг шалгах ажил хийгдэж байна. Онцгой байдлын ажилтнуудыг татан авч, дараагийн ажиллагаанд оролцуулна.

Өчигдөр нийт таван удаагийн ойн хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой хээрийн дуудлага мэдээллээс гадна нийтдээ 49 удаагийн объектын галт түймрийн дуудлага бүртгэгдсэн. Үүний 27 нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь зуслангийн бүсэд шар өвсний түймрийн дуудлага эзэлж байна.

Онцгой байдлын аврах ангид ашиглагдаж байгаа нисдэг тэрэг нь эрэн хайх, аврах ажиллагаа болон түргэн тусламжид ашиглагддаг. Яг одоо хойд бүс нутаг буюу Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахад ашиглаж байгаа.

Гэхдээ манайд гол, ус, нуур, цөөрөм зэрэг усны эх үүсвэр дээрээс усыг цуглуулан авч, түймэр дээр асгадаг зориулалттай онгоц, нисдэг тэрэгний хангалт байхгүй. Одоо ашиглаж байгаа техник хэрэгслүүд зориулалтаасаа шалтгаалж өөр, өөр байдаг. Объектын түймэрт ашигладаг машин ойн түймэрт ашиглахад хүндрэлтэй. 

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: 

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан.  Оnelife авто мото клуб, ууланд алхагчдын клуб гэх мэт сайн дурын иргэд дэмжлэг үзүүлсэн. Ус авчирч өгсөн тэдгээр хүмүүстээ баярласнаа илэрхийлье.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур болон Зүүнбүрэн суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Зүүнбүрэн суманд гарсан түймэрт 4 монгол гэр, 10 айлын өвөлжөөний хашаа, нэг трактор шатсан байна. 

Гал түймэр болон бусад гамшгийн дуудлагад ашиглах ёстой нисдэг тэргийг сайд нарт ашиглуулж, бүсийн хурал руу авч явсан гэсэн мэдээлэл цацагдаад байна. Үүн дээр тайлбар өгөөч?

ОБЕГ-т эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэг байдаг. Үүнийг гал түймэрт ашиглахдаа салхи болон цаг агаарын нөхцөл байдал нислэгийн аюулгүй байдал, эрсдлийг тооцоолж ашигладаг.

Одоогийн байдлаар нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймэрт ашиглаж байна. Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариу хэлье" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна