Мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ?

2017/04/06
Өрөнд ороод хэцүү байна уу?  Хяналтгүйгээр мөнгөө үрээд байна уу? Мөнгөө зөв зарцуулж сурмаар байна уу? Тэгвэл доорхи мөнгө үрэх зуршлаас салах 10 арга танд их тус болно. 
Хөдлөвөл л мөнгө төлдөг болсон одоо үед хямгатай байж л мөнгөтэй байж чадна. Та цалингаа авчаад юунд ч үрсэн нь мэдэгдэхгүйгээр дуусан байгаад гайхдаг уу? Энэ бол бараг хүн бүрт тохиолддог асуудал. Энэ нь ямар ч хяналтгүй, төлөвлөгөөгүйгээр үрсэнээс л болж байгаа хэрэг. 

Дараах зөвлөгөө танд биелүүхэд хэцүү мэт санагдаж байж магадгүй. Гэхдээ та хэрвээ үнэхээр хэрэгжүүлж чадвал маш их мөнгийг хэмнэж чадах болно шүү. 

1. Та хэрвээ ажил хийдэг бол өдрийн цайгаа гэрээсээ бэлдээд аваад ирэх хэрэгтэй. Энэ нь маш их мөнгийг хэмнэх болно. Авсан цалингыхаа ихэнхийг өдрийн цайндаа зараад байвал ажил хийсний хэрэг бараг гарахгүй байгаа биздээ? Энэ арга нь таны эрүүл мэндэд тань ч хэрэгтэй. Дандаа гадуур хоол идэх нь ходоодонд маш муу байдаг. Тэгэхээр энэ арга нь мөнгийг тань хэмнээд зогсохгүй, эрүүл мэндэд тань хүртэл хэрэгтэй. Мөн та өдрийн цайнаасаа хэмнэсэн мөнгөөрөө өөртөө бага ч гэсэн авья гэсэн зүйлээ авах юм бол танд үнэхээр урам зориг орох болно. 

2. Та хэрвээ дэлгүүр явах гэж буй бол авах зүйлийхээ жагсаалтыг гаргаарай. Тэгээд жагсаалтад байгаа зүйл байгаа тасагруу л яв. Өөр зүйлрүү бүү хар. Яагаад гэвэл хүн яг дэлгүүрт орох үедээ юу юу авах ёстой билээ? Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй бил үү гэдгээ сайн бодохгүйгээр тухайн үеийн сэтгэл хөөрлөөрөө худалдан авалт хийдэг байна. Танд энэ байдал нэг биш бүр олон удаа тохиолдсон гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр та яг авна гэсэн зүйлрүүгээ  л хар. 

3. Та сайхан хвцаслахыг хүсэж байгаа биздээ. Манай орон шиг 4 улиралтай газар хувцсанд нилээд их мөнгө зарах хэрэгтэй байдаг. Улирал бүрд тохирсон хувцасаа өмсөнө гэдэг маш зарлагатай шүү дээ. Тэгэхээр танд өгөх гэж буй зөвлөгөө бол та зун өмсөх хувцасаа өмнөх жил нь авах хэрэгтэй. Тэгэхээр та дараа жил өмсөх хувцасаа өмнөх жилийх нь зуны эцэст авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед зуны хувцас бүгд хямдарсан байх болно. Ингээд та дараа жилийн зун өндөр үнээр шинэ хувцас худалдаж авах хэрэггүй боллоо гэсэн үг. 

4. Мөнгө зээлэхээ зогсоох хэрэгтэй. Танд хэрвээ мөнгө хэрэгтэй болоод, хүнээс мөнгө зээлэх гэж буй бол эхлээд өөрөөсөө тухайн мөнгө тань танд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг асуугаарай. Хүнээс мөнгө зээлэх нь таныг илүү их өрөнд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй. Үнэхээр чухал бус үед мөнгө зээлнэ гэдэг хамгийн буруу зуршил гэдгийг санаарай. 

5. Та хэрвээ гадуур хооллодог бол аль болох орой идэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн эрт хоолондоо орох аваас үдээс хойш дахин цайндаа орох хэрэгтэй болдог. Тэгэхээр аль болох орой идэх хэрэгтэй. 

6. Та сарын орлогоо зарцуулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Цалингаа аваад төлөвлөгөөгүй зарцуулна гэдэг хамгийн харамсалтай. Тэгэхээр тухайн  сард гарах зайлшгүй мөнгөний зарлагуудаа тооц. Жишээ нь: утасны төлбөр, байрны төлбөр, төрсөн өдөр, эмнэлгийн зарлага гэх мэт... Тэгээд үлдсэн мөнгөө хэрхэн зарцуулахаа мөн шийд. Та авах ёстой,  авмаар байгаа зүйлүүдээ бүгдэнг нь жагсааж бичээд энэ сард тэднээсээ алийг нь авахаа шийдээрэй.тэгээд тухайн зүйлээ заавал ав. Ингэх аваас та хүссэн зүйлүүдээ бүгдэнг авж чадах болно. Харин та ямар нэг төлөвлөгөөгүйгээр хэзээ нэг өдөр авна гэж бодох аваас хэзээ ч хүссэн зүйлээ авж чадахгүй гэдгийг танд хэлмээр байна. 

7. Та хэтэвчиндээ их мөнгөтэй явахаас татгалзах хэрэгтэй. Яг хэрэгцээндээ тохирсон мөнгийг л авч явах хэрэгтэй. Та хэтэвчиндээ их мөнгөтэй явах аваас төлөвлөөгүй зарлагыг их гаргах ба бүх мөнгөө нэг дор үрэх магадлалтай. 

8. Та орой болгон гаргасан зарлагуудаа жагсааж бичиж, хичнээн хэмжээний мөнгө үрснээ мэдэх хэрэгтэй. Ингэж бичих үед та хэрэггүй зүйлд хичнээн их мөнгө үрсэнээ ухаарах болно. Ингээд та хэрэггүй зарлагуудаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. 

9. Та дэлгүүр хэсэж байхдаа хямдрал зарласан болгоныг авах гэсний хэрэггүй. Эсвэл хямд юм харагдахаар л авах гэж оролдох нь хэрэгцээгүй зүйлийг авахад хүргэдэг. 

10. Та хувцас худалдаж авахдаа шууд л үнэтэй, нэртэй дэлгүүрүүдрүү гүйх гэсний хэрэггүй. Таны 300000 аар авсан гутал гэрийн тань хажууд байдаг дэлгүүрт 100000 гэх нь жирийн үзэгдэл байдаг шүү дээ.

Эх сурвалж: suld_audit.blog


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна