УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийж буй албан айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр айлчлалын эхний өдөр Япон-Монголын Найрамдлын нийгэмлэгийн удирдлагуудын зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Найрамдлын нийгэмлэгийн гишүүд “Монгол Улс уул уурхайгаас гадна ямар салбарт түлхүү анхаарч байгаа болон долоо хоногт гурван удаагийн нислэг үйлддэг ч хоёр талын аль алинд суудал олдохгүй байгаа тул МИАТ компани Токио, Улаанбаатар хоорондын нислэгийнхээ тоог нэмэх боломж байгаа эсэх талаар сонирхов. Харин УИХ-ын дарга М.Энхболд энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Японы талын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг онцоллоо. Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн эхний хэсгийг 2013-2017 онд хэрэгжүүлсэн байна. Энэ хугацаанд хийсэн хамгийн том ажил бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлж эхэлсэн явдал юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлснээс хойш хоёрдугаар сарын байдлаар нийт 320 ширхэг 8.2 сая ам.долларын үнэ бүхий Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр Япон улсад экспортолсон талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Мөн 300 гаруй бараа, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгоод байгаа аж. Хэдийгээр ийнхүү хоёр улсын худалдаа өргөжихөд ахиц гарч байгаа боловч шүүмжлэлтэй тал бас байгаа гэдгийг Япон улсаас Монгол улсад суух Элчин сайд асан Такэнори Шимизү онцоллоо.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна