Багш нар аравдугаар сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар ажил хаяна

С.Гандэлгэр
5 цаг 34 минутын өмнө

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тэдний зүгээс өнгөрөгч долоо хоногт Сүхбаатарын талбайд цалингаа нэмүүлэх шаардлагыг тавин жагссан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. 

Иймд аравдугаар сарын 16-аас тодорхойгүй хугацаагаар улс орон даяар ажил хаялт зарлах гэж байгаа бөгөөд тодорхой шийдвэр гарсан тохиолдолд ажил хаялтаа зогсоох аж. Уг ажил хаялтад ЕБС болон СӨБ-ын байгууллагын багш нар оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Харин багш нарын цалинтай холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр "Аравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Санийн сайдтай багш нар уулзалт хийсэн. Үүний үр дүнд цалин нэмэх асуудлыг дэмжсэн. Бид төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байсан. Үүн дээр нэмэх нь Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээр сарын 1-нээс багш нарынхаа цалинг 1.850.000 төгрөг болгоно гэж хэлсэн. Энэ нь одоо байгаагаас 25 хувийн нэмэгдэлтэй гэсэн үг.Хоёрдугаарт долоодугаар сарын 1-нээс төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг болгож, цаашдаа 3.5 сая төгрөг болгох гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллая гэдэг саналыг хэлсэн. Гэвч харамсалтай нь үйлдвэрчний эвлэлийн зүгээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, маргааш нь яаманд ажил хаях тухай мэдэгдэл ирүүлсэн нь харамсалтай байна.Энэ бол өнөөдөрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг огт харгалзаагүй. Ийм хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэж харахаас өөр аргагүй байна. Иймээс үйлдвэрчний эвлэлийг энэхүү шаардлагаа дахин харж үзээч ээ гэж хэлмээр байна" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна