Х.Батжаргал: Стандартыг иргэдийн хяналтад оруулна

Х.Батсайхан
1 цаг 37 минутын өмнө

Зөв.мн сайтын хамт олон “Танд хэрэгтэй ярилцлага” хэмээх шинэ буланг хөтөлж эхэлж байна. Таныг манай ярилцлагыг уншсаныхаа дараа авсан мэдээлэлддээ тулгуурлан үйлдэл хийх, шийдвэр гаргахад хүргэх нь булангийн маань гол зорилго юм. Зочин болгоноосоо хамгийн шинэ, чухал мэдээллийг авч, танд хамгийн хэрэгтэй, таны заавал уншдаг булан байхыг бид хичээх болно.  

Булангийнхаа эхний зочноор Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргалыг урьж ярилцлаа.

-Нээлттэй эх сурвалжаас танай салбарт тулгамдсан бэрхшээлийг судлахад олон нийтийн ойлголт, хандлагын зөрүү дээгүүр орсон юм. Тиймээс уншигчдад ойлголт өгөхийн тулд стандарт гэж юу вэ, ямар ач холбогдолтой вэ гэдэг энгийн асуултаар ярилцлагаа эхэлье?

- Стандартчилал, стандарт гэхээр нэг тийм төвөгшөөсөн, бичиг баримтыг мөрдөх, мөрдүүлэх гэсэн ойлголт яваад байдаг тал бий.

Тэр ойлголт хандлагыг, ялангуяа иргэдийн стандартын хэрэглээ, хандлагыг өөрчилье гэдэг зорилго тавьж, тэр дагуу төлөвлөгөө гаргаад, хууль эрх зүйн орчноо ч нарийвчлаад, олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаад явж байна.

-Төлөвлөгөөний хүрээнд ямар шинэчлэл хийгдэх вэ?  

-Стандарт гэдэг бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах чанарын наад захын шалгуур юм. Илүү өндөр байж болно, гэхдээ “Энийг л хангавал иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюулгүй, чанарын баталгаа шүү” гэдэг босго.

Энэ стандартыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх нь төрийн үүрэг. Харин шаардлага, шахалтаар биш зах зээлийн зарчмаар хөгжүүлэх бололцоог олгох юм. Салбарын шинэчлэлийн хүрээнд төр үүргээ гүйцэтгэхдээ иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлж, хяналтыг иргэд рүү шилжүүлж байгаа нь шинэчлэлийн нэг гол онцлог.       

Хөгжингүй улсад төр нь “Чи энийг мөрдөх ёстой” гэж шахахаасаа илүү иргэдийн хандлага, соёл нь өөрөө стандартыг мөрдөхийг шахах, сайжруулах, улмаар улс орон улам хөгжиж дэвших хүчин зүйл болж байдаг жишиг бий. Японд жишээ нь, хэрэглэгчдийн хувьд ч, бараа, үйлчилгээ нийлүүлэгчийн хувьд ч стандарт гэдэг зүйл бараг үндэснийх нь  соёл болчихсон. Иргэд нь өндөр шаардлагатай. Түүнийгээ дагаад чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж тэнд байхгүй.

Герман мөн ялгаагүй, герман хүн цаг барихаасаа өгсүүлээд юм хийхдээ дүрэм журам стандартыг ягштал барьдаг. Тийм зарчим, соёлоор хийгдсэн учраас ар дээр нь чанарын талаар санаа зовох зүйл гардаггүй. Энэ нь бүр үндэстнийх нь нэрийн хуудас болчихсон.

Манай улсын хувьд, иргэдэд ч, байгууллагад ч энэ стандарт, тогтсон дүрэм журам, хэв загвар, соёл хараахан тогтоогүй байна. Энэ нь эцсийн сайн үр дүнд хүрэхэд саад болдог тал нийтлэг байна. Тиймээс иргэд, байгууллагуудад  “Төр мөрдүүлэх ёстой” гэхээсээ өмнө стандартгүй бараа, үйлчилгээ зах зээл дээрээс шахагдах орчин, тогтолцоог бүрдүүлэх юм.

-Гэхдээ бодит байдал дээр иргэд стандартыг амьдралд хэрэглэж, хэвшүүлэх боломж байгаа юу. Иргэд үйлчилгээ авахдаа тухайн салбарт яг ямар стандарт байдаг, өөрт нь стандартын дагуу үйлчилж байгаа эсэхийг хаанаас мэдэх вэ?

-Стандарт иргэдэд хаалттай, мэдэх боломж хомс гэдэг үнэн, тэр нь стандарт шаардаж, эрхээ хамгаалахад нь саад болж байсан тал бий. Стандартын нэгдсэн сан estandard гэж байдаг. Энэ сан өмнө нь төлбөртэй байсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл, “Би үсчин ажиллуулъя. Ямар ямар стандартыг хангасан байх ёстой” гэдгээ цахим сангаасаа татаж авч хэрэглэхэд мөнгө төлдөг байсан. Харин Ерөнхий сайд Н.Учралын  “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Шадар сайдын 150 дугаар тушаал гарч, Үндэсний стандарт нэгдсэн санд үнэ төлбөргүй болсон. 

Өөрөөр хэлбэл, үндэсний стандартыг иргэд чөлөөтэй ашиглах боломж бүрдсэн. Ингэснээр, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд ямар стандарт хангах ёстойгоо, харин хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэд бусдаас ямар хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээ авахаа чөлөөтэй мэдэх боломжийг нээсэн.

Сайдын тушаал хэрэгжиж эхэлсэн яг тэр өдөр estandard цахим системийн хандалт 1700 хүрсэн байдаг. Өмнө нь 100 хүрэхтэй, үгүйтэй л байсан. Тэгээд анализ хийгээд үзтэл нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь, стандарт татаж авсан хэрэглэгчдийн дотор төрийн байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр давамгайлсан байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тэдгээр стандартуудын хэрэглээ нэмэгдэж байна аа л гэсэн үг. Иргэд стандарттай чөлөөтэй танилцдаг болчихлоо, тэгээд тэр үйлчилгээгээ нэхнэ гэдгийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд тооцож  байна гэсэн үг шүү дээ. Энэ бол стандартыг иргэдийн хяналтад шилжүүлэх нь үр дүнтэй гэдгийг харуулсан.    

Дараагийн ээлжинд бид цахим шинэчлэлийн хүрээнд стандартыг иргэдэд хүргэх замыг хялбарчлахаар ажиллаж байна. 

Иргэд дэлгүүр орж, бараа худалдаж авлаа эсвэл нэг газар ороод хоол идлээ гэхэд цаана нь асар олон стандарт байж байдаг. Жишээ нь, хүн дэлгүүрт ороод бараа авахдаа хугацааг нь л хардаг шүү дээ. Тэр хугацаанаас гадна хэрхэн үйлдвэрлэгсэнээс  эхлээд лабраторийн шинжилгээ, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт гээд бүхэл бүтэн тогтолцоо ажилласан байдаг. Гэхдээ тэр нь хэрэглээнд орохдоо төвөгтэй, бичиг баримт тал руугаа байсан байхгүй юу.

Одоо харин технологи хөгжөөд цахимжилт, хиймэл оюун бүх юмыг хамгийн хялбараар шийдэх боломж, гарц нь гараад ирлээ.

Мэдээллийг нэгтгэж, сан үүсгэж, эко систем бий болгох нь энэ ажлыг хийх үндсэн суурь болно. Одоогийн нөхцөл байдал бол лаборатори болгон өөр, өөрийн цахим бүртгэл, сантай үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа. ААН болгон, төр бас цахимаар үйл ажиллагаа явуулах гээд тус, тусдаа систем хийж байна. Тэгвэл энэ бүхнийг нэгдсэн эко ситем болгож интеграцичлаад, тэр үр дүнгээ гаалийн байгууллагадаа нээлттэй байлгадаг, Гааль ч гэлтгүй бүхий л байгууллагууд харилцан өгөгдөл солилцдог, дээрээс нь иргэд хэрэгтэй мэдээллээ орчин үеийн технологи, хиймэл оюуны тусламжтайгаар авдаг ийм боломжийг л бий болгохоор ажиллаж байна.

Жишээ нь, бараа бүтээгдэхүүн дээр байдаг бар кодыг иргэд гар утсаараа уншуулахад л гаалиар орж ирсэн он сар,  үйлдвэрлэл, лабоаторийн шинжилгээний дүн, тохирлын үнэлгээ гээд тухайн барааны мэдээлэл шууд харагдана гэсэн үг. Эндээс “Стандарт нь ийм байна, баталгаажуулаагүй байна” гэхэд хэн ч авахгүй шүү дээ. Ингэж иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаална. Дээр нь холбогдох газарт нь мэдэгдэх замаар стандартын хэрэгжилт, хяналтад оролцох юм.

-Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Хөгжүүлэлт, бэлтгэлийн шатанд явж байгаа. Гэхдээ төрийн ажил хууль эрхзүйн орчин бүрдэж байж урагшилдаг. Манай салбарын харилцааг зохицуулдаг эрх зүйн гол баримт бичиг нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль. 2019 онд шинэчлэн батлагдсанаасаа хойш өөрчлөгдөөгүй байсан энэ хуулийг шинэчлэн боловсруулах ажил намайг ажил авахтай яг зэрэгцсэн.

Энэ хууль ер нь шинэлэгдэх цаг болчихсон, болоод бүр хэтэрчихсэн байсан. Стандарт чинь өөрөө хуультай адилхан байнгын хөдөлгөөнтэй, цаг үе, хөгжлөө дагаад шинэчлэгдэж байдаг.

Олон улсын стандарт буюу бидний мэдэх ISO хөгжлөө дагаад маш хурдтай шинэчлэгдээд байдаг. Гэтэл манайд энэ хурдыг нь гүйцэхгүй, удаашралтай байгаа.

Үүний нэг шалтгаан нь эрх зүйн орчин хоцрогдолтой, зохицуулах чадвар муудсантай холбоотой. Зарим нэг зүйл дээр тодорхой биш, олон улсынхаа жишгээс хоцрогдчихсон, олон давхардалтай. Дээр нь манайд бас хурдтай явагдаж байгаа цахимжилтыг нэвтрүүлэхэд хууль эрхзүйн хувьд орхигдчихсон. Тиймээс салбарынхаа хуулийг шинэчлэн боловсруулсан нь УИХ-д өргөн баригдсан, намрын ээлжит Чуулган эхлэхээр нарийн тов нь гарч, хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Цахимжилтыг шингээж, давхардлыг арилгах , ОУ-ын жишигт хүргэх нь хууль эрх зүйн шинэчлэлийн гол зорилго. Цахимжилтын цаана мэдээж, стандартыг хэрэглээнд нэвтрүүлэх, иргэдэд мэдээллийг ойлгомжтой, хялбараар хүргэх боломж байж байдаг. Нөгөө талаар илүү тунгалаг, шилэн болж гадаад худалдаа ч хөнгөвчлөгдөнө.

Гадаад худалдаан дээр жишээ нь, гадаадын стандартын систем манай стандартын эко систем харилцан хүлээн зөвшөөрөгдсөн, заавал бичиг цаас, хүний оролцоогүй байх боломж бий болно. Дээр хэлсэнчлэн, тэр хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн эко системээс Гааль мэдээллээ татаад авчихдаг... Нэг хүнсний бүтээгдэхүүн оруулж ирлээ гэхэд, Тохирлын үнэлгээний гэрчилгээ гээд цаас шаардаад, тэрийг нь хянах процесс явж байхын оронд систем дээрээсээ харчихдаг, тэр системээр, шалгуурыг даваад ороод ирчихсэн бол дэлгүүрийн лангуун дээр тавигдахад мэдээлэл нь маш тодорхой байж байх ийм л боломж бүрдүүлэх гээд ажиллаж байна.  

Герман, Япон, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад дэлгүүрийн лангуун дээр байгаа бүх бараа чанар, стандартын баталгаатай байгаа. Гэтэл манайд тийм итгэлтэй биш. Үндсэндээ хугацааг нь хараад, “За, хугацаа нь л дуусчихаагүй бол” гэдэг байдалтай явдаг. Гэтэл цаана нь олон шалгуур давсан байдаг. Зүйрлэж хэлвэл бид экспорт хийхэд тухайн орны маш олон шаардлага шалгуур давдаг мөртлөө импорт дээр тийм байдаггүй нь том дутагдал. Иргэн нэгэнт мөнгө төлж авч л байгаа бол чанар, аюулгүй байдлыг мэдэх эрх нь байж байгаа шүү дээ. Эрхээ эдлэх боломжийг хялбараар бүрдүүлж өгөх нь чухал.

-Өөр ямар шинэчлэл хийгдэж байна вэ?  

-Ер нь Бодлогын, Санхүүжилтийн, Тогтолцооны, Эрхзүйн, Цахимжилтын гэсэн таван чиглэлээр шинэчлэл хийчихье гэж зорьж байгаа юм. Эхнийх нь Бодлогын реформ буюу стандартаар чиглүүлэх, салбар дундын уялдаа. Ер нь анхан шатнаасаа стандартыг л барьчих юм бол чанарын асуудал үгүй болно, аюулгүй байдал хангагдана гэдэг зарчимд шилжих. Анхан шатандаа стандарт бариагүйгээс алдаа эндэл гардаг, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд ч гардаг шүү дээ. Тэгэхээр энэ бол маш олон салбарт нөлөөтэй, уялдаа холбоо шаардсан ажил...  

-“0-7 насны хүүхдийнхээ шүдийг 100 хувь эмчилчихвэл насанд хүрэх үед зүрхний өвчлөл автомтаар 50 хувиар буурдаг” гэсэн судалгаа айдаг. Тэрэн шиг, стандарт мөрдөх нь олон асуудлын суурь шалтгаан болдог, мөрдсөн тохиолдолд асуудал арилдаг гэсэн үг байх нь?

-Яг тийм. Жишээ нь, төрийн томоохон тендер зарлагдаад, тэрний дагуу худалдан авалт хийхдээ стандартыг шаардлага болгож тавиад хил дээр стандартыг шалгаад оруулж ирсэн бол “Ногоон автобусны“ гэдэг шиг асуудал, “Тамын 50” гэдэг зам шиг ч юмуу асуудал гарахгүй л байсан байхгүй юу.

Хоёр дахь нь дээр хэлсэн, хууль эрхзүйн орчны шинэчлэл. Гурав дахь нь цахимжилт. Энэ чиглэлээр ямар ажил явагдаж байгаа талаар ярьчихсан. Дөрөв, тав дахь нь тогтолцоо, санхүүжилтийн  реформ юм.

Тохирлын үнэлгээ гэж байдаг. Стандартын шаардлагыг тухайн ААН бараа бүтээгдэхүүн хэрхэн хангаж байгааг тодорхойлж, хангаж байгаа эсэх дээр аудит хийж шалгаад баталгаажуулж гэрчилгээ олгодог процесс. Үүнийг хуулийнхаа дагуу хувийн хэвшлийнхэн хийж болоод байгаа. Зэрэгцээд манай Стандарт хэмжилзүйн газар дээр бас давхар хийгдээд явдаг. Энийг больё гэж байгаа юм. Хувийн хэвшил тэнд хүн цалинжуулж, татвар төлөөд ажиллаж байхад улсын төсвөөс хүмүүсээ цалинжуулчихаад хувийн хэвшилтэйгээ өрсөлдөнө гэдэг чинь утгагүй асуудал шүү дээ. 

Санхүүжилтийн реформын хүрээнд, төсвийн мөнгө бол бодлого боловсруулах, хуулийн хяналт, хэрэгжилтийг хангахад зарцуулагдах ёстой. Аж ахуйн чанартай ажил хийж, орлого олох нь зохимжгүй юм. Үнэхээр төр хийх шаардлагатай, хуульчилсан бол бол аж ахуйн тооцоогоор явах нь зүйтэй болохоос  Засгийн газрын тохируулагч агентлаг төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа гэх мэт холилдсон тогтолцоогоор удаан явж ирснийг ялгаж салгаж өөрчлөх л хэрэгтэй. Тэгэхээр, чиг үүргээр нь салгана. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчим дээр тулгуурлаж энэ өөрчлөлтийг хийнэ. Ялгаа заагийг нь илүү тодорхой болгоно.


-Хоёулаа стандартыг иргэдийн хяналтад оруулж, иргэд стандарт мөрдөх, сайжрахад үүрэг гүйцэтгэх талаар нэлээд ярилаа. Яг албан ёсны стандартыг ер нь хэн тогтоодог юм бэ? 

-Стандартыг боловсруулах, өөрчлөх шинээр бий болгох ажлыг салбар болгонд байдаг Техникийн хороо гэж орон тооны бус бүтэц хийдэг. Техникийн хороонд тухайн салбарын мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны төлөөлөл, судлаачид, төрийн захиргааны төв байгууллага орж ажиллаад, мэтгэлцээд, дүгнэлтээ гаргаад ирэхээр Стандарт, хэмжилзүйн газар мэргэжлийн үүднээс хянан баталгаажуулдаг. Хүн л ажиллаж байгаа хойно тэнд боловсрулах багийн ажлын хөлс яригдана, хэрвээ олон улсын стандартыг нутагшуулах гэж байгаа бол орчуулгын хөлс гэх мэт зардлууд гардаг.

Хуулиараа бол шинэ стандартыг бий болгох, боловсруулах, санаачлах эрх нь иргэн, ААН, салбар яамд бараг хүн бүхний өмнө нээлттэй байдаг. Одоогийн зохицуулалтаар бол иргэдэд хүргэж байгаа өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахын тулд салбарын яам нь өөрсдөө хариуцдаг гэсэн үг. Стандартаа шинэчлэх тал дээр удаашралтай байгаа тал бий.

Олон улсад технологи, жишээ нь сэргээгдэх эрчим хүчний технологийн салбарт маш олон стандартууд шинээр бий болж байна. Жишээ нь, манайд цахилгаан автомашин цэнэглэдэг “Ногоон өртөө” гэж бий боллоо. Иргэн 10 литр шатахууны мөнгө төлөхөд ШТС нь яг 10 литрийг шахаж чадаж байна уу гэдгийг манайх шалгаж баталгаажуулдаг. Тэрэн шиг, 10 цаг цэнэглэх мөнгө төлөхөд яг 450 км туулах цэнэгийг авч чадаж байна уу гэдгийг иргэдийн өмнөөс манайх шалгаж баталгаажуулах ёстой байхгүй юу. Иргэд мөнгөө төлж авч байгаа юм чинь үнэн зөвийн батлагаа нь хангагдах ёстой шүү дээ.

Энэ мэтчилэн зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүх л салбарт цаг үе, хөгжлөө дагаад олон шинэ бараа, үйлчилгээ орж ирж байна. Тэр болгонд манайд мөрдөх стандартууд нь байж байх ёстой. Үүнийг салбар болгон дор, дороо хийж байх ёстой.

Хуулиараа бол хоёр жил тутамд Стандартын улсын үзлэг явуулаад эндээс аль салбарт ямар стандарт шинээр бий болгох, өөрчлөх вэ гэдэг дүр зургийг гаргаад Засгийн газрын хурлаар орж, тус, тусын салбарын сайд нарт үүрэг өгөгдөж, сайд нар нь арга хэмжээгээ аваад явах ёстой. Энэ ажлууд Бодлогын реформын хүрээнд хүлээгдэж байгаа гэсэн үг.

Харин заавал стандарт мөрдөх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газраас   тогтоосон байдаг.   

-Стандарт тогтооно гэдэг улс орныхоо тухайн үеийн хөгжлийн түвшин, ААН-үүдийнхээ нөөц боломж, чадамжийг харгалзаж үзэхгүй бол, хэт өндөр тавьсан тохиолдолд ажил зогсох, гадны улсыг дэмжсэн болчих ч талтай нарийн ажил юм билээ?

-Ер нь бол таны хэлдэг зөв. Нэг талдаа ААН-үүд байгаа. Гэхдээ нөгөө талд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэж том эрх ашиг бас бий. Тэгэхээр, тал, талаас нь бодож байгаад балансыг нь тааруулж л тогтоодог гэсэн үг. Өртөг хямд байхыг нь бодолцоод хэтэрхий доогуур тавьчихвал иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө. Ялангуяа хүнс, эрүүл мэнд дээр. Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдал доогуур түвшинд тавигдах ёсгүй л дээ.

Стандарт гэдэг нэг талаасаа хамгийн над захын хэм хэмжээ  боловч нөгөө талдаа “Бид нар энийг мөрдөж байна аа” гэж байгаа тухайн ААН-ийнхээ хувьд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж борлуулалтаа нэмэгдүүлэх нэг том хөшүүрэг байдаг. Ямар ч бизнес итгэлцэл дээр явдаг шүү дээ. Тэр итгэлцлийг бий болгодог л нэг хэрэгсэл байхгүй юу.

Стандарт, хэмжил зүйн газрын үүдэнд Монгол Улсын эталон цаг бий. Үүрэн телефоны операторуудаас эхлээд бүхий л байгууллагууд үйл ажиллагаандаа энэ цагийн заалтыг авч ашигладаг байна /Гэрэл зургийг mpa.mn/

-Иргэд мэдээлэл чөлөөтэй авах болсноор хяналтаа тавьж эхэлнэ. Зөрчил, гомдлыг хаашаа мэдээлэх вэ, буруутай этгээдэд ямар хариуцлага ногдуулах вэ?

-Стандарт гэдэг маань мөрдөх ёстой наад захын хэм хэмжээ, чанарын дэд бүтэц учраас гол төлөв зах зээлийн хууль, өрсөлдөх чадвар зохицуулагдах учиртай. Заавал мөрдөх шаардлагууд ч байгаа. Мэдээллийн нэгдсэн систем ажиллаад эхлэхээр тэнд чансаа тодорхойлогдоно, эрэмбэлэгдэнэ. Зах зээлээс шахагдах бол том хариуцлагын асуудал, мэдээж зөрчлийн тухай хуулийн үйлчлэл бас байгаа.   

Нэг ёсондоо шинэчлэл хийгдсэнээр шударга өрсөлдөөний зарчим үйлчилнэ. Чанартай нь үлдэж, чанаргүй нь алга болох зарчим үйлчилнэ.

Харин дээр хэлсэнчлэн Зсгийн газрын 291 дүгээр тогтоолоор батлагдсан заавал стандарт мөрдөх ёстой бүтээгдэхүүний жагсаалтад орсон, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх бүтээгдэхүүний тухайд арай өөр.

-Танай агентлагийн бас нэг чиг үүрэг нь хэмжил зүй?

-Юм бүхэнд хэмжээ бий. Бүх зүйл хэмжигддэг. Хүн төрөхөд л “Тэдэн кг төрлөө” гэдэг шүү дээ. Насан туршдаа физик болон тоон хэмжээс дунд ажил амьдрал өрнөдөг. Хэмжилзүй бол тусгай хуулиар зохицуулагддаг, манай иргэдийн амьдралд хамгийн их нөлөөтэй чухал салбар. Иргэн хүн мөнгө төлөөд юм худалдаж авч л байгаа бол тэр авсан юм нь хэмжээндээ байгаа гэдгийг баталгаажуулах ёстой байдаг. Энэ ажлын бодлого зохицуулалт, хэрэгжилтийг харин манай агентлаг хийдэг. 

Жишээ нь, цагдаа согтуурлыг шалгахдаа ашигладаг драгер хэмжээ нь зөв зааж буй, хурд хэмжээд зохих хэмжээнээс хэтэрсэн бол тогргодог багаж үнэн зөв зааж байгааг баталгаажуулсан л байх ёстой. Шийтгүүлж байгаа хүн “Наад багаж чинь баталгаатай юу” гэж асуух эрхтэй байхгүй юу.  Дулааны, цахилгааны, усны, утасны ярианы гэх мэт бүх төрлийн тоолуураар хэмжүүлж мөнгө төлж л байгаа бол баталгаажсан байхыг шаардах эрхтэй юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.31
    40 минутын өмнө

    Уншууртай ярилцлага болжээ. Сэтгүүлчид баяр хүргэе ээ

    Хариулах