П.Болормаа: Сургуулийн ойролцоо тамхи худалдаалж байх үед сурагчдын тамхи татах магадлал тав дахин нэмэгддэг

Х.Есү
2 цаг 54 минутын өмнө

Сургууль орчмын 500 метр зайд тамхи борлуулах зохицуулалтыг сулруулбал улсаа бүх нийтийн тамхидалт руу түлхэж байгаагаас ялгаагүй 

Сүүлийн 13 жил гар хүрээгүй байсан Тамхины хяналтын тухай хуулийг цаг үе болон шинэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээнд нийцүүлэн өөрчлөхөөр О.Номинчимэг тэргүүтэй УИХ-ын 78 гишүүн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн бариад буй. Энэхүү хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх УИХ-ын чуулганы хуралдаанаар сургууль орчмын бүсээс 500 метрийн зайтай тамхи худалдаалан борлуулах тухай өмнөх хуулийн заалт хэрэгждэггүй ба хэрэгжих боломжгүй байгааг өөрчлөхийг шаардаж, гишүүд шүүмжилж байв. Тэгвэл энэ нь боломжгүй буюу сөрөг нөлөөтэй болох нь судалгаагаар тогтоогджээ. 

Уг судалгааг хийсэн хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, Хүн амын эрүүл мэнд судлалын төв ТББ-ын тэргүүнээр ажиллаж, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн тэтгэлэгт судлаач П.Болормаатай энэ талаар ярилцлаа. Тэрбээр хүүхэд залуучуудын архи, тамхины хэрэглээнд нөлөөлж буй нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, архи тамхи хавдрын өвчлөлийн хамаарал, эрүүл мэндийн зан үйлийг өөрчлөх мэдээллийн агуулгыг боловсруулахад анхаарах зүйлс зэргийг судалдаг судлаач хүн юм.

-Та Монголын хүүхэд, өсвөр үеийнхний тамхины хэрэглээг судлахдаа ямар өгөгдөл ашигласан бэ? Судалгааны хамрах хүрээ ямар байсан бэ?

-Бид Монголд үндэсний хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон ДЭМБ-аас давтамжтай хийгддэг судалгааг ашигласан. Тус судалгаа нь хот хөдөөгийн 13-15 насны буюу 7-10-р ангийн нийт 7,298 сурагчийг 2014 онд, 4,146 сурагчийг 2019 тус тус хамруулсан.

Сурагчдаас урьдчилан бэлтгэгдсэн асуумжийн дагуу ярилцаж мэдээллийг цуглуулсан судалгааны нэг асуумж нь сургуулийн ойрхон тамхи болон ширхгийн тамхи авах боломж байгаа эсэх тухай ба “тийм”, “үгүй” гэсэн хариултын сонголттой. Ийн судлахад сургуулийн орчим тамхи зарж байгааг мэдээлсэн сурагчдын тоо 2014 онд 65.3 хувь буюу байсан нь 2019 онд 94.3 хувь буюу тархалт 95 хувь болж өссөн байна. 

-Сурагчид илүү их татдаг болсон гэж та хэлж байна уу?

-Тийм ээ. Судалгаагаар нас, хүйс нь тамхи татахтай нягт холбоотой болохыг харуулсан. Сурагчдын нас нэмэгдэх тусам тэд илүү тамхи татах магадлал өндөр болох нь харагдсан. Эрэгтэй сурагчид эмэгтэйчүүдээс хамаагүй илүү тамхи татах магадлалтайгаас гадна эрэгтэй, эмэгтэй сурагчдын хоорондох ялгаа 2014-2019 онд нэмэгдсэн байна. Түүнчлэн илүү их халаасны мөнгө авч явдаг сурагчид тамхи татах магадлал өндөр байв. Эцэг эх, эсвэл найз нөхөд нь тамхи татдаг сурагчид тамхи татах магадлал илүү өндөр байсан нь мөн харагдсан. 

-Сургууль орчимд тамхи зарагддаг байх нь хүүхдийн тамхи татах магадлалд хэр нөлөөлж байна вэ?

-Энэ бол маш нөлөөтэй гэж болно. Хүүхдүүд сургуулийн ойролцоо тамхи худалдан авахад хялбар байх үед тамхи татах нь 2014 онд 31% орчим өндөр байсан бол 2019 он гэхэд энэ өсөлт огцом нэмэгдэж, дөрөв дахин их болжээ. 

Сургуулийнх нь ойролцоо тамхи худалдаж авах боломжтой байгаа тухай сурагчдын өгч буй мэдээллүүд нэмэгдсэн нь сургуулийн сурагчид тамхи хайрцгаар болон ширхгээр татах байдалд нь илүүтэй нөлөөлж байна гэсэн хамаарал үр дүн гарсан. 

-Сургууль орчимд тамхи худалдаалах нь тамхи татах магадлалыг нэмдэг үү, эсвэл татаж эхлэхэд нөлөөлдөг үү?

-Африкийн 16 орон, Египет, Нигер, Индонези зэрэг дэлхийн хөгжиж буй олон оронд хийгдсэн судалгааны үр дүнгүүд нь сургуулийн ойр орчимд тамхи зардаг цэгийн нягтшил их байх, ойр байршилтай байх зэрэг нь сурагчдын тамхидалтад шууд хамааралтай болохыг нотлон харуулсаар байна.

Манай судалгаагаар ч ийм үр дүн гарсан. Сургуулийн ойр тамхи зардаг цэг байгаа байдал нь тамхи татдаг сурагчдын тархалтад шууд хамааралтайг илрүүлсэн. Мэдээж тамхи татаж эхлэхэд бас нөлөөлнө. 2014 онтой харьцуулахад 2019 онд сургууль орчмын тамхи зардаг цэгийн нягтшил, хүртээмж огцом нэмэгдсэнийг судалгаа харуулсан. Энэ нь сургууль орчимд хууль бусаар тамхи зардаг цэгүүдийг эрс хориглох хууль эрх зүйн шийдэмгий алхам шаардлагатай байгааг харуулж байна.

-“Хүүхэд мөнгөгүй учраас тамхи авах боломжгүй” гэж ярих томчууд байна. Та халаасны мөнгө илүүтэй нөлөөлж байгааг дээр дурдсан. Энэ талаар илүү тодруулахгүй юу? 

-Халаасны мөнгөний хэмжээ сурагчдын тамхи таталтад шууд хүчтэй нөлөөлж байгааг харуулсан. Хамгийн сонирхолтой нь 2014 онд 3500-аас дээш төгрөгтэй хүүхдүүд тамхи авах, татаж хэрэглэдэгтэй шууд хамааралтай байсан бол 2019 онд энэ нь 3500 төгрөгөөс ч бага дүнтэй халаасны мөнгөтэй хүүхдүүдэд тамхи татах боломж бий болж, тамхидалттай маш хүчтэй хамааралтай болсон үр дүн гарсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, 2014 онтой харьцуулахад 2019 онд тамхины татвар маш бага, үнэ маш хямд болсон нь худалдан авах чадваргүй байсан хүүхдүүд хүртэл тамхийг хялбар авах хүртээмжийг улам нэмэгдүүлснийг харуулж буй үр дүн. 

Дэлхийн бусад улс оронд сургууль орчмын тамхины худалдааг хэрхэн зохицуулдаг вэ?

-Азийн орнуудад сургуулийн бүс орчимд тамхины худалдааг хориглох тухай хууль эрх зүйн зохицуулалттай ба насанд хүрээгүй хүүхдэд тамхи зарах, сурталчлахыг хянадаг. Ихэнх оронд сургуулийн орчимд тамхи, тамхин бүтээгдэхүүн зарах, үйлчлэх, сурталчлахыг бүрэн хориглодог.  

Ерөөс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 16-р зүйлд Насанд хүрээгүй хүүхэд залууст тамхи тамхин бүтээгдэхүүн зарж борлуулах, сурталчлахыг хориглосон байдаг шүү дээ.

-Хэрэв Монгол Улсад мөрдөж буй 500 метрийн зохицуулалтыг бууруулж, ойртуулбал хүүхдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх вэ?

-Хэрэв одоо мөрдөж буй сургуулийн орчмын 500 метрийн хориглосон хуулийн орчныг сулруулбал насанд хүрээгүй хүүхдүүд тамхи ширхэглэн худалдаж авах болон бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний зар сурталчилгаанд өртөх, тэдний тамхийг олж авах хүртээмж улам нэмэгдэнэ. Ингэснээр хүүхдүүдийн дунд бүх төрлийн тамхины хэрэглээ огцом нэмэгдэх, тамхинд орох нас улам эрт болох, тамхинаас үүдэлтэй хорт хавдар, өвчлөл, нас баралтууд нэмэгдэх эрсдэлүүд үүснэ.

-Тамхи худалдаалах цэгийн зайг багасгах санал зарим УИХ-ын гишүүдээс гарч байгаа тухай та сонссон уу? Судлаачийн хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бидний судалгаа сургууль орчмын тамхи зарж буй хууль бус цэгийн тоо болон нягтшил 2014 онтой харьцуулахад 2019 он огцом нэмэгдсэн нь хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээ эрс нэмэгдэх хүчин зүйл болж байгааг тод харуулсан. Иймээс судлаачийн хувьд хэлэхэд бид сургууль орчмын 500 метр зайг сулруулах бус, харин энэхүү заалтын хэрэгжилтийг хянах хөшүүргийн механизм, торгуулийн тогтолцоог сайжруулах шаардлагатай. Хэрэв сулруулбал улсаа бүх нийтийн тамхидалт руу түлхэж байгаагаас ялгаагүй юм.

Судалгааны зарим үр дүнгээс дурдъя л даа. Сургуулийн ойролцоо тамхи худалдаалагдаж байх үед сурагчдын тамхи татах магадлал 416% буюу 5 дахин нэмэгддэг. Сургуулийнх нь ойролцоо тамхи зардаг цэгүүдтэй сурагчдын дунд тамхи татах түвшин мэдэгдэхүйц өндөр байна. Хүртээмж ойр байх нь хүүхдүүд тамхичин болох магадлалыг хамаагүй өндөр болгодог. Тиймээс хүртээмж нэмэгдэх буюу сургуулийн ойролцоо тамхи харагдаж, зарагдахад хүүхдүүдийн хувьд тамхи татах нь улам л хэвийн зан үйл, хэвшил болно гэсэн үг. Гэтэл 2014 онтой харьцуулахад 2019 онд Монголд тамхи зардаг цэгийн нягтшил ихтэй сургуулиудын эзлэх хувь 65% байснаас 94% болж өссөн байгаа юм. Энэ бол маш ноцтой үр дүн. 

-Хэрэв хууль тогтоогчид хүүхдийн тамхины хэрэглээг бууруулахыг хүсвэл хамгийн үр дүнтэй бодлогын арга хэмжээ юу вэ?

-Хамгийн үр дүнтэй стратеги бол ганц бодлого биш, цогц бодлого хэрэгжүүлэх юм. Улс орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөдөг MPOWER багцыг үр дүнтэй хэрэгжүүлж, тамхидалтыг амжилттай бууруулсаар байна. Энэ нь хянах, хамгаалах, тусламж санал болгох, анхааруулга өгөх, хоригийг хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх цогц бодлого юм. 

Бусад орны шилдэг жишээ, сургамжийг харахад тухайлбал, тамхины татварыг 5-10 биш, бүр 30-75% хүртэл дорвитой нэмэгдүүлэх нь хүүхэд залуучуудын тамхины хэрэглээг мэдэгдэхүйц, үр дүнтэй бууруулж байна. Үүний зэрэгцээ мэдээж тамхи, тамхин бүтээгдэхүүн зарж буй цэгийн нягтшилыг бууруулах, сургууль орчинд хууль бус тамхи зарах цэгийг хориглох, хуулийн хэрэгжилтийн хяналтыг сайжруулах нь үр дүнтэй. Бүх төрлийн тамхины зар сурталчилгааг бүрэн хориглож, ил тавьж зарж борлуулахыг хориглох, тамхинаас гаргах эмчилгээ үйлчилгээ авах хүртээмж, чанарыг сайжруулах, сургуульд түшиглэсэн эцэг эх, багш, сурагчид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч, тамхидалтыг үр дүнтэй бууруулсаар байна. 

-Хүүхдүүдийн тамхины хэрэглээ 2023 онд мөн маш их нэмэгдсэн судалгааг ЭМЯ танилцуулсан. Ялангуяа, электрон тамхины хэрэглээний тухайд 13-17 насныхны дөрвөн хүүхэд тутмын нэг нь вейп татаж байгаа талаар танилцуулсан. Электрон тамхи, вейпний хэрэглээг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ. Монгол Улсад өнөөдөр ямар ч хуулийн зохицуулалтгүй байгаа.

-Энд мөн л амжилттай хэрэгжсэн практик туршлагуудыг анхаарах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд электрон тамхины амт болон никотины агууламжийг бүрэн хориглож байна. Зар сурталчилгааг бүрэн хориглож, 21-ээс доош насныханд зарж борлуулахыг хориглож, энэ төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулах эрхийг лицензжүүлэх, өндөр татвараар хянахын зэрэгцээ олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах замаар тамхидалттай үр дүнтэй тэмцэж байгааг бид харж болно. Тиймээс үнэхээр хүүхдүүд, залуу үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалж, ирээдүйд эрүүл иргэн бүхий нийгмийг бүтээе гэвэл өнөөдрөөс цаг алдалгүй арга хэмжээ авч, үр дүнтэй зохицуулалт, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэмээн судлаач хүний хувьд хэлмээр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна