​Бразилийн дампуурал - Оросын хүндрэл - Монголын боломж

2017/04/03
ОХУ нь аажмаар махны импортоос хараат байдлаас гарах бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Тус улс сүүлийн жилүүдэд гахай, шувууны махны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсан ч хүн амын хоол хүнсний үндсэн хэрэглээний нэг болох үхрийн махны импортоос урьдын адил хараат хэвээр байна.
Учир нь Оросын уур амьсгалын нөхцөлд махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх нь өндөр зардал шаарддаг.

Тиймээс ОХУ үхрийн махаа Латин Америкийн орнуудаас импортолдог. Тэндхийн үхрийн мах Оросынхоос 20-30 хувь хямд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой.

2016 онд ОХУ Бразилиас нийт нэг тэрбум гаруй ам.долларын мах импортолсон тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ. Бразилийн хувьд ОХУ нь Европын холбоо, Хятад, Хонконг, Саудын Арабын дараа тавдугаарт ордог үхрийн махны том импортлогч.

Гэтэл Оросын үхрийн махны хэрэгцээний тэн хагасыг нийлүүлдэг Бразиль чанаргүй, муудсан үхрийн мах нийлүүлж байсан баримт дэлгэгдэж Саудын Араб, ӨАБНУ, Япон, Канад, Мексик, Египет зэрэг улсууд Бразилиас авах үхрийн махны импортод хатуу хяналт, хязгаар тавиад байна.

ОХУ одоохондоо түгшүүрийн дохио асаасан бөгөөд Бразилийн талаас албан ёсны тайлбар хүлээж байгаа аж.

Бразилийн махны дуулиант хэрэг 

Бразильд тус улсын үйлдвэрлэгчид мал аж ахуйн чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан сүлжээг илрүүлэх мөрдлөг үргэлжилсээр байна.

Бразилийн Холбооны цагдаагийн алба хоёр жил мөрдлөг явуулсны эцэст энэ оны гуравдугаар сарын дундуур тусгай ажиллагаа явуулсан нь энэхүү дуулианы оргил үе байлаа.
Тусгай ажиллагаанд хуулийн байгууллагын 1100 ажилтан оролцжээ. Хэргийн эзэд нь дотоод, гадаад зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгч томоохон үйлдвэрлэгчид юм.

Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамныхаа хяналтын байгууллагатай хуйвалдаж, цаадуул нь ямар ч шалгалтгүйгээр чанарын гэрчилгээ өгдөг байж.

Мөрдөгчдийн хэлснээр тэд махыг шинэ мэт харагдуулахын тулд канцероген гэх мэт химийн бодис ашигладаг байжээ. ИТАР-ТАСС агентлагийн ишилсэн мөрдөгч Маурисиу Москардигийн ярьснаар зарим махан бүтээгдэхүүний өөрийн өртгийг нэмэхийн тулд картон цаас нэмдэг байв.


Харин үйлдвэрлэгчид зөвхөн сав, баглаа, боодлын зориулалтаар картон ашигладаг байсан гэж өөрсдийгөө зөвтгөж байгаа аж. Зарим үйлдвэрийг нэгжсэний зэрэгцээ нэгэн боомтод Итали, Испани руу илгээх байсан чингэлэгээс сальмонелла хэмээх бактеритай мах илрүүлжээ.

Түүгээр барахгүй, хээл хахуулийн замаар олж авсан мөнгөнөөс улс төрийн намыг санхүүжүүлдэг байсан нь тодорхой болов.
Энэ мэдээг дуулаад дэлхийн улс орнууд Бразилийн махыг хязгаарлаж эхлэв. Европын холбоо, Чил, Мексик гурав тэндхийн махнаас бүр татгалзаж, Хятад улс бразиль махтай чингэлэгүүдийг буулгахаа азнаад байна. Түүнчлэн Канад, ӨАБНУ, Япон, Саудын араб, Египет улс хязгаарлалт хийв. Үүнээс болж хэрэгт холбогдсон бразиль компаниудын хувьцаа унаж 2.5 тэрбум ам.долларын хохирол хүлээжээ.

Экспорт хумигдсанаар ойрын ирээдүйд ахиад 1.5 тэрбум ам.долларын алдагдал гарна. Үүний сөрөг үр дагавар болж Бразилийн мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт агшин зуур 850 дахин унажээ. Саяхныг болтол өдөрт 63 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулдаг байсан бол одоо ердөө 74 мянган ам.долларын экспорт хийж байна.

ОХУ ямар алхам хийх бол?
Шинжээчдийн үзэж буйгаар, ОХУ энэ дуулиантай хэргээс үүдэж эрсдэлтэй нөхцөлд ороод байна. Бразилийн цагдаагийн мөрдөж буй 21 үйлдвэрээс BRF (шувууны мах) болон JJZ Alimentos (үхрийн мах) гэсэн хоёр үйлдвэр Орост мах нийлүүлдэг. Оросын хүнсний дэлгүүрийн лангуу, нийтийн хоолны газрын ихэнх мах нь Бразиль болон Аргентиных.

ОХУ нь царцаасан махнаас гадна лаазалсан мах Латин Америкаас импортолдог. 2016 онд 5.5 мянган тонн лаазалсан мах авчээ. Түүнээс гадна, импортолсон махаа дотоодод лаазалдаг учир бразиль гаралтай лаазалсан мах ч бас сэжиг төрүүлж байгаа аж. ОХУ одоохондоо бразиль махны импортод хязгаар тавиагүй байна.

Мэдээж Бразилийн үйлдвэрлэгчид ОХУ шиг одоохондоо хориг тавиагүй байгаа улсуудаас зах зээл эрнэ. Барууны орнууд Оросын эсрэг эдийн засаг хориг хэрэгжүүлж буй учраас ОХУ-ын хувьд импортлогч орноо сонгох боломж тун бага. Оросууд үхрийн махны хэрэгцээний 75 хувийг дотооддоо үйлдвэрлэлээ ч бразиль махгүй бол жижиглэнгийн үнэ тэнгэрт хадаж, инфляци хурдасна гэж Оросын мэргэжилтнүүд болгоомжилж байна.

Үүний зэрэгцээ ОХУ Мексиктэй жилд 200-400 мянган тонн мах импортлох тухай хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ шинжээчид үүнд найдахгүй байна. Учир нь ийм хэмжээний мах нийлүүлэх хүчин чадал Мексикийн хөдөө аж ахуйд байхгүй.

Мексикчүүд авлигын түвшнээр Бразилиас дутахгүй. Мөн АНУ-ын улс төрийн бодлогын хүрээнд оршдог нь удаан хугацаанд хамтарч ажиллахад төвөгтэй. Тэгээд ч Мексик улс мал үржүүлэхдээ Оросод хориотой эмийн зүйл ашигладаг байсан учраас 2012 онд ОХУ Мексикийн махыг авахаа больсон.

Ийм нөхцөлд үхрийн махны найдвартай импортлогч олох, чанаргүй бүтээгдэхүүнээс дотоодын зах зээлийг хамгаалах нь Оросын хувьд адармаатай асуудал болж байна. Одоохондоо энэ чиглэлд амжилт гаргасан нэг ч улс байхгүй. Зарим шинжээчид хилийн шалган нэвтрүүлэхийг чангатгах, хорт бодисын шинжилгээний аргыг сайжруулах, удаан хугацаанд мах нийлүүлж чадах гадны компаниудын хүрээг тодорхойлох зэрэг арга хэмжээ санал болгож байна.


Дотоодын махны үйлдвэрлэлийг дэмжих нь Оросын хувьд урьдын адил зардал ихтэй, удаан хугацаа шаардсан хэвээр байгаа ч аажимдаа хараат байдал суларна гэдэгт Оросын зарим мэргэжилтнүүд итгэлтэй байна.

Аманд орсон шар тос 
Бразилийн дуулиан, Оросын махны зах зээлд тулгараад буй асуудал нь Монголын хувьд том боломж. Оросууд хаяанаасаа чанартай мах авахыг юунаас ч илүү хүсч буй. Нядлах мал, тээвэрлэх зам, худалдан авагч нь бэлэн. Гэвч цорын ганц саад болж буй хүчин зүйл нь малын өвчин. Зүйрлэвэл, өнөөдөр монголчууд цагаан сараар хүмүүс зочилж ирчихээд байхад боов, буузаа хийгээгүй байгаа залхуу айлтай яг адилхан харагдаж байна.

Энэ засгийн үед олон жил яригдсан мал эрүүлжүүлэх ажилд ахиц гарах болов уу гэсэн найдлага байна. Оросын тал монгол малыг халдваргүйжүүлэх, эрүүлжүүлэхэд хамтарч ажиллая гэдгээ хэдийнэ илэрхийлсэн. 2015 оны эхээр Ерөнхийлөгч В.Путин салбарынхаа яаманд чиглэл өгч, Монголын махыг хилээр гаргахад гаалийн хүндрэлийг арилгахыг үүрэг болгосон билээ.

Орос, Монголын хөдөө аж ахуйн сайд нар 2016 оны эцсээр хоёр ч удаа уулзаж Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд эцсийн байдлаар тохирсноос гадна Оросоос 5.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн юм.

Монголын талд яаралтай шийдэх ёстой хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, малын эрүүл мэндийн эрх зүйн орчноо цэгцлэх. Засгийн газар 2016 оны эцсээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ээлжит хаврын чуулганаар хэлэлцэж батлах төлөвлөгөөтэй. Хууль батлагдсанаар мал эмнэлэгийн алба босоо тогтолцоотой болж, төрийн хяналтад орно.

Хоёрдугаарт, мах боловсруулах үйл явцыг стандартад нийцүүлэх. Өөрөөр хэлбэл, нядалгаа, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалтыг дэлхийн жишгээр хийдэг болох. Одоогийн засгийн газар малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн мэргэжилтэн бэлдэхэд Оростой хамтрах гэж байгаа бол махны үйлдвэр барихад Хятад, Турк, АНУ-тай хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Хятадын хөнгөлөлттэй зээлээр махны 12 үйлдвэр барих тухай 2012 оноос эхэлж яригдсан ч ахиц гараагүй.

2015 онд Засгийн газар болон Хятадын Эксим банкны хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ батлахдаа энэ мөнгөний тодорхой хэсгийг эдгээр үйлдвэрийг барихад зарцуулахаар шийдсэн. Төсөл батлагдсан учир ХХААХҮЯ үйлдвэрүүдийн ТЭЗҮ боловсруулж, судалгаа хийж байгаа аж. 2012 оны гэрээнд өөрчилж, эргэж харах заалтууд байгаа ч гол ажил нэгэнт эхэлсэн учраас үйлдвэрүүд баригдана гэж салбарын яам амлаж байна.

Оросын талаас бидний хэр санаачлагатай ажиллахыг хүлээж байгаа нь мэдээж. Нэг талаас Монголын малыг эрүүлжүүлэх, нөгөө талаас Оросын махны импортын асуудлыг тодорхой түвшинд шийдэх хоёр ажил нь харилцан ашигтай байх тохироо бүрдсэн нь манай хөдөө аж ахуйн салбарын аманд орж ирсэн том шар тос болой.

Эх сурвалж: Mongolian economy


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна