Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал ноёрхох болсонтой холбоотойгоор улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Манай улс ч энэ жишгээр, алтны олборлолтоо нэмэгдүүлэхээр “Алт III” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Бараг бүх хэрэглээгээ импортоор хангадаг манай улсын хувьд валют бол чин үнэнийг хэлэхэд оршин тогтнох баталгаа. Харин алт бол хэзээ ч чөлөөтэй хөрвөдөг, валютын хамгийн найдвартай эх сурвалж.
Чухам энэ шинж чанар нь алтны эрэлтийг өсгөж, үнэ ханш нь жилээр биш, сараар өсөж байна. Улс гүрнүүд бүгд нэг тийшээ хөшуурна гэдэг цаагуураа “юм хэлдэг”. Яг одоо алтны зах зээлд өрнөж байгаа үйл явцыг харвал бүгд алтыг одоо биш, ирээдүйд зориулан худалдан авч, хөрөнгө оруулалт хийж байгаа нь ажиглагдаж буй. Өөрөөр хэлбэл, хүнд хэцүү цаг ирэхэд хэрэглэх үүцээ бэлдэж байна.
Манай улсын хувьд ч тэр, “үнэтэй байгаа дээр нь заръя” гэхээсээ илүү тусгаар тогтнол, оршихуйгаа авч үлдэх, аль болох удаан тэсэх өрсөлдөөнд бусадтай л адилхан ханцуй шамлан орж байгаа байдал харагдана.
Бид энэ оны эхний дөрвөн сард 3.5 тэрбум ам.долларын бараа импортолсон гэхээр 900 орчим тэрбум ам.доллараар нэг сар амьдардаг гэсэн үг. Гэтэл одоо Монголбанкинд байгаа ам.долларын нөөц 5 тэрбум гаруй. Үндсэндээ хэвийн байдлаар хагас жил ч тэсэхээргүй валютын нөөцтэй улс байгаад байна. Тэрнээс цаашаа эдийн засаг, улс төр ээлж дараалан тогтворгүйтэж, цаашаа эмх замбараагүй байдал руу очих нь гарцаагүй. Эрсдэл нь чухамдаа ийм том учраас л алтанд анхаарал тавиад байгаа хэрэг. Учир нь, нүүрс, бусад түүхий эд бол валютын нэг эх сурвалж болохоос тулсан үед аврах чадамж нь алтнаас хамаагүй бага юм.
“Алт III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Урт нэртэй хуулийн үйлчлэлийг зарим газарт хязгаарлах шаардлага үүсэж байгаа гэсэн мэдээлэл гарч буй. Хууль өөрчлөлт оруулна гэхээр асуудлыг УИХ шийдэж таарна. Тэгвэл “Алт III” хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Б.Бат-Эрдэнэ: Хил дагасан алтаа ашиглах ёстой
/УИХ-ын гишүүн/
Манайхан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлахдаа хилийн дагуух ашигт малтмалтай бүс нутгаа хамруулж алдаа гаргасан. БНХАУ, ОХУ хил дагасан ашигт малтмалаа түрүүлж авдаг. Бид энэ алдаагаа засах ёстой. Хуулиа өөрчилж байгаад ч хамаагүй хил дагуу байгаа алт, бусад ашигт малтмалаа авах л ёстой. Нутгийн гүнд байгаа ашигт малтмалыг бол хэзээ ч ашиглаж болно.
Д.Жаргалсайхан: Алтаа олборлох нь нэг талдаа зөв
/УИХ-ын гишүүн/
"Улсын төсөв тасарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон шүү дээ. Тиймээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь "Алт-3" хөтөлбөр гэж ярьж байна. Алтаа олборлох нь нэг талдаа зөв. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ усны сав газруудыг ухаад, голын голдирлыг өөрчилвөл утгагүй болно л доо. Эргээд сэргээх нь асуудал болж хувирна. Өөр аргаар олборлох нь зөв гэж бодож байна”
С.Зулпхар: Өөрсдөдөө байгаа баялгаа бид ашиглах л ёстой
/УИХ-ын гишүүн/
Алт үнэтэй болчихлоо, эдийн засаг хүндэрлээ гэдэг үүднээс энэ асуудлыг хөнлдөж байгаа хэрэг биш байх. Ер нь бол, улс орон маань тэртэй тэргүй ойрын хэдэн жилдээ уул уурхайгаас хараат байх нь тодорхой учраас ашиглаж чадах баялгаа ашиглах л ёстой. Улсаа хөгжүүлье гэвэл ямар ч хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
П.Мөнхтулга: “Алт III” хөтөлбөрийг хариуцлагатай уул уурхай талаас нь хэрэгжүүлэх хэрэгтэй
/УИХ-ын гишүүн/
Манай улсын иргэдийн амьдралын анар, төгрөгийн ханш гадаад худалдааны тэнцлээс шалтгаалдаг. Тэгэхээр, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, хүлээлтийн байдалд шилжсэн энэ үед төсвийн зарлагаа багасгаж, экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм үед “Алт III” хөтөлбөрийг хариуцлагатай уул уурхай талаас нь хэрэгжүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдээ экспортлох зэргээр төлбөрийн тэнцлээ л тогтвортой барьж явах шаардлагатай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна