Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2025 оны Дэлхийн усны өдрүүдийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1200 хүн оролцсон уг чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” дөрвөн үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж буй. Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг нь ирсэн байна. Манай улсын байгаль, усны нөөцийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр нь бүс нутгийн төдийгүй дэлхийн усны нөөцийг хамгаалах улс орнуудын хамтын их үйлсэд оруулж буй монголчууд бидний бодит хувь нэмэр байх болно” хэмээн мэдэгдсэн юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна