Ц.Уранчимэг: Нөмрөгийн түймэр одоо ч унтраагүй байна

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан талбаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл цурманд оруулсан ч бүрэн унтраагүй байгаа тул хохирол тооцох бололмжгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг хэвлэлд "Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар 1995 онд УИХ-аас хамгаалалтын захиргааг нь байгуулснаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 582 мянган га талбайг хамгаалдаг. Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд хамгаалалтын захиргааныхаа ажилтан, алба хаагчидтай уулзаж мэдээлэл авахад түймэр гардаг өдөр үүргээ гүйцэтгээд явж байхад түймрийн утаа нь харагдсан. Улмаар тухайн газар руу очихоор явж байхад машинтай хүмүүстэй таарсан гэж байгаа.   

Нөмрөгийн дархан цаазат газар, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар нэвтрэх зөвшөөрөл олгодог. Урьдчилан хүсэлтээ өгч, зөвшөөрөл аван хураамжаа төлсний дараа холбогдох байгууллагын хяналт дор нэвтрэх журамтай. Тухайн хүмүүсийн хувьд улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл аваагүй. Зарим нь хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авсан гэсэн тайлбар хэлж байгаа. 

Нөмрөгийн түймэр одоо ч унтраагүй байна. Галыг гүйцэт унтраасны дараа байгаль орчинд учирсан нөлөөллийг тооцож, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хохирлыг нөхөн төлүүлнэ. Одоогоор БОУАӨЯ-ны 7 мэргэжилтэн хилийн цэргийнхэнтэй хамт газар дээр нь ажиллаж байна" гэжээ. 

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт одоогийн байдлаар 7200 км2 хэмжээтэй талбай өртсөн гэсэн мэдээлэл байна. 

Түймрийн шалтгаан тухайд, Мобиком корпорацийн удирдлагуудын хөлөглөж явсан машин шатсанаас болж гарсан гэдэг нь тодорхой болоод байгаа юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.119
    23 минутын өмнө

    Нөмрөг бүрэн шатаад нэмээд 200000 га газар шатчихсан юм уу.

    Хариулах