Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн босгон дээр Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцантай уулзаж, зарим зүйлийг асууж, тодрууллаа.
-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлаас анх бүрдүүлэхдээ ямар суурь зарчмыг баримталсан бол… Тухайн цаг үед Улсын Бага Хурлыг байгуулж ажиллуулахад нийгэм, улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хүнд байсан уу?
-Улсын Бага Хурлыг байгуулах болсон асуудлыг хөндөхийн тулд нэгэн түүхэн баримтыг сөхөх нь зүйтэй. 1990 оны тавдугаар сарын 5-нд Ардын Их Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцээр хийсэн юм. Тэр үед байгуулагдсан улс төрийн бүх намуудын төлөөллийг хангасан энэхүү хэлэлцээр, ярилцлага маш чухал түүхэн асуудлуудыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль боловсруулахдаа улс төрийн намуудын төлөөллийг оролцуулаад Зөвлөлдөх зөвлөлийг анх байгуулсан. Энэ зөвлөл нь улс төртэй холбоотой хууль тогтоомжийг боловсруулахдаа гишүүдийнхээ саналыг сонсож, дараа нь Ардын Их Хурлын тэргүүлэгчдэд саналаа өгдөг болсон юм. Энэ нь тун чухал зүйл болсон. Мөн Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай анхны парламентыг байгуулах дэг, журмыг энэ хэлэлцээрээр эхэлж хийсэн байдаг.
-Тэрхүү хэлэлцээрээр асуудлыг илүү нарийвчлан хөндсөн байна, тийм үү?
-Улсын Бага Хурал байгуулъя, байнгын ажиллагаатай анхны парламентыг босгоё гэдгээс эхлээд гишүүдээ хэрхэн, яаж сонгох талаарх олон асуудлыг тэрхүү тавдугаар сарын 5-ны өдрийн хэлэлцээрээр ярилцаж, тогтсон. Энэ талаар хэлэлцээрийн протокольд тодорхой тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Бага Хурлын гишүүдийг улс төрийн намуудын квотоор, мөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдоогүй хүнийг сонгож, бүрдүүлэх онцлог заалтыг оруулсан. Тийм ч учраас Улсын Бага Хурлын 51 гишүүний 11-ийг депутат бус гишүүнээр бүрдүүлсэн. Учир нь шинээр байгуулагдсан улс төрийн жижиг намуудаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон төлөөлөл цөөн байсан тул депутат бус хүнийг Улсын Бага Хурлын гишүүнээр сонгох нь олон намын тогтолцоог бий болгоход хамгийн чухал, ач холбогдолтой шийдвэр байсан. Энэ нь тухайн цаг үед өнөөдрийн пропорциональ системийг хэрэгжүүлсэн явдал байгаа юм.
Мөн тэрхүү хэлэлцээрээр сонгууль явуулах, улс төрийн олон намын төлөөллийг хэрхэн, яаж оруулах зэргээр сонгуулийн хуулийн зарчмыг тогтоож чадсан нь түүхэн үйл явдал болсон. Энэ бүхнийг ийн тодорхой санаж, ярьж байгаагийн учир нь МАХН-ыг төлөөлж тэрхүү хэлэлцээрт сууж байсан юм, би.
Хэлэлцээрээр хөндсөн энэ асуудлаас уламжлаад Ардын Их Хурлаас шинэ Үндсэн хуулийг батлах зорилгын хүрээнд Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Үүнийг тухайн цаг үеийн түүхэн томоохон үйл явдал гэж судлаачид үздэг.
-Улсын Бага Хурлыг Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент гэж үздэг. Ингэж тэмдэглэх болсны шалтгаан гэвэл…?
-Улсын Бага хурал улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гээд байгаа нь түүхэн үүргийнхээ дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ батлуулж чадсан явдалтай холбоотой. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явцад тухайн Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй хуулиудад маш олон нэмэлт, өөрчлөлт хийсэн юм. Түүнчлэн шинэ Үндсэн хуультайгаа нийцүүлж Банкны тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай гээд хамгийн гол, суурь хуулиудаа боловсруулж, баталсан. Шинэ санаа, шинэ үзэл бодлын үндсэн дээр тулгуурлан боловсруулсан тэрхүү хуулиудын гол үндэс нь өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг монголын сэхээтнүүд, ард түмний төлөөллийн оюун санаагаар хийсэн. Нөгөөтээгүүр, шинэ Үндсэн хуулийг боловсруулахад тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ нь өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн болчихсон байсан үе. Энэ нь Улсын Бага Хурлын гишүүдэд ажлаа хийх, хуулиа батлахад маш том түлхэц үзүүлсэн. Мөн тухайн үеийн эрх баригч нам ч Улсын Бага Хурлын үйл ажиллагааг дэмжиж, ямар нэгэн байдлаар тээг саад болж байгаагүй. Бусад улс төрийн шинэ намууд ч Монгол Улсынхаа хөгжин цэцэглэлт, сэргэн мандлын төлөө нэгэн зорилго, нэгэн санаатай зүтгэдэг байсан учраас Улсын Бага Хурлын ажил их сайхан бүтдэг, түүхэн цаг үе байлаа.
Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд, Улсын Бага Хурал парламентын түүхэнд хоёр том гавьяатай. Нэгдүгээрт, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ батлуулж чадсан явдал. Хоёрдугаарт, Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсанд байгаа юм.
-Монголд парламентын засаглалыг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн ёс зүй, хандлага, хэр байсан бол…?
-Миний бодлоор Улсын Бага Хурлаас өвлөгдөхөөр үнэт зүйл их байсан. Тухайлбал, парламентын анхны ардчилсан сонгууль нь мөнгө нэхдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч, сурталчилгаанд ажилладаг хүмүүсдээ таван төгрөг ч өгдөггүй, бүгд л сэтгэлийн дуудлагаараа оролцдог тийм сайхан цаг үе байсан. Мөн аливаа нэгэн хуулийг батлахдаа гишүүд бид цаанаа ямар нэгэн бодол санаа агуулалгүй, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө гэсэн нэгэн санаагаар олон ургальч үзлээр асуудлыг тал талаас нь шүүн хэлэлцэж, шөнө өдөргүй ажилладаг байсан. Бүр шөнийн 01 цагт хуралдаанаа дуусгаад гэр лүүгээ алхаад явдаг байсан. Ийм учраас Улсын Бага Хурлын энэ сайхан жишгийг цааш, цаашдын парламентуудад хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг нь их чухал асуудал байгаа юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна