НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ: Хэлэлцэгдэж эхлэхээс өмнө мэдвэл зохих зүйлс

Х.Батсайхан
7 цаг 5 минутын өмнө

Дээр үед улс орны хөгжлийн тулгуур багана нь байгалийн баялаг, аж үйлдвэр, ажиллах хүч байсан бол одоо технологи, хуримтлал гэсэн хоёр тулгуур бусдаасаа илүү жин дарах болжээ. Өнөөдөр дэлхий дээр технологи, хуримтлалтай улсууд илүү амжилттай байж, байгалийн баялаг, ажиллах хүчтэй улсуудад нөлөөгөө тогтоож байна. Хуримтлалын сангууд дотроо Тэтгэврийн сан хамгийн том, иргэдийн амьдралд нөлөөтэй нь байх юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь иргэд тэтгэврийн насанд хүрснийхээ дараа л шимтгэлийнхээ өгөөжийг хүртдэг байсан бол одоо НДШ төлж байгаа иргэн тэтгэвэрт гараагүй байхдаа л үр шимийг нь хүртдэг болсон. Гэхдээ энд хүртлээ нэлээд зам туулдаг бололтой. Манай улсын хувьд энэ зам руу орох уу, байх уу хэмээн дэгэж дэрвэж байгаа гэж төсөөлж болно. Зөв.мн энэ удаад удахгүй УИХ-аар орж сэдэв болох гэж буй Нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо гэсэн сэдвийг онцоллоо.

НДШ дарамт болж хувирсан шалтгаан буюу Валютын сангийн барьсан бэлэг

Монгол Улс Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсний дараа үүсэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахын тулд 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт (Extended fund facility) хамрагдаж, сангаас 440 сая ам.доллар, хандивлагч орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авсан билээ. Хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс ОУВСгийн өмнө 8 үүрэг авсан бөгөөд тэдгээрийг /Төсөв танах, үргүй зардлаа бууруулах, халамжийг багасгах гэх мэт/ үндсэндээ биелүүлээгүй. Харин иргэдийн орлого, амьжиргаанд шууд нөлөөлөх “НДШ-ийг 5 хувиар нэмэх”, “Тэтгэврийн насыг 20 жилийн турш жилд зургаан сараар нэмэгдүүлэх” гэсэн үүргээ ягштал мөрдөж буй. Энэ дагуу НДШ-ийг 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2021 онд 2.0%-иар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Харин тэтгэврийн насны тухайд, жилд зургаан сараар нэмэгдэж явсаар 20 жилийн дараа эрэгтэй хүн 70, эмэгтэй хүн 65 насандаа тэтгэвэрт гарах зохицуулалтаар явж байна. 

ОУВС ийнхүү Монголд дөрвөн жил ажиллаад гарахдаа монголчуудын амьдралд 20 жил нөлөөлөх өөрчлөлтийг хийлгээд явжээ. Гэхдээ үүнийг буруу талаас нь биш, тэтгэврийн тогтолцоондоо эрс шинэчлэл хийхийг сануулсан гэдэг талаас нь харвал бидэнд өгөөжтэй. Өөрөөр хэлбэл, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын, эс бөгөөс бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэцгээж байгаа юм.

Тэтгэврийн тогтолцооны хэлэбэрүүд

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ

 -“Эв санааны нэгдлийн” буюу хуваарилалтын тогтолцоо

 -Хагас хуримтлалын тогтолцоо

 -Бүрэн хуримтлалын тогтолцоо гэсэн гурван зарчмыг баримталдаг юм байна.

“Эв санааны нэгдлийн” гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтолцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн насныханд хуваарилдаг.

Бидний өвөө, эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг.

Хагас хуримтлалын буюу хуримтлалын тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг.

Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, нэг мөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг аж. Мэдээж, хагас хуримтлалын тогтолцооны үед бүх мөнгийг нь өгөхгүй тодорхой хэмжээ заана. Хэрвээ энэ тогтолцоонд шилжсэн тохиолдолд нэрийн дансан дахь мөнгө жинхэнэ утгаараа тухайн хүний хөрөнгө болж, тэтгэвэрт гараагүй байхдаа ч аж амьдралдаа ашигтай байлгах нөхцөл бүрддэг байна. Бидний эцсийн зорилго чухам энэ юм.

Дэлхийн улс орнуудын онцлог, чиг хандлага

Хөгжлийн түвшин, хүн амын амьдралын онцлог, насжилт, иргэдийн хандлага зэрэгтэй холбоотойгоор улс орон бүрт нийгмийн даатгалын харилцан адилгүй тогтолцоо үйлчилж байдаг. Гэхдээ даатгалын тогтолцоо анх үүссэн гэдэг утгаараа Европын улс орнуудынх илүү олон жилийн түүхтэй, олон удаа шинэчлэгдэн төгөлдөршсөн учир энэ тал дээр бусдаас нэг алхам түрүүлж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ тивийн зарим улс хуваарилалтын тогтолцооноос хуваарилалт-хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг хийгээд бараг дуусч байгаа юм. Тухайлбал, Швед улс 1999  оноос нийгмийн даатгалын тогтолцоон дээрээ хууль ёсны хувийн “шимтгэлийн тэтгэвэр”-ийн тогтолцоог мөрдөж эхэлсэн байдаг. Даатгал өндөр хөгжсөн, боловсронгуй тогтолцоотой улс орнуудын мөрддөг “Нийгмийн даатгалд бүх хүнийг хамруулах ёстой” гэсэн зарчмын үндсэн дээр ийнхүү хуваарилалт-хуримтлалын арга хэрэглэх болсноор дээр дурдсанчлан, шударга ёс, хүмүүнлэгийн зарчмыг хадгалж үлджээ.

Манай урд хөрш БНХАУ-ын нийгмийн даатгал нь “Орон нутгийн нийгмийн даатгал”, “Хувийн тэтгэврийн данс” гэсэн хоёр шаталсан тогтолцоотой. “Орон нутгийн нийгмийн даатгал”-д даатгуулагч шимтгэл төлдөггүй, зөвхөн ажил олгогч цалингийн дунджаас 20 хувиар шимтгэл төлдөг. Даатгуулагчаас гарах шимтгэл хувийн тэтгэврийн дансанд хуримтлагддаг онцлогтой. Энэ нь хагас хуримтлалын тогтолцооны шинжийг хадгалсан ч датгуулагчаас төлөх шимтгэлийн хувь хэмжээ маш бага /татвар ногдуулах орлогын 3 хувь/ учир эрсдлийг хаах, даатгуулагчийн амьдралыг цаашид хангах баталгаа болж чаддаггүй сул талтай. Хуримтлалын тогтолцоог хэлбэр төдий оруулж өгсөн гэж хэлж ч болох юм.

Улс орнууд нийгмийн даатгалыг өтлөх, өвчлөх, осолдож гэмтэх, бэлэвсрэх, ажилгүйдэх зэрэг эрсдэлээс иргэдийг хамгаалах, үүрэх эрсдэлийг бууруулах зорилготой гэдэгт санал нэгддэг бөгөөд энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг. Даатгуулагчид үзүүлэх үйлчилгээг

-Тэтгэвэр ба орлогын хамгаалал

-Эрүүл мэндийн даатгал ба хөдөлмөрийн чадвар алдалтын хамгаалал

-Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн хамгаалалт

-Нийгмийн халамж, гэр бүлийн тусламж гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлдэг.

Гэхдээ тухайн улсын эдийн засгийн чадамж, хөгжлийн төвшин, давтагдашгүй онцлого зэргээс шалтгаалаад даатгалын төрлүүд олон, эсвэл цөөн, авах үйлчилгээний хэмжээ их, бага байж болно.

Тухайлбал, Япон, Англи, Франц, Швед, АНУ, Австрали зэрэг оронд дээрх дөрвөн чиглэлийн хамгаалалыг даатгалын тогтолцоондоо бүрэн оруулж өгсөн байдаг бол БНХАУ, БНСУ-д олон хүүхэдтэйн тэтгэмж, Индонезид олон хүүхэдтэй гэр бүлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэсэн ойлголт байдаггүй байна.

“Залуусын” гэх тодотголоо гээж буй Монгол Улсад ямар тогтолцоо ашигтай вэ

Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг.

Энэ тогтолцоо нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг онцлогтой. Хүн ам эрчимтэй өсч байсан 1960-аад оны үед энэ тогтолцоо яах аргагүй манай улсад хамгийн сайн тохирч байж. 1990-ээд оныг хүртэл иймээрээ л байжээ. Цаашдаа 2030-аад он хүртэл энэ чигээрээ ашигтай байх тооцоо ч гарч байлаа. Гэтэл чухам 1990 оноос хойш тооцоолоогүй хүндрэл гарч иржээ. Ардчилсан хувьсгал ялсны дараа үйлдвэр аж ахуйн газрууд дампуурч, улсаараа шахам ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн, энэ хүндрэлээсээ одоо болтол бүрэн гарч чадаагүй нь өнөөгийн хүндрэлийг эхийг тавьсан байна. Манай Улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. 

Хүн амын насжилт нэмэгдэж байгаа тул 2030, цаашлаад 2035 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо улам өсөж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх, эс бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах нь гарцаагүй байна. Тиймээс хагас, болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг нэн даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.   

“Нэрийн данс”ны хуулийн одоогийн утга иргэдэд ашиггүй

1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалтын тогтолцоогоо хадгалж байгаа учраас бүрэн утгаар нь шинэчлэл хийсэн гэж үзэж болохгүй юм.

Яагаад гэвэл, даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Нэг, эсвэл таван жил тэтгэвэр аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилждэг хэвээр байна гэсэн үг.

Хүүхэд болоод ар гэрийнхэнд  нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт ч огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг. Тэгэхээр нэрийн дансны хууль гарлаа гээд тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчилсөн гэсэн үг биш. Дахин хэлэхэд, иргэдээ нэрийн данстай болгосон нь одоогоор төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа агуулга давамгайлж, иргэндээ илүү боломж олгож байгаа агуулга нь 0-тэй тэнцэж байна. Төр мөнгө олоод иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шууд шилжих боломжийг хадгалж буй нь л одоогоор энэ хуулийн иргэнд чиглэсэн ганц ашиг. Гэхдээ нэрийн дансаа мөнгөжүүлж байж л энэ ашиг нь гарах юм.

Эрх баригчид дэлхий нийтийн чиг хандлагыг баримжаалж, хуримтлалын тогтолцоо руу явах ёстой гэдэг итгэлтэйгээр нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлаа хийгээд явсан бол өдийд тэтгэврийн сан даатгуулагч хийгээд улс оронд маш олон давуу талуудыг үүсгэсэн байх байв.  

Хувийн тэтгэврийн тухай хууль эцсийн шийдэл биш

Уншигч авхай одоо УИХ-аар яг ямар хуулийн төсөл хэлэлцэх вэ" гэж асуух гэж бэлдэж байж магадгүй. “УИХ-д өргөн баригдчихаад батлагдаагүй Хувийн тэтгэврийн сангийн  тухай хуулийн талаар яагаад дурдахгүй байна” гэж бодож байж ч магад. 

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг 2021 онд УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч батлагдаагүй байгаа. Энэхүү төсөлд зааснаар даатгуулагч буюу иргэн нь Тэтгэврийн даатгалын санд төлж буй шимтгэлээс 2 хувь, ажил олгогч нь 2 хувь, нийт 4 хувийг өөрийн сонгосон Хувийн тэтгэврийн санд төлж болох, ингэхдээ  ажилтнаас төлөх нийт шимтгэлийн хэмжээ болох 26 хувь дотроо зохицуулалт хийхээр оруулж ирсэн.

Гэвч УИХ буцаачихсан юм. Учир нь шалтгаан нь Засгийн газраас хуулийн төслийг орж ирсэн агуулгаар нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж, зэрэгцүүлээд бас нэг хуулийн төсөл оруулаад ирсэн. Энэ хуульд болохоор "Хувийн тэтгэврийн сан Нийгмийн даатгалын санд ачаалал нэмэх ёсгүй" гэсэн агуулга тусгаж, хатуу байр суурьтай байсан тул УИХ "Хоёр хуулиа нэгтгээд оруулж ир" гээд буцаачихсан юм.

Засгийн газар юу гэсэн бэ гэвэл, "Хувийн тэтгэврийн тогтолцоо байж болно оо, гэхдээ иргэн хүсвэл 26 хувь дээрээ нэмж шимтгэл төл" гэсэн. Асуудал эндээс л эхэлж, батлагдалгүй өдийг хүрч байгаа юм. Тухайн үеийн Засгийн газрын байр суурийг оруулсан хуулиар явбал бид одоо төлж байгаа шимтгэл дээрээ хүсвэл хувийн тэтгэврийн санд нэмж хуримтлал үүсгэх хэрэгтэй болно. НДШ-д төлж байгаа хувь хэмжээ одоо ч өндөр байгаа. Гэтэл дээр нь хувийн тэгэврийн санд нэмж мөнгө өгчихөөд хэдээр нь амьдралаа залгуулах вэ.    

Тиймээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль Н.Учрал нарын таван гишүүний анх санаачилснаар буюу хувийн тэтгэврийн санг иргэд одоо төлж байгаа 26 хувийн шимтгэлийнхээ тодорхой хувийг шилжүүлэх замаар байгуулахаар батлагдвал шинэчлэл болно. Харин Засгийн газраас санал болгож байгаа өөрчлөлтийг хийчихвэл одоо аль хэдийнэ хэрэгжиж байгаа хувийн тэтгэврийн сангуудын үйл ажиллагааг л хуульчлахаас хэтрэхгүй. Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх нь үндсэндээ гар дээр авсан цалингаасаа банкинд хуримтлал үүсгэхээс нэг их ялгаа байхгүй юм. Энэ нийтлэлд хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг шинэчлэл гэж хөөрцөглөхгүй байгаагийн учир ийм. Хүн амын ихэнх нь бага, дундаж цалинтай манайх шиг улс ийм “завсрын” хууль баталж цаг алдаж байхаар одоо төлж байгаа шимтгэлээрээ шууд хуримтлалын тогтолцоонд шилжихээ бодсон нь хавьгүй дээр шийдэл.

Хуримтлалын тогтолцоо

Иргэдийн чин хүсэл нь хуримтлуулж байгаа мөнгөө тэтгэвэрт гарсныхаа дараа биш, тэтгэвэрт гараагүй байхдаа аж амьдралдаа ашигладаг байх. Ийм боломжийг бүрдүүлсэн улсууд хөгжиж, иргэд нь ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл тэнгэр алхаж байна.

Тэгэхээр бид цаашдаа хуваарилалтын тогтолцооноос татгалзаж, хуримтлалын тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг хийхэд улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх мөнгө хэрэг болно. Гэсэн ч хийх хэрэгтэй юм. Мэдээж 10 хэдэн их наяд төгрөг нэг дор олох боломж хомс. Харин эхний ээлжинд тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ дансыг мөнгөжүүлээд явах бололцоо бол бий. Төр энэ ажлаа хурдан хийж эхлүүлэх хэрэгтэй байна. Учир нь, төр хоёр ч удаа иргэдээсээ нүүрээ буруулчихсан. 1960 оноос хойш төрсөн иргэд ялангуяа эмэгтэйчүүд хуулийн дагуу 2015 оноос тэтгэвэрт гарч эхэлсэн ч дансыг нь мөнгөжүүлээгүй. Улмаар тэтгэврийн насыг хойшлуулах аргад шилжлээ. Тэтгэврийг дурын дараалсан 5 жилийн цалингийн дунджаас тооцдог байсныг 7 болгож нэмэгдүүлсэн нь ч бас л хорлонтой л үйлдэл байсан юм. Хаа очиж Д.Пүрэвдорж гишүүн тэргүүтэй гишүүд дуугарч байж буцаасан байх.

Тэгэхээр, одоо бидэнд хамгийн тулгамдсан асуудал бол  одоо тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлэх болоод байна. Цаашдаа эхний ээлжинд гарч байгаа иргэдийн гэлтгүй бусад бүх иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийхгүй бол иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл бөхөх гээд байна.

Халаасандаа мөнгөтэй, түүнийхээ хэмжээг яг таг мэддэг хүн бусдаас арай өөдрөг, сэтгэл санаа тэнэгэр явдаг бичигдээгүй хуультай.

Түүн шиг ядаж л “Нэрийн дансандаа мөнгөтэй хүн шүү би” гэж тайвшрах бололцоог иргэдэдээ олго л доо. Хэрвээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол цаашлаад хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөл бүрдэнэ. Тухайн хүн төрөөс зүгээр мөнгө нэхээгүй, өөрийнх нь хурааж хуримтлуулсан хөрөнгө шүү дээ.

Улс төрчид баталсан хуулиа хэрэгжүүлж, амласнаа хийдэг байя. Гэхдээ бэлэн мөнгө өгч шээс баас болгох биш, дэлхийн чиг баримжаатай, устаж алга болох биш, арвижин батаждаг ажилд мөнгө зарж хэвшмээр байна. Иргэдийнхээ нэрийн дансыг нь мөнгөжүүлж, Тэтгэврийн сангаа босгоод авбал дансны эзэн хуримтлалаа барьцаалан зээл авах, ипотекийн зээлийн баталгаа болгох гэх мэтээр амьдралдаа ашиглах боломж бүрдэнэ. Ийм боломж бүрдүүлж өгөх ч ёстой.

Цаг хугацаа явдгаараа явж, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэн “Эв хамтын тогтолцоо” ашиггүй болох үе ирж л таарна. Мэргэжилтнүүд тэр хугацааг 2037 он гэж тооцож байгаа юм билээ. Тэр үед нэрийн дансаар тэтгэвэр тогтоодог системд хүссэн хүсээгүй шилжинэ гэсэн үг. Ийм байхад хуулиа улам дэвшилтэт болгон өөрчилж, нэрийн дансаа бага багаар мөнгөжүүлж явсаар 2037 онтой золгох нь хамгийн оновчтой шийдэл баймаар. Гэтэл үгүй гэнэ. Эрх баригчид асуудлыг шийдэх өөр гарц олсноо аль хэдийнэ ард түмэнд танилцуулсныг та бид мэдэж байгаа. Тэр нь “2037 он гэхэд иргэдийг 65 насандаа тэтгэвэрт гаргадаг болох. Үүнээс дээр арга бодож олоогүй нь үнэхээр харамсалтай. 

Нийгмийн даатгалын сангаас банкуудад бага хүүтэй байршуулж болж байхад тэтгэврийн зээлийн эх үүсвэр, ипотекийн зээлийн барьцаа болгож ашиглах боломж бүрэн бий. Салхит, Хармагтай шиг орд олоод бэлэн мөнгө болгож тараах биш, Тэтгэврийн сангаа тэтгэх, нэрийн дансаа мөнгөжүүлэхэд ашиглаж уг нь болно. Гэтэл "Хулгай хийчихнэ" гээд бартерыг зөвшөөрөхгүй гэдийгээд хэвчихэж байгаа байдал ч харагдана. 

Ирээдүйд зайлбаргүй ирэх зовлонгоос бултая гэвэл ард иргэд  хуримтлалтай болох ёстой. Гэвч бололцоо үнэхээр алга байна. 

Одоо НДШ гэх мэт иргэдийн эмзэг асуудлыг хөндөх гэж байгаа үед улстөрчдөд өгөх нэг зөвлөгөө байна. "Бага шиг нарги, бүү тансагла". Битгий амла, ард иргэд улстөрчдөөс амлаагүй зүйлийг нь нэхдэггүй. “Цар тахлаар халхавчлан цар тахлын дараа ч өөрчлөхөд хэцүү хууль баталж байна” гэдэг шиг хоёр, гурван жилийн хүндрэл бэрхшээлийг аргалаад 20, 30 жилийн зовлонгоор сольдгоо больё.

Эцэст нь, УИХ "Нэгтгэ" гээд буцаасан хоёр хуулийн талаар санаачлагчид нь юу гэж ярьж байсныг хүргэе /Алан тушаал, харъяа байгууллага тухайн үеийн нэрээр/. 

Н.Ариунзаяа: Н.Учрал гишүүний санаачилсан төсөл батлагдвал Нийгмийн даатгалын санд сөргөөр нөлөөлнө  

/Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам/

Засгийн газар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл хоёрын суурь нь нэг юм. Гэхдээ Засгийн газар хувийн тэтгэврийн хуримтлал нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх буюу Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.  

Н.Учрал гишүүний санаачилсан төсөл батлагдвал Нийгмийн даатгалын санд сөргөөр нөлөөлнө. Яагаад гэвэл одоогийн төлж байгаа шимтгэлээс ажил олгогчийн 2 хувь, ажилтны 2 хувийг албан журмаар хувийн сангууд руу татаж авах гээд байгаа юм. Тэр сангууд хэзээ, хэнд, яаж үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь хуулин дээр тодорхой биш байна. Тиймээс сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэйг хэлэлцээд, хамт өргөн барих нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн. 

 

Н.Учрал: 90-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна.

(УИХ-ын гишүүн)

Өнөөдрийн ТББ байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа тэтгэврийн сангууд энэ хуулийн дагуу бүгд шинээр тусгай зөвшөөрөлтэй болох шаардлага үүснэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавина. Ингэж эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна. Олон жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаад сүүлийн хэдэн жилд нь өндөр шимтгэл төлсөн хүн, насаараа өндөр, шударгаар төлсөн хүн хоёр адил хэмжээний тэтгэвэр авдаг шударга бус байдал цэгцэрнэ.  

90-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна. Өөрөөр хэлбэл, гурван залуу хүн нэг ахмад настны тэтгэвэр төлж байгаа. Энэ байдал 2040 онд 1:1 болох юм билээ. 

Тиймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжихийн тулд эхлээд хувийн тэтгэврийн хуулиа баталж гаргаад, дараа нь хуримтлалд суурилсан төрийн тэтгэврийн сангаа байгуулъя. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.