Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2017/01/11
БОАЖЯ-аас зохион байгуулж байгаа “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал өнөөдөр эхэллээ.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хурлыг нээн хэлэхдээ “Монгол орны хувьд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртох, бэлчээрийн хомсдол, уул уурхайн олборлолтоос шалтгаалан амьтан, ургамлын төрөл зүйл, нөөц хорогдох, хөрсний эвдрэл, бэлчээрийн талхагдал, цөлжилтийн эрчимжилт, гадаргын болон газрын доорхи усны нөөцийн хомсдол, усны түвшний бууралт, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол нэмэгдэж буйгаар илэрч байгааг “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-гийн мэдээ, баримтууд нотолж байна. Манай яам бусад яамдаас ялгарах нэг гол онцлог бол өөрийн гэсэн тусгай хууль зүй тогтолтой байгалийн үзэгдэл юмсыг зохицуулах бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулдаг. Иймд мэргэжлийн эрдэмтдийн судалгааны үр дүн, санал, бодлыг сайтар анхаарч байх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Манай орны уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 70 жилд 2,1 хувиар нэмэгдсэн. Мөн агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам бүр нэмэгдэж байна. Иймээс бид эрдэмтдын  үгийг сонсож тэдний хийсэн судалгаан шинжилгээнд үндэслэн арга хэмжээ авах нэн шаардлагатай байна” гэв.

ШУА-ын ерөнхийлөгч академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “ Энэхүү хурлыг зохион байгуулж байгаад БОАЖЯ-ны сайд болон албан хаагчдад талархал илэрхийлье. Хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа бидний цааш цаашдаа хийх ажилд ихээхэн түлхэц үзүүлнэ. Үр дүнд нь бидний өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг шийдэх болно” гэлээ.

Тус хуралд НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг-нийгмийн комисс, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэд,  судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 200-аад судлаач, эрдэмтэд оролцож байна. Эрдэмтэн, судлаачдын  103 илтгэлийг сонсч хэлэлцэх  юм.

Хуралд хэлэлцүүлж буй эрдэмтдийн илтгэлүүдээс гарсан үнэтэй санал, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн “Монгол орны байгаль орчны 2015-2017 оны төлөв байдлын тайланд тусган, УИХ-аар хэлэлцүүлж, цаашдын үйл ажиллагаандаа тусгахад БОАЖЯ-наас анхаарч ажиллана гэдгээ БОАЖ-ын сайд нээлтийн үеэр эрдэмтдэд хэлсэн.

Энэхүү олон улсын бага хуралд усны нөөц, ашиглалт, хамгаалалын асуудлаар 20, ойн төлөв байдал, ашиглалт, хамгааллын асуудлаар 13, газрын төлөв байдал, ашиглалт, ландшафтын өөрчлөлтийн талаар 29, биологийн төрөл зүйлийн ашиглалт, хамгаалалттай холбоотой 12, Уур амьсгал, аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлийн 29, нийт 103 илтгэл ирсэн бөгөөд хурлын илтгэлүүдийг эмхтгэн 2 боть бүтээл болгон хэвлүүлсэн байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр, маргааш үргэлжилнэ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна