УИХ 2009 онд “Урт нэртэй хууль” /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль/ гэж нэршсэн алдартай хууль баталж, зарим бүс нутагт гамшгийн хэмжээнд хүрээд байсан хууль бус, замбараагүй алт олборлолтыг таслан зогсоож байв. Яг тэр жилээсээ буюу 2009 оноос алтны салбар унаж эхлэн, жилдээ 24 тонн хүртэл өсөөд байсан алт тушаалт дараа жил нь л /2010 он/ шууд хоёр тонн болтлоо буурсан байдаг. Алт олборлолт буурах нь улс орны эдийн засагт мэдээж, ашиггүй. Гэсэн ч олборлох технологи, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, орон нутагт өгөх өгөөж байхгүй, тийм ч учраас нутгийн иргэдийн эсэргүүцэл ихтэй гэх мэт, “Урт нэртэй хууль” батлах болсон үндсэн шалтгаанууд арилахгүй яваад байсан тул хуулиа цуцлалгүй явж ирсэн.
Алтны томоохон шороон ордууд гол, мөрний дагуу байдаг нийтлэг зүй тогтол бий. Урт нэртэй хууль батлагдсанаар Монгол Улс алтны салбарт ажиллаж байсан нийт уурхайнуудынхаа 40 хувийг хаасан гэсэн тоо байдаг юм билээ. Ингээд хуулийн үйлчлэлд ороогүй үлдсэн 60 хувь болох уурхайн /Үндсэн ордууд/ олборлолтыг өсгөхийн тулд АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг болох таван хувиас 2.5 хувь болгож бууруулах арга хэмжээг 2014 оноос хэрэгжүүлж, 2019 он хүртэл үргэлжлүүлсэн юм.
Энэ бодлогын дүнд алт тушаалт 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн гэх мэтээр аажмаар өсөж, 20 тонн руу ойртсон. Өөрөөр хэлбэл, тодорхой үр дүн гарсан. Гэвч Алтаа Монголбанкинд тушаах эсэх нь алт олборлогчдын өөрсдийнх нь хүсэл сонирхлоос шалтгаалдаг мэт буруу ойлголтыг нийгэмд төрүүлсэн байдаг. Тодруулбал, алт тушаалт 2019 он хүртэл өсөж байснаа хөнгөлөлт хүчингүй болсны дараа шууд 80 хувиар буурах зэрэг үгсэн тохирсон мэт үйлдлийг гаргаж байсан түүхтэй.
Ашигт малтмал ашигласны төлбөр бол одоо дээдэс, доодосгүй сайн мэдэх болсон Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэдэг заалтыг хэрэгжүүлдэг ганц төлбөр. Татвар биш, төлбөр бөгөөд ААН нь ард түмний өмч болох хөрсөн доорх баялгийг олборлосныхоо төлөө өмчийн эзэн болох ард түмэнд буюу түүнийг төлөөлсөн төрд шууд төлдөг төлбөр юм. “Урт нэртэй хууль”-ийн үйлчлэлээс үлдэж хоцорсон алтны салбарынхан улс орны валютын эх сурвалжийн гол орлогыг бүрдүүлж байгаа гэдэгтээ оодрон энэ төлбөрийг жижшиг хувиас тогтмол хоёр дахин бага байлгахыг санаархсан байдаг. Ашиг олохыг эцсийн зорилгоо болгосон хувийн хэвшлийн ААН-үүд тул үүнийг буруутгах ч аргагүй. Гэхдээ тэглээ гээд ард түмэнд өгөх ёстой төлбөрийг хоёр дахин бага байлгаад байж болохгүй тул уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудалд илүү анхаарал тавих болсон юм.
Яг одоо алтны зарим ордуудыг “Урт нэртэй хууль”-ийн үйлчлэлээс гаргах асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Алт олборлогчдоос болж байгаль орчин сүйдэж, баялгаа ашиглуулж байгаа орон нутагт ч ашиггүй байсан учраас 2009 онд “Урт нэртэй хууль” бол яалт ч үгүй нийгмийн захиалга болсон хууль байсан. Харин түүнээс хойш улс орны нөхцөл байдал дээрдэж, хууль эрхзйн орчин ч тодорхой хэмжээгээр шинэчлэгдсэн тул “Шаардлага хангасан ААН-үүдэд эрхийг нь өгье” гэдэг байдлаар орж ирэх бололтой.
Тодорхой хэлбэл, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт “ААН-үүд уурхайчдынхаа тохь тухтай ажиллах орчныг бүрдүүлдэг болсон, “Уул уурхайн салбарын ААН-үүдийн олсон орлогоос орон нутагт тодорхой хувь ногддог болсон” гэх мэт дэвшилтэт өөрчлөлтүүд гарсан учраас алтны стратегийн ач холбогдол өсөн нэмэгдэж, улс орны сөрөн тэсвэрлэх чадвартай холбогдож байгаа энэ үед хуулийн шаардлагуудыг хангаж ажиллах, нөхөн сэргээлт хийх хөрөнгийг дундын дансанд урьдчилж байршуулах хөрөнгө санхүүгийн боломжтой компаниудын эзэмшиж буй алтны ордуудыг хуулийн үйлчлэлээс гаргах асуудал яригдах нь.
Алтны салбар манай валютын орлогын 5 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн тул олборлолтоо нэмэгдүүлж чадвал жин нөлөө нь нэмэгдэх боломжтой. Бусад ашигт малтмалын үнэ унаснаас үүдэлтэй төсвийн алдагдлыг багасгах, импортоос хараат улсын хувьд, валютын нөөцөө нэмэгдүүлж, хэцүү үед хэрэглэх үүцээ бэлдэх зэрэг шаардлага үүссэн тул гарц хайх нь эрх баригчдын үүрэг. Ажил хэрэг болгох эсэхийг ард түмний төлөөлөл болсон УИХ шийдэх дүр зураг харагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна