Ард түмнийхээ эрх ашгаас урвасан, "бай"-гаа оноогүй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт

Х.Батсайхан
1 цаг 42 минутын өмнө

-Засгийн газар “Онтрэ”-тэй тохиролцсон уу-

Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Хууль бол харилцааг зохицуулдаг, харин харилцаа нь орчин нөхцөлөөс болоод байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг учраас аливаа хууль шинэчлэгдэх нь ер нь бол зүйтэй.

Гэхдээ, ард түмнийхээ эрх ашгаас урвасан хууль эрхзүйн орчинг байнга, тасралтгүйгээр бүрдүүлэх нь үндэстний эв нэгдэл, төр иргэний итгэлцэлд маш хортой юм. Засгийн газрын өргөн барьсан хуульд орсон АМНАТ-тэй холбоотой заалт яг ийм агуулга илэрхийлж байна. Яагаад гэдгийг тайлбарлая.

"Бай"-гаа оносонгүй

Засгийн газар зэсийн баяжмалд ногдуулах нэмэлт АМНАТ 15 хувь байгааг 5 болгож бууруулах шалтгаанаа “Зэсийн салбарт шинэ хөрөнгө оруулагч оруулж ирэхийн тулд” гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл, зэсийн хайгуулд шинэ хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаа гол шалтгаан нь нэмэлт АМНАТ мөн үү гэвэл үгүй. Өнөөдөр Монголын уул уурхайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа гол шалтгаан бол нэгдүгээрт, Стратегийн ордод тооцох шалгуур тодорхойгүй буюу хүсвэл Засгийн газар бүх ордод үнэгүй хувь эзэмшил тогтоож болохоор маш өргөн агуулгатай, хоёрдугаарт, хөрөнгө оруулагч олж илрүүлсэн ордынхоо 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт гэдгийг бүгд мэдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан дор дурдсан зохицуулалтууд бөгөөд Засгийн газрын оруулж ирсэн хувилбарт доорх заалтууд огт хөндөгдсөнгүй.    

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

4.1.12 -"стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;

-5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

-5.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.

Хөрөнгө оруулалтын гол гацаагаа арилгаагүй баж АМНАТ-өөр оролдож ард түмний эрх ашигт халдсан үйлдэл хийлээ 

Ер нь зэсийн салбарт гэлтгүй уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болж байгаа гол шалтгааныг дээр дурьдлаа. Тэгвэл Засгийн газар яагаад зэсийг онилж, АМНАТ-ыг бууруулав гэсэн асуулт гарна. Энэ асуултад хариулахын өмнө эхлээд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж юу вэ гэдгийг тайлбарлая.

Монгол Улсын Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Тэгвэл АМНАТ бол шууд утгаараа энэ заалтыг хэрэгжүүлж, ард түмэн баялгийн эзэн гэдгийг харуулдаг бөгөөд борлуулалтын орлого дээрээс шууд авдаг төлбөр юм.  

Одоогийн хууль эрхзүйн зохицуулалтаар АМНАТ нь Баялгийн сангийн хөрөнгийг арвижуулах гол эх үүсвэр юм. Баялгийн сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд орох орлого баталгаажсанаар бид одоогоор хараахан бий болоогүй байгаа орлогоо ч /Ирээдүйд орж ирэх нь тодорхой гэдэг утгаараа/ барьцаалан амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэх учиртай.

Засгийн газрын оруулж ирж байгаа өөрчлөлтөөр АМНАТ-ын хувь хэмжээ буурч байгаа бөгөөд энэ нь Баялгийн санд орох орлогын хэмжээ буурах үр дагавартай.

Засгийн газар “Онтрэ”-гийн лоббид оров уу

Засгийн газар гэнэт зэсийн АМНАТ-ыг бууруулах хууль оруулж ирснийг “Онтрэ” ХХК-тай холбох маш том шалтгаан бий. УИХ тус компанийн Оюутолгойн бүлэг ордод эзэмшдэг Жавхлант, Шивээ толгой лицензүүдийг 2009 онд Рио Тинтотой байгуулсан ХОГ-нд хамаарахгүй гэдэг дүгнэлт гаргасан. Энэ нь Засгийн газар тус лицензит талбай дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэсэн үг бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй татварын орчноор явна гэсэн үг. Чухам үүнд зориулж 15 хувь байгаа АМНАТ, нэмэлт АМНАТ-ын таазыг 10 хувь болгож бууруулсан гэж хардаж байна.

Учир нь, Засгийн газар “Онтрэ”-гийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулах боломжтой, энэ эрхийг хөндөхгүй” гэж байгаа ч АМНАТ-ын тааз үүнд нөлөөгүй биш нөлөөтэй.

Бид бүхэн жишиг болгож байгаа “Орано”-той байгуулсан ХОГ-нд Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцаагаа “10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ”-аар орлуулсан. Хуулийн боломж нь байсан учраас 5+9, нийт 14 хувийн АМНАТ авах боломжтой байсан хэрэг.  

“Онтрэ”-д ялгаагүй, хуулийн боломжоороо АМНАТ тогтооно. Тэр нь үнээс шалтгаалаад 20 хүртэлх хувь байсныг нь одоо дээд тал нь 10 хувь байхаар өөрчлөх гэж байна.     

“Онтрэ”-гийн хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий. Зэсийн эрэлт буурахаасаа өнгөрсөн, шинэ орд ховордсон энэ үед зэсийн үнэ 9000 ам.доллараас бууна гэдэг юу л бол. Одоо байгаа ханш 13,000 ам.доллараар тооцоход 4000 ам.долларын 15 хувь 600 ам.доллар, 10 сая тонноор бодоход 6,000,000,000 /зургаан тэрбум ам.доллар/ болж байх бөгөөд хуулийн өөрчлөлтөөр энэ мөнгөний дөрвөн тэрбум нь алга болно л гэсэн үг. Баялгийн санд төвлөрөх дөрвөн тэрбум ам.доллар алга болно.

Оюутолгой найдвартай төсөл, 2051 он хүртэл ажиллаж, энэ хэмжээний мөнгө Баялгийн санд төвлөрөх нь тодорхой гэдэг итгэл төрүүлсэн байхад бид энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг босгож ирэн асуудлаа шийдэх боломж бүрдэх байсан нь үгүй болно.

Товчхондоо, өнөөдөр Чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуулийн гол өөрчлөлт нь Онтрэгээс Монгол Улс эзэмших 34 хувиас ард түмэнд шууд хуваарилагдах АМНАТ-ын хэмжээг багасгаж, тэрхүү багасгасан хэсгийг “Өгөөжийн 51 хувь нь Монголд” /Сүүлийн үед 60 хувь нь Монголд ногдох ёстой гэдэг болсон/ гэдэг зарчмын дагуу бусад буюу ААНОАТ, гаалийн татвар хураамж гэх зэргээр дамжуулан улсын төсөв рүү шилжүүлэх агуулгатай болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна