Хорлоо эмээг гэртэй болгосон Ц.Сувд-Эрдэнэ дахин нэг эмээг орон гэртэй болгожээ

2017/01/19
Жил гарангийн өмнө Бөмбөгөр худалдааны төв дээр цай зарж амжиргаагаа залгуулдаг байсан Хорлоо эмээг гэртэй болгож байсан Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүй дахин нэг эмээг орох оронтой болгожээ.

Тэрбээр хэд хоногийн өмнө фэйсбүүк сүлжээнд  Баянзүрх дүүргийн 24-р хороонд  ой 2 сартай  хүүхдийн хамтаар таван бүлээрээ амьдардаг 63 настай Цэцэгээ эмээгийн тухай мэдээлж, түүнд туслах аяныг эхлүүлээд байсан юм.

Тэгвэл сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар Цэцэгээ эмээ гэртэй болсон байна. Энэ талаар Ц.Сувд-Эрдэнэ фэйсбүүк хуудастаа:

“Хүмүүний амьдрал үнэхээр баялаг юм. Хоёрхон хоногийн өмнө түлэх түлшгүй, идэх хоолгүй амьдрал бууж өгөе гэвч алаг үрсээ хараад сэтгэл нь өмрөх эмгэн ээж нь дааруулахгүй, өлсгөхгүй гэж эцсийн хүчээ шавхан идэр есийн хүйтэнтэй тэмцэлдэж байлаа. Бурхан түүнийг харж бяцхан үрийнх заяа түшиж хоёрхон хоногт тэс өөр орчиноор солигдсон нь "Алтан загасны үлгэр" мэт. Энэхүү буянтай үйлсийн түүчээ болсон Өвөр, Ар монголын сэтгэлт залуусын хүч нэгдэж маш олон хүнийг баярлууллаа.

Пост оруулаад цаг ч болоогүй байхад портер нүүрс аваад ирсэн тэр ах, хүүхдийн даавуу хүнс, мод бариад ирсэн тэр бүсгүйчүүд, үүрээс үдэш болтол хүчин зүтгэсэн залуус, өөрийн ажлаа хойшлуулан байж гэрийн бүх зүйлсийг цуглуулсан ах , эгч. Хүүхдийнхээ хоолыг хийж байснаа орхиод хар хурдаараа гүйж ирж гэр барьж тог залгасан өндөр залуу, 10 -р хорооллоос зүүн хязгаарлуу хоёр халуун сав цай бариад ирсэн сэтгэлтэй бүсгүй, өдөр шөнөгүй сэтгэлээ зориулж эмээ түүний хүүхдүүдийг ус цасанд оруулж өдөржин тусалсан хүмүүс. Барааны дэлгүүрээсээ бүрэн хувцасласан эзэд, хүүхдийн гэрчилгээ халамжийн мөнгөнд бүртгүүлсэн дайчин эмэгтэй, ажил хийж байсан залуусыг хайрлаж халамжилж хоолоор таслаагүй тэр нэгэн эгч гэх мэт ирж туслаж дэмжиж утсаар ярьж хандив өргөсөн бүх хүмүүст баярлалаа.

Эрээн хотод амьдардаг Өвөрмонголийн иргэн Алтансүх, түүний гэргий Батхишиг хоёртоо, Өвөрмонголд амьдардаг Монголчууд болон Өвөр монгол ахан дүүстээ маш их баярлалаа.

МИНИЙ МОНГОЛЫН ТҮМЭН ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙЖ, ИТГЭЛ НАЙДВАРЫН ГАЛЫГ БАДРААЖ ЧАДДАГ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Итгэл сэтгэлийн гүүр сан” хэмээн бичжээ.




 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна