Иргэд өргүй Ерөнхий сайдаа гайхсаны учир буюу монголчуудыг нэрвэсэн “Өр тавих дон”

Zuv.mn
2 цаг 43 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар одоогоор өөрийн нэр дээр өргүй амьдарч байгаагаа хэлээд олон нийтийн анхааралд өртлөө. Улс төрд олон жил явж тодорхой хуримтлал үүсгэсэн байх боломжтой нэгэн тул түүний хэлсэн үгэнд уг нь хачирхаад байх шалтгаан үгүй. Гэтэл нийтээрээ гайхаж шагширсны учир нь, монголчууд нийтээрээ ядуурал, өр зээлд донтох эмгэгт бага, багаар автаж яваагийнх аж.

Улс орны хөгжил иргэдээс гэхээсээ илүү төр засгаас хамаардаг. Иргэд нь хичээх ёстой ч төр нь бүр илүү хичээж, суурь үзүүлэлтээ дээшлүүлж, боломж, нөхцлийг нь сайжруулж явах учиртай. Ингэж дэмнэж чаддаггүй юм гэхэд, нэрмээс болж болохгүй нь тодорхой. Харамсалтай нь, иргэд хөгшин залуугүй өр зээлтэй, түүнээсээ болоод сэтгэцийн эмгэгтэй болоход Монгол Улсын төр засаг багагүй хувь нэмэр оруулж ирсэн байх юм.

Төрөөс улс орны амин чухал салбаруудыг дэмжих зорилгоор бага хүүтэй хүүтэй зээл олгох бодлогыг 10 гаруй жилийн өмнөөс эрчимтэй явуулсан. Хачирхалтай нь, яг эндээс ББСБ-уудын тоо нэмэгдэж эхэлсэн байх бөгөөд санхүүгийн зах зээлд эргэлдэж буй мөнгөн хөрөнгийн хэмжээ нь банкны салбартай харьцуулахад асар хурдтай нэмэгдэж иржээ.

Өр зээлдээ баригдсан хүн (авч болох зээлийн хязгаарт хүрсэн, авсан зээлээ төлөх боломжгүй болсон) мөнгөний урсгалыг үргэлжлүүлэхийн тулд шинэ данс нээх хүсэлт гаргадаг. Зээлдүүлэгчид энэ тохиолдолд зээлийн эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа гэж үздэг тул илүү өндөр хүүтэй, илүү хатуу төлбөрийн нөхцөл тулгадаг. Монголчууд олон банкинд, илүү олон данстай болж байгаа нь нэг талаараа банк, санхүүгийн байгууллага тус бүрийн онцлогийг өөрт ашигтайгаар зохицуулах санаа байж болох ч нөгөө талаар зээлийн боломжийг нээж байгаа хэрэг. Энэ бол өр, зээлийн харилцаанд эрсдэл үүсэж байгаагийн шинж мөн.

Өнөөгийн нийгэмд өрийн асуудал улам бүр түгээмэл болж, олон хүн зээлээ төлж чадахгүйд хүрч байна. Мөнгө зээлэх нь зорилгодоо хүрэх, зардлаа удирдахад хэрэгтэй хэрэгсэл байж болох ч өрийн донтолт хэмээх сэтгэцийн маш аюултай өөрчлөлтөд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь хувь хүн, гэр бүл, олон нийт, улс орны хувьд заяаг хохироох үр дагаварт хүргэж болзошгүй ноцтой асуудал юм.

Одоо яг энэ асуудал олон улсад асуудал болж, ирээдүйд гарах хор уршгийг нь хэн ч тооцоолж чадахгүй байна. Гэхдээ бид, хэдэн их наядын баялгийг хэнд ч юм бэ дарж хэвтээд иргэдээ ядууралд оруулж буй Монгол шиг улсын хувьд энэ хор уршгаас сэргийлж чадах боломж бусад улстай харьцуулахад хангалттай бий.

Манай нэг улстөрч “Монголын баялаг бол монгол хүн юм” гэж хэлсэн байдаг. Гэхдээ уриалж лоозогнох нэг хэрэг, үнэхээр хүнээ хайрлаж, улс орноо хөгжүүлэх өөр хэрэг. Хүн дотроо олон янз. Эрүүл саруул, мэдлэг боловсрол, хүч чадалтай монгол хүн улсаа хөгжүүлнэ үү гэхээс  ядуу зүдүү, өр ширэнд баригдсан, өрнөөс салах биш, өр тавих эмгэгтэй монгол хүн Монгол Улсын хувь заяаг яавч дээшлүүлэхгүй нь тодорхой.

“Монголбанк”-наас гаргасан 2024 оны жилийн эцсийн тайланд Монгол Улсын хэмжээнд 2,095,283 зээлийн данс бүртгэгджээ. Данс бүхний цаана зээл авсан иргэн байгаа. Эдгээр зээлийн зориулалтыг харахад Монгол Улсын иргэд ер нь хэр амьдарч байна вэ, хэдэн жилийг харьцуулахад цаашдаа хөгжих тийшээ байна уу, уруудах тийшээ байна уу гэдгийг багцаалж бараг л болно доо.

Монголчууд хэдий хугацаанд амиа хорлочихолгүй тэсэх ёстой вэ 

Улсын хэмжээнд байгаа 2,095,283 зээлийн дансны 171,547 нь л бизнесийн болон үйл ажиллагаатай холбоотой зээл, 1,923,736 нь бусад гэх ангилалд багтсан, эдийн засгийн үр ашиг авчрахгүй зээл байна. Үүн дотроо цалингийн зээл /595,585/, тэтгэврийн зээл /271,287/, малчны /138,464/, өрхийн хэрэглээний /105,816/ гэх зэрэг зээлүүд байна. Эдгээр зээлийн 11 орчим хувь нь ББСБ буюу банкнаас илүү өндөр хүүтэй эх үүсвэрээс олгогджээ. Өмнөх жилд нь 9.8 хувьтай байсан гэсэн үг. Энэ бол иргэдэд өрийн дарамт жилээс жилд нэмэгдэж, сайн зээлдэгч болж хүүгээ бууруулахаас илүү өндөр хүү, хатуу нөхцөлтай байгууллагуудын харилцагч болж байгааг харуулах юм.  

Өрийн улмаас илэрдэг сэтгэцийн хамгийн хурц илрэл нь амиа хорлох гэж үздэг.

Тэгвэл манай улсад өр зээлээ төлж дийлээгүйн улмаас амиа хорлосон тохиолдол байнга гарах боллоо. Иргэдэд тулгарч буй сэтгэцийн дарамт ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлтэй харьцуулбал банкны салбараас олгосон нийт зээлийн ес орчим хувь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь чанаргүй гэсэн тоо байна. Энэ нь нийт зээлдэгчдийн ес орчим хувь нь /Өрийн данстай харьцуулж тооцвол бараг 200,000 хүн байж мэднэ/ өрөөс үүдэлтэй сэтгэлийн дарамтад байсан гэсэн үг мөн. Банкны зээлээс гадна бүр ч илүү дарамттай өдрийн зээл гэгчид жижиглэн худалдаа эрхлэгчид бараг бүгдээрээ дарамтлуулж байгаа талаар холбооны тэргүүн нь ярьж байсан. Өдрийн зээлнээс болж амиа хорлосон тохиолдол ч нэг бус гарсан. Цаад утгаараа жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд амиа хорлох эрсдэлтэй гэсэн үг.

Ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа төрийг энэ цаг үед төлөөлж байгаа хүн “Би өргүй” гэж ярихаар олон нийтийн анхаарлыг татахгүй гээд яах билээ. Цаашлаад "Бид хэдий хүртэл амиа хорлолгүй тэсэх ёстой вэ" гэж асуусан ч зөв шүү дээ. Өнөөдөр иргэд зээлээс зээлийн хооронд тэсэж, "Төр засаг тэр хооронд хичээгээд улс орноо нэг аятайхан болгочих байлгүй, баялаг нь байга юм чинь" гэж хүлээж байгаа нь үнэн шүү дээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.23
    5 минутын өмнө

    аль болох өргүй байх нь зөв дөө зээл өр гэдэг чинь тийм ч сайхан юм биш дээ

    Хариулах
  • 66.181.179.17
    0 минутын өмнө

    Моннол улсын засгийн газар УИХ хараат байдлаар ажиллаж байна.УИХ байс гээл санаанд нь нийцэхгүй засгийн газраа огцоруулдаг маш муу зуршилтай болсон.уг ир хурал засаг хоёр эрх мэдлээ булаалдаж дээр гарлаа гээд бөөн сүржин юм болж байна.уг нь зсгийн газар маш хүчтэй байж ажил явуулах ёстой.монгол төр засаг саармаг унхиагийн бодлого явуулдаг.эдийн засаг нь төлөвлөгөөгүй.төсөв нь замбараагүй үр ашиггүй хуваөж хүртэх маягийн агуулгатай,үнийн төрийн хяналтгүй чөлөөт либерал, гэтэл эдийнмзасгийн бодлого байхгүй ,аж үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөөт зорилт байхгүй байна.ийм байдлаар улс цаашид хөгжинө гэдэг худлаа мөрөөдөл болно.намууд гэж тодорхой үзэл бодол байхгүй ёсөн шидийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн утопи маягийн юм боловсруулдаг.тйм намууд ард түмнээ хуурах тэднээс талархал хүртэх гэсэн ямарч ирээдүйгүй өдөр хоног аргацаасан арга хэмжээ нэртэй ажил хийж байна

    Хариулах