Гадаадын иргэн, харьяатын газар AI чатбот ашиглан 24 цаг мэдээлэл өгч байна

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын цахим сайтад холбон үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Энэхүү чатбот нь 24 цагийн турш нээлттэй ажиллаж буй бөгөөд үйл ажиллагаанд нэвтэрснээс хойш 2092 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Тус чатбот нь виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулж, хэрэглэгчдэд монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэх боломжтой юм.

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд нийт 97590 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгснөөс утсаар 87245, биечлэн 4646, цахим шуудангаар 5699, мессенжер чатаар 623 иргэнд тус тус зөвлөгөө өгөв. Өмнөх оны мөн үетэй хүлээн авсан дуудлагын тоо 20.8%-аар өссөн бол алдсан дуудлагын тоо 10.2%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:15-16:00 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудан, immigration.gov.mn вэб сайт, AI чатботоор хандах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна