Б.Мөнхномин: Миний хийж чадах ганц зүйл бол ээжийнхээ донор болох

Х.Есү
3 цаг 51 минутын өмнө

16 настай Б.Мөнхномин охин мөрөөдлөөр дүүрэн байх ёстой энэ насандаа амьдралын хамгийн хүнд сорилтуудын нэгтэй нүүр тулжээ. Ээжийнх нь амь насыг аврах эмчилгээний зардлыг олохын тулд тэр сургуулиудаар явж бал зардаг.

Түүний гар дээрх ууттай өнгө өнгийн бал бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, ээжийнх нь амь, тэдний гэр бүлийн найдвар юм.

Гэвч энэ бүхэн түүний хийж чадах хамгийн том зүйл биш байлаа. Тэр ээждээ донор болохоор шийджээ. Түүний туулж буй алхам бүрт янз бүрийн бодол, эргэлзээ, нулимс дагалдах ч тэр бууж өгсөнгүй. Учир нь тэр “Ээж минь эдгэнэ” гэх ганцхан зүйлд итгэж байгаа.

Өнөөдөр бид энэ зоригт охины дуу хоолойг сонсож, хэсэг хором ярилцлаа.

Ээжийнхээ төлөө хийж чадах бүх зүйлээ хийхийг хүсэж байна 

Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Мөнхномин гэдэг 16 настай. Эрдэнэтийн дөрөвдүгээр арван жилийн 10б ангид суралцдаг.

-Б.Мөнхномингийн сошиал орчинд хийсэн бичлэгүүдийг харсан. Ээжийнхээ эмчилгээний зардалд зориулж бал зарж эхэлсэн гэсэн. Энэ талаараа ярьж өгөөч?

-Манай ээж цочмог цусны холимог хорт хавдар гэх өвчнөөр өнгөрсөн нэгдүгээр сард оношлогдсон. Эхлээд биеэр нь юм туураад Эрдэнэтийн эмнэлэгт очиж үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн. Том эгч маань анх оношийг нь ганцаараа л мэдэж байсан. Би нэг өдөр санаандгүй байдлаар мэдчихсэн.

Ээж Улаанбаатарт нэг удаа химийн эмчилгээ хийлгэсэн. Үүний дараагаар шууд Бээжин рүү явсан. Ээж Бээжинд оччихоод оношоо мэдээд их уйлсан гэсэн. Сэтгэлээр их унасан байсан. Монголд эмчлэгдэх боломжгүй гэж хэлсэн. Гэхдээ том эгч маань ээжийгээ эмчилнэ эдгээнэ гээд аваад явсан. Бээжинд нэг химийн эмчилгээ нь л 60 гаруй сая төгрөг байдаг.

Би ээжийнхээ эмчилгээний зардлыг хүмүүсээс гуйгаад зүгээр суухыг хүсээгүй. Тийм болохоор сургуулиудаар явж бал зарж эхэлсэн. Бас би өөрөө ээжийнхээ донор болохоор шийдсэн. Жирэмсэн хүн болон төрсөн хүн байж болохгүй гэхээр нь би бага хоёр дүүгээ донор болгохгүй гэж бодоод өөрөө болохоор шийдсэн. Ээжийнхээ ачийг хариулахын тулд, үүнээс өөр хийж өгч чадах зүйл байхгүй учраас би зориглож донор болохоор болсон.

-Донор болох шийдвэрийг гаргахад чамд ямар санагдсан бэ?

-Надад хэцүү санагдаагүй. Ээжийнхээ төлөө хийж чадах ганцхан зүйл нь энэ учир хийнэ л гэж бодсон. Би ээжийгээ их зовоож төрсөн гэсэн, эгч дүү нараас илүү хүнд төрөлт байсан гэсэн. Тийм болохоор энэ үйлдлээрээ ээжийнхээ ачийг хариулъя гэж бодсон.

-Сургуулиудаар бал зарахаар эмчилгээнийх нь зардалд бага ч гэсэн нэмэртэй байна уу?

-Би сургуулиудаар бал зараад 40 сая төгрөг олсон. Зүгээр сууж байснаас л дээр хэрэгтэй шүү дээ. Ээжийн эмчилгээний зардал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс мөнгө их хэрэгтэй. Балаа зараад мөнгө олж байна гэхээр би их баярласан. Мөнгө нь бага ч гэсэн цугларч байгаа болохоор сэтгэл арай дээрдсэн.

-Ээжтэйгээ ярилцсан уу?

Сүүлд өвчнийх нь оношийг мэдсэний дараа би ээжийнхээ нүд рүү эгцэлж харж чадаагүй. Харахаас эмээгээд байсан. Хүүхэд нь өөрийнх нь донор болохыг мэдсэн болохоор ээжид ч гэсэн хүнд байгаа байх гэж их бодсон.

Гэхдээ би ээждээ их сэтгэлийн дэм өгөхийг хичээсэн. Ээж ээ, эдгэнэ ээ, эрүүл саруул болно гэж байнга хэлдэг. Анх хорт хавдар гэхийг нь сонсоод их цочирдсон. Яана аа ээж маань биднийг орхиод явчих вий дээ, одоо яах уу гэж хамгийн түрүүнд бодогдсон.

Миний сэтгэл санаа 360 градус эргэж байхад ээжийн минь сэтгэл санаа ямар байгаа бол гэж их бодсон. Ээж маань их дотогшоогоо хүн, ийм байна тийм байна гэж юу ч хийж байгаагүй. Жижигхэн өргөс шиг зүйл гаргаж ирээд сэтгэлээ ураад байдаг юм шиг санагдсан.

Миний ээж үнэхээр зоригтой, мундаг, эрэмгий дайчин хүн. Битгий өвчиндөө бууж өгөөрэй, хүүхдүүд нь таны төлөө чадах бүхнээ хийнэ, та л эрүүл саруул байх хэрэгтэй шүү. Хурдан эдгээд хамтдаа Монголдоо ирэхийг хүсэж байна.

Ээж маань бүрэн эдгэрнэ гэдэг би 100 хувь итгэлтэй байна. Тийм болохоор өөрийнхөө чадах бүхнийг хийсээр байх болно оо” гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.67.153.48
    55 минутын өмнө

    Энэ гэр бүлийг элэг бүтэн амьдархад туслъя үнэхээр мундаг охин байна Монголын ахан дүүс минь хандивт нэгдээрэй далайд дусал нэмэр

    Хариулах
  • 59.153.112.168
    8 минутын өмнө

    Мундаг шүү миний дүү

    Хариулах
  • 223.118.51.65
    1 цагийн өмнө

    Хандивт нэгдэж байна. Мундаг охин байна шүү амжилт хүсье

    Хариулах