Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн явцын талаар тодрууллаа.
-“Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Уг хэлэлцээрээр Монголын талаас хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр тавьж байгаа вэ? Хэлэлцээрийн эхний үр дүнгүүдээс танилцуулахгүй юу?
-Монгол Улсын Засгийн газраас “Оюутолгой” төслийн хэлэлцээртэй холбоотой баталж өгсөн удирдамжийн дагуу манай ажлын хэсгүүд нэгдэж ажиллаж байна. Энэ хүрээнд гурван асуудлыг тавьж байгаа. Нэгдүгээрт, хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээний хүүг бууруулах тухай асуудал яригдана. Хоёрдугаарт, менежментийн төлбөрийг бууруулах, бодит үр дүнд суурилсан аргачлалаар тооцдог болох тухай яригдана. Гуравдугаарт, “Оюутолгой” компанийн засаглалтай холбоотой асуудал байгаа.
Хэлэлцээр амжилттай эхлээд үргэлжилж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд долоон жилд нэг удаа зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг ярина гэсэн түгжээ байдаг. 15 жилийн өмнө хийгдсэн уг гэрээний зээлийн хүүд нэг ч удаа өөрчлөлт орж байгаагүй. Долоон жилийн өмнө боломж байсан боловч манай улс ашиглаж чадаагүй юм билээ. Энэ удаад бид анх төлөвлөсөн хугацаандаа амжиж хэлэлцээрээ хийнэ. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол хугацааг үл тооцож цаашид хэлэлцээрээ үргэлжлүүлээд үр дүнд хүргэнэ, зээлийн хүүгээ бууруулна гэсэн зарчмын шийдлийг “Рио Тинто”-гийн зүгээс зөвшөөрүүлж Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн төлөөллүүд хамтран протокол үйлдэж гарын үсэг зурж баталгаажууллаа. Өөрөөр хэлбэл, бид долоон жилийн түгжээг авч хаяж чадсан нь эхний үр дүн. Хоёрдугаарт, “Рио Тинто” компаниас зээлийн хүүг бууруулна гэсэн амлалтыг авч гарын үсэг зуруулж чадлаа. Хэлэлцээр тун дажгүй эхлээд явж байна.
-Зээлийн хүүг бууруулах бодит ямар боломж, нөхцөлүүд бүрдсэн гэж үзэж байгаа вэ?
-“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээ 15 жилийн өмнө хийгдсэн. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл өнөөгийн түвшинд байгаагүй. Бид өнөөдөр түүхэн амжилтад хүрсэн зээлжих зэрэглэлтэй болсон. Найдвартай, баталгаатай болж үнэлэгдэж байна. Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ 100 хувьд хүрч дуусаж байна. Гуравдугаарт, Монгол Улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон улсад үнэлэгдэж, бонд гаргаж, бодит чанар чансааг хэмжүүлдэг хэмжигдэхүүн, жишигтэй болсон. Тэгэхээр дээрх гурван зарчим олон улсад нээлттэй байгаа учир зээлийн хүү буурах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа.
-Нууц биш бол манай талаас зээлийн хүүг ямар хувь хэмжээгээр бууруулах саналтай байгаа вэ?
-Хэлэлцээр ид явагдаж байгаа учир нарийн тоо хэлэх боломжгүй. Нууцлалтай юм.
-Хүүгээс хүү тооцох асуудлыг давхар хөндөж байгаа гэсэн?
-Тийм ээ.
-Менежментийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллана хэмээн тохиролцсон байсан. Үүн дээр ямар үр дүн хүлээж байна вэ?
-1500 метрийн гүнээс олборлолт явуулж, дэлхийд эхний дөрөвт жагсах уурхайг бүтээн босгоно гэдэг бол мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаарддаг ажил. Үүнийг удирдаж байгаа багт төлбөр төлөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ нь хэр хэмжээний төлбөртэй вэ. Манай талаас бол хэт өндөр байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, зарчим нь буруу байна гэсэн үг. Яагаад вэ гэвэл үр дүнд нь суурилж биш, нийт зардал дээр нь суурилаад хэт өндөр дүнгээр тооцож авч байна. Иймээс энэ төслийн зардалд хэн хүнгүй л санаа зовж байна шүү дээ. Бид 34 хувийг төлөөд сууж байгаа учир үр дүн гаргаж, энэ төслийг ашигтай болгож, Монголын ард түмний авах ногдол ашгийг наашлуулж чадаж байвал энэ төлбөрийг өгье. Өгөхдөө дэлхийн жишигт байдаг хэмжээгээр нь өгье гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
-Зээлийн хүүг бууруулснаар Монголын талын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, хугацааг яаж наашлуулахаар зорьж байна вэ?
-Зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулж, засаглалыг сайжруулна гэж зорьж байгаагийн гол зорилго нь Монголын ард түмний үндэсний баялгийн сандаа авах ногдол ашгийн хэмжээг өсгөж, наашлуулах юм. Хэлцэл дөнгөж эхлээд явж байгаа учир тодорхой зүйл ярих төвөгтэй. Бид стратегийн орд газрынхаа нийт өгөөжийн 51-ээс дээш хувийг Монгол Улс авах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа.
-“Онтрэ” компанийн хоёр тусгай зөвшөөрөл тойрсон асуудал хэлэлцээрт багтсан уу. Ажлын хэсгийн барьж буй байр суурь юу вэ?
-Энэ удаа “Рио Тинто”-той “Онтрэ” компанитай холбоотой асуудлыг шийдвэр гаргаж ярихгүй. Эхний ээлжид “Онтрэ”-тэй хэлэлцээр хийнэ. Тус компанийн төлөөллийг Монгол Улсад урьсан. Орд газрынх нь тухайд “Рио Тинто”-гийн эзэмшиж байгаа лицензүүдийн хүрээнд “Онтрэ”-гийн лицензүүдийг хамтад нь нийлүүлээд ашиглавал аль аль талуудад ашигтай. Гэхдээ Монгол Улс “Онтрэ”- гийн эзэмшиж байгаа лицензийг 100 хувь нэг орд газар гэж үзэж гэрээ хэлцэлд орно гэсэн зарчмын байр суурьтай байна.
-Долоон жилийн түгжээ тайлагдсан хэдий ч заавал цаг сунгахгүйгээр анх төлөвлөсөн хугацаандаа үр дүнд хүрээсэй гэж олон нийт хүсэж байна. Та хэлэлцээрээс ямар хүлээлттэй байна вэ?
-Хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа учир тодорхой хүлээлт үүсгэж ярих нь дэмий болов уу. Ямар ч байсан талууд хэлэлцэх гурван сэдвийнхээ хүрээнд үр дүн гаргана гэж зөвшөөрсөн протоколд гарын үсэг зурсан. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 30-наас өмнө амжиж шийдвэр гаргана гэсэн байр суурьт нэгдсэн. Эндээс харвал, аль аль нь тулгамдаад байгаа асуудлуудаа шийдье, зээлийн хүүгээ бууруулъя, менежментийн төлбөрөө багасгая, засаглалаа сайжруулъя гэдэг дээр санал нэгдэж, зарчмын байр сууриа илэрхийлж байна гэдэг сайн зүйл.
Монгол Улсад 15 жилийн хугацаанд маш олон залуус гадаад, дотоодод сурч, санхүү, хууль, аудит зэрэг олон чиглэлээр мэргэшсэн, үндэсний боловсон хүчинтэй болсон. Сор болсон залуучууд нэг баг болоод ажиллаж байна. Улстөрч шиг нийтийн өмнө ил гарч яриад байхгүй ч чимээгүй, мэргэжлийн ур чадвараа гаргаад, эх орныхоо төлөө хичээн ажиллаж буй баг хамт олонтойгоо байгаа үед үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлч Г.Батзориг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.22
Шантажаа гавьяа болгож яриад л байна уу???
Хариулах