Банкны салбарынхны хамгийн том шагнал “Banker”-ийг ХААН Банк 10 дахь удаагаа хүртлээ

Х.Есү
1 цаг 30 минутын өмнө

Их Британийн Лондон хотод төвтэй, дэлхийн банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй “The Banker” сэтгүүл 2025 оны “Монгол Улсын шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулан өргөмжиллөө. Энэхүү шагналыг ХААН Банк 10 дахь удаагаа хүртэж буй бөгөөд Лондон хотноо өнгөрсөн лхагва гарагт шагнал гардуулах ёслол болж, ХААН Банкны ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх нар шагналын цомыг гардан авлаа. 

100 жилийн түүхтэй, “Financial Times” группийн харьяа “The Banker” сэтгүүл 2000 оноос хойш “Bank of the Year Awards”-ыг зохион байгуулж ирсэн  нь дэлхий нийтээр банкны салбарынхны өрсөлддөг хамгийн том шагналд тооцогддог. Тус шагнал нь дэлхийн 130 орчим орны шилдэг банкуудыг тодруулдгаараа онцлог бөгөөд энэ жилийн үнэлгээнд санхүүгийн үзүүлэлт, стратеги, инноваци, тогтвортой хөгжил, эрсдэлийн удирдлага, комплаенс, дижитал шилжилт зэрэг олон талын шалгуур үзүүлэлтийг харгалзан үзжээ.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй өсөж хөгжиж ирсэн, “Хамтын өсөлт төгөлдөр” уриатай  ХААН Банк нь санхүүгийн хүчирхэг үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлж, цахим шилжилтэд түүчээлж, онлайн зээлийн багц, харилцагчдадаа санал болгож буй олон төрлийн ногоон зээл, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тогтмол сайжруулалт, тогтвортой байдлын бодлогоороо банкны салбарт манлайлж  буйг үнэлэн 2025 оны шилдгийн шилдгээр өргөмжилсөн гэдгийг “The Banker” сэтгүүлийнхэн шагнал гардуулахдаа онцоллоо.

2025 онд ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 22 их наяд төгрөгт хүрч, Монголын банкны салбарыг итгэл төгөлдөр тэргүүлсээр байна. Мөн Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж, 2.5 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй Монголын хамгийн том хувьцаат компани боллоо. Энэ амжилтын үр дүнд ХААН Банк нь Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell индекст багтсан Монголын анхны хувьцаат компани болж, улсынхаа хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг олон улсад өсгөхөд хувь нэмрээ орууллаа. Түүнчлэн 2025 онд дотоодын зах зээлд анхны жендэр бондыг амжилттай гаргасан нь тогтвортой санхүүжилт, эмэгтэй бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж буй.

Мөн 2025 онд ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн хөгжил, байгаль орчин, спорт зэрэг чиглэлд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, “Багийн бага сургууль” төсөл, “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “ХААН Банкны ой”, орон даяар 2000 гаруй хүүхдийг хамруулсан “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” зэрэг санаачилгууд аль хэдийнэ бодит үр дүнгээ өгч, олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Олон улсын банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн нь ХААН Банкны нийт хамт олон болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын маань итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, хувьцаа эзэмшигчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна