Улсын төсвийн асуудлаарх УИХ-ын асуулгын цаг эхэллээ. Анх удаа болж буй энэхүү мэтгэлцээний эхлэлийг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, МАН-ын дарга болох магадлалтай Г.Занданшатар нар эхлүүлсэн нь сонин тохиолдол боллоо.
2028 оны сонгуульд хоёр намаа тэргүүлж орох магадлалтай хоёр асуулт, хариултаа чамбай боловсруулсан нь илт байсан. Тодруулбал, О.Цогтгэрэл асуулгын цагаа бодлогын мэтгэлцээн гэж ойлгож байна гээд эдийн засагт эзлэх төсвийн жин, төрийн оролцоог багсгах асуудлыг төсөвт хэрхэн тусгасан талаарх асуудлыг хөндсөн.
Ингэхдээ цилиндр саванд Төсөв, ТӨК, Төрийн зохицуулалттай ажилладаг ААН байгужуллагуудыг төлөөлсөн гурван том бөмбөлөг, хувийн хэьвшил, иргэдийг төлөөлсөн бага хэмжээний олон жижиг бөмбөлөг хийгээд эргэлдүүлж харуулсан нь содон байлаа.
Г.Занданшатар ерөнхий сайд түүний асуултад хариулав.
УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын эдийн засаг 100 их наяд төгрөг байдаг. Үүний 35 хувь нь төсөв, 30 хувь нь төрийн өмчит компаниудад байдаг. Цаана нь төрийн зохицуулалтаар ажилладаг ААН-үүд 25 хувь. Ингээд Үндсэндээ дүүрч байгаа юм.
Төсөв бол эдийн засгийг удирдах арга хэрэгсэл. Энэ гурван том бөмбөлөг чинь хувийн хэвшлээ тээрэмдэх юм биш биз. Бид УИХ 35 их наядын төсөв удирдаж байхад цаана дахиад ТӨК-иуд энэ хэмжээний хөрөнгийг удирдаж, шийдвэр гаргаж байна. Нийт эдийн засгийн 90 хувь нь төрөөс хамаардаг гэсэн үг. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна” хэмээн эхний асуултыг асуув.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын эдийн засгийн 90 хувь нь уул уурхайгаас, үүн дотроо 80 хувь нь дан нүүрс, зэснээс хамаардаг. Гадаад худалдааны 70 хувь нь нэг улсаас хамааралтай. Ийм гажиг тогтолцоо үүсчихсэн. Бид ирэх аравдугаар сарын 31-нд Монгол Улсын нийгэм эдийн засгийг ирэх таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөг өргөн барихаар төлөвлөж байна. Тэр төлөвлөгөөнд эдийн засагт бүтцийн шинэчлэлт хийх ажлуудыг тодорхой тусгасан байгаа. Төсвийн шинэ цагалбараар Улсын төсвийг ёсдүгээр сарын 1-нд, Хөгжлийн төлөвлөгөөг аравдугаар сарын 31-нд өргөн барьдаг “гажиг” тогтолцоо бий болсон байна. Уг нь таны асуулт Хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэх үед тавигдах ёстой асуулт. Төлөвлөгөөгөө эхэлж хэлэлцчихээд дараа нь Төсвтэйгөө уялдуулж явах ёстой. Цагалбараа өөрчлөх хэрэгтэй байна.
Энэ жилийн төсвийн тухайд бид боловсруулахдаа иргэдийн оролцоог хангах зарчимыг баримталсан. Нийт 240,000 хүн оролцож, төсвийн зарцуулалтад санал өгсөн. Бид эдийн засагт эзлэх төсвийн хувь хэмжээг танасан.
Урсгал зардлын өсөлт хяналтгүй байсныг багасгасан. Энэ хэмжээгээр төрийн оролцоог багасгасан. Энэ хэмжээгээр хувийн хэвшилд орон зай үүсэж байгаа. Бид хувийн хэвшлээ дэмжих зорилгоор татварын шинэчлэлийг 2026 оноос эхлдэн үе шаттай хэрэгжүүлж эхэлж байгаагаас гадна, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хялбаршуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ” гэж хариуллаа.
О.Цогтгэрэл өөрийн ээлжийн хоёр дахь хоёр минутад “Эдийн засагт төсвийн эзлэх хувийг 32 хувь болгож бууруулсан гэж байна. Гэхдээ төсөвт суугаагүй дүнгүүд бий. Жишээ нь, Монголбанкин дээр төсөвт тусгаагүй зургаан их наяд төгрөгийн зээл бий. Уг нь төсөвт суух ёстой. Банкуудыг хувьчилна гэчихээд таван хувийг хувьчилсан. 700 төгрөгөөр гарсан Төрийн банкны хувьцаа одоо 300 төгрөгтэй байна. Бид ийм нүд хуурсан шинэчлэлийг л өнгөрсөн хугацаанд их гоё лоозонгийн дор хийж ирлээ. Таван хувь биш ядаж 50 хувийг нь хувьчилж байж л өөрчлөлт гарна шүү дээ. ” гэж лавлаж асуусан.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуултад “Өнөөдөр төсвийн тухай хэлэлцүүлэг явж байгаа гэж ойлгож байгаа. Манай Засгийн газар ажлаа аваад 100 хонож байна. Энэ хугацаанд бүхнийг “Өргөс авсан юм шиг засахад хэцүү”. Өнгөрсөн хугацаанд унаж явсан эдийн засгаа тогтоолоо. Зургадугаар сард 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсөв наймдугаар сард 52 тэрбум төгрөгийн ашигтай болсон. Нүүрсний үнэ, экспортыг 17 хувиар нэмэгдүүллээ. Өнгөрсөн хугацаанд живж байгаа эдийн засгаа яаж тогтоох вэ гэж үнэнтэй, хямралтай нүүр тулсан 100 хоногийг ардаа үдлээ. Энэ 100 хоногт борви бохисхийлгүй ажилласны дүнд эдийн засагт сэргэлт бий болгож чадлаа. Энэ бол бидний ажлын бодит үр дүн. Бид төсвийн тодотгол оруулж ирж, та бүхэн дэмжиж батлаагүй бол төсөв гурван их наядаар тасрах эрсдэлтэй байсан. Энэ бол Засгийн газар, УИХ-ын хамтын ажиллагааны үр дүн” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна