Үнэт үзмэрүүд өгөршиж дуусах нь

2017/04/07
Байгалийн түүхийн музей үүдээ хаагаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх нь. Гэтэл шинэ барилга барих эсэх нь БНСУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос хамаарах болчихоод байгаа нь хачирхалтай.

Хавар болж, хамаг жуулчдыг татах цаг ирээд байна. Гэтэл манай хотын нэрийн хуудас болсон Байгалийн түүхийн музей үүдээ хаагаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх нь. Хүүхэд багачуудын үзэх дуртай байсан музей одоо хов хоосон байшин болон хувирчээ. Шинэ музейн сураг ч алга, балгас болсон барилга нь бахь байдгаараа. 

1953 онд барьсан музейн байшин өдгөө 64 жил болж, МХЕГ-аас актлах шийдвэр гаргасан. 60 гаруй жилийн нүүр үзсэн барилга үнэхээр муудсан байгаа нь нүднээ илт харагдана. Байшингийн гадна талын хэд хэдэн хэсэг цуурсан, өнгөн тал нь хуулран унасан байдалтай байгаа бол дотор тал нь мөн ялгаагүй.

Бараг л бүх өрөөнийнх нь таазны шохой ховхорсон, хананы будаг нь хэзээ мөдгүй унахаар байдалтай байна. Музейн үзмэрүүдийг хийдэг байсан тавилга сэлт нь хүртэл байшинтайгаа хамт хуучирч орхижээ. Дөрвөн жил хоосон байсныг нь тав алхаад л жиндүүлэх хүйтэн мэдрүүлнэ.

Хөл хөдөлгөөн тасардаггүй байсан музейг нам гүмээс өөр ноёлох зүйл тэнд байсангүй.
Монгол Улсад 1924 онд улсын төв музей байгуулагдаж, улмаар 1956 онд Байгалийн түүхийн музей тухайн үеийн Хөдөө аж ахуйн дунд сургуулийн байранд орсон нь одоогийн балгас болсон байшин юм. Эргэн сануулахад, 1953 онд барьсан музейн барилгыг газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдэлд тэсвэргүй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг нь актлах ёстой гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт 2013 онд гарсан билээ.

Ингээд музейн олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж, оронд нь шинэ барилга барихаар төлөвлөжээ. Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран шинэ барилгыг бариулахаар болсон бөгөөд үүнд зарцуулах хөрөнгийг 2014 оны улсын төсөвт суулгахаар тохирчээ. Гэтэл улсын төсөвт суулгах нь битгий хэл өнөөдөр улс нь алга дарам газар харамлаад сууж байна.

Уг нь музейн шинэ барилгыг 2017-2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2014 онд музейн зураг төслийг гаргажээ. Музейн шинэ барилга яг энэ суурин дээрээ баригдах бөгөөд долоон давхар, 16 мянган шоо метр хэмжээтэй байхаар тооцсон байна. Ийм хэмжээний барилга барихад 24 тэрбум төгрөг буюу 13 сая ам.доллар хэрэг болох юм байна. Харамсалтай нь, Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, энэ хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргана гэдэг үлгэрийн далай боллоо. Тиймээс музейн удирдлагууд гаднын зээл тусламж олохын тулд ЖАЙКА, КОЙКА зэрэг олон улсын байгууллагад хандсан байна.

Барилга барихад 24 тэрбум төгрөг буюу 13 сая ам.доллар хэрэгтэй. Харамсалтай нь, Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, энэ хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргана гэдэг үлгэрийн далай боллоо.

Барилга барихад 24 тэрбум төгрөг буюу 13 сая ам.доллар хэрэгтэй. Харамсалтай нь, Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, энэ хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргана гэдэг үлгэрийн далай боллоо.

Гэтэл бүтэн жилийн хугацаанд “судалж байна” гэснээс өөр дорвитой хариу хэлээгүй аж. Харин 2016 онд болсон АСЕМ-ийн уулзалтын дараахан БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчлан ирэхдээ Байгалийн түүхийн музейг буцалтгүй тусламжаар барьж өгөхөө амласан нь тэнгэрийн умдаг атгасан мэт л аз болсон. Гэвч баярлуулан гомдооно гэдгийн үлгэрээр тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манайд ирээд буцсанаас хоёрхон сараа дараа суудлаасаа огцрох тухай яригдаж, ахиад л музейн шинэ барилга гацаанд орсон байна.

Одоо гагцхүү хэдэн бээрийн цаадах газарт буюу БНСУ-д шинээр ямар хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, манай музейг барих асуудалд нааштай хандах эсэхээс хүүхэд багачууд, оюутан залуус, монголчууд Байгалийн түүхийн музейтэй болох эсэх асуудал шийдэгдэх дээрээ тулаад байна.

Уг нь одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 оноос өмнө Байгалийн түүхийн музейг барьж, ашиглалтад оруулна гэсэн заалт байгаа. 64 дэх жилдээ болж буй музейн байшин 70 орчим жилийн тэсвэртэй гэдгийг барилгынхан хэлж байна.

Харин нэг авууштай зүйл нь музейн барилгын зүүн хойд хэсэгт 1989 онд дөрвөн давхар үзмэр хадгалах зориулалттай фонд барьсан нь завшаан болж байна. Музейн нарийн нандин, үнэт, ховор үзмэрийг энэ хэсэгт зориулалтын дагуу хадгалж байгаа гэдгийг албаныхан хэлсэн. Харин палентологийн үзмэрүүдийг Палентологийн хүрээлэнд зориулалтын саванд хадгалжээ.

Хэдий музей ажиллахгүй байгаа ч хэзээ нэгэн цагт ашиглалтад орж таарах учраас музейн ажилтнууд үзмэрээ баяжуулах ажлыг жил бүр хийж байгаа гэсэн сайхан мэдээ дуулдав.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөө орон нутгаар палентологийн ажил хийж, 2000 орчим үзмэрийг шинээр нэмжээ. Ингэснээр тус музей долоон төрлийн 13 мянга орчим үзмэртэй болоод байгаа аж. Түүнчлэн үнэлж баршгүй палентологийн үзмэрүүүд энэ музейд бий. Тухайлбал, дэлхийд ганцхан байдаг ноцолдож байгаа динозавр, 582 кг-ийн жинтэй солирын хэлтэрхий зэргийг нэрлэж болно. Зөвхөн эдгээрийг үзэх гэж тив алгасан жуулчид ирдэг гэдгийг музейн тайлбарлагч хэлнэ лээ.

Уг нь нийслэлийн өмнөх болон одоогийн удирдлагууд гурван сая жуулчин татна гэсэн том амлалт өгч байсан нь саяхан мэт. Үүний тулд олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн арван сая төгрөг зарцуулсан. Гэтэл хамгийн чухалд тооцогдох, нийслэлийн нэрийн хуудас болсон Байгалийн түүхийн музейгээ бариад ашиглалтад оруулчихаж чадахгүй дөрөв дэх хавартайгаа ийнхүү золгож байна. Харийн хишгийг харж суусаар байтал хүүхэд багачууд маань харж баясах, таньж мэдэх музейгүй олон хаврыг үдсээр байх нь.

Эх сурвалж: Засгийн гарын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна