Сэтгэл гутрал хүнд ч эмчлэгддэг өвчин

2017/04/07
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ жилийн энэхүү өдрийг “Сэтгэл гутрал: Хамтдаа ярилцъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ бол маш чухал сэдэв. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, бүхий л насны хүн сэтгэл гутралд өртөж байна. Үүгээр шаналж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хамгийн том эмгэг юм. Дэлхий дахинд 1990 онд 416 сая хүн сэтгэл гутрал болон түгшилтийн эмгэгтэй гэж оношлогдож байсан бол 2015 онд энэ тоо 615 сая болж нэмэгджээ. 

Хамгийн гол нь сэтгэл гутрал ойр тойрныхонд анзаарагдалгүй явагддагаараа онцлогтой. Тухайн хүн ажилдаа явж, өдөр тутмынхаа үүрэг даалгаврыг хийгээд л явж байдаг болохоор хэн ч түүнийг дотроо болохгүй байгааг анзаардаггүй. 
Зарим үед сэтгэл гутрал тодорхой шалтгаанаас болж үүсч болно. Тухайлбал, өвчин, эсвэл ойр дотныхоо хүнийг алдах, ажилгүй болох, санхүүгийн байдал хүндрэх гэх мэт. 

Сэтгэл гутрал хүндрээд, тэсэхийн аргагүй болоод ирэхээрээ тухайн хүн амиа хорлох шийдвэр гаргах нь ч бий. Дэлхий дээр жил бүр хэдэн мянган хүн амиа хорлолтоос болж нас бардаг. 

Эмэгтэй хүн сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр 

Сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн тархины ихэнх хэсэгт идэвхгүй байдал давамгайлж байдаг. Тухайлбал үйл ажиллагааг хянах үүрэгтэй тархины бор гадаргын урд хэсэгт идэвхгүй байдал давамгайлснаар хүн эерэг мэдээллийг бус зөвхөн сөрөг мэдээллийг илүүтэй тархиндаа ачааллуулж эхэлдэг байна.

Жендэрийн хувьд авч үзвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг бөгөөд үүнийг бие дэх дааврын өөрчлөлтөөр тайлбарлаж болох юм. Сэтгэл гутрал үүсэхэд биологи, нийгэм, сэтгэл зүйн гаралтай хүчин зүйлээс ихээхэн нөлөөлдөг. Энэ нь ажилгүйдэл, байр орон сууцны бэрхшээл, гэр бүлийн санхүүгийн асуудал зэрэгтэй холбоотой. Үүнээс гадна ажил, сургууль дээрх шахалт болон аливаа зөрчил зөрчилдөөн, архи, тамхи гэх мэт мансууруулах бодис удаан хэрэглэх нь сэтгэл гутралд автах эх үндсийг бий болгодог.

Өнөөдөр монголчуудын амьдралд дээрх гутралууд их тохиолдож байгаа ч гэр бүлийн тааламжгүй байдал, бэлгийн хүчирхийлэлд өртөх, ойр дотны хүн нь хүндээр өвчлөх зэргийн асуудал тулгарахад хүмүүс амархан сэтгэл санааны тайван бус байдалд орох буюу улмаар сэтгэл гутралд өртөх нь ихэсдэг. 

Сэтгэл гутралын хамгийн энгийн илрэл нь юм бvхэн хүнд бэрхшээлтэй болсон мэт, тvvний төлөө биш мэт сэтгэгдэл хvнд төрөх явдал юм. Хүнд хэлбэрийн илрэл нь амьдралдаа өширхөх, нэг үгээр хэлбэл амьдралын бэрхшээл, зовлонд бvр мөсөн бууж өгсөн мэт л сэтгэгдэл төрөх, өөрийгөө хэнд ч хэрэггvй гэж бодох буюу буруутгах, амиа хорлох тухай бодол төрөх зэрэг явдал юм. Сэтгэл гутралын илрэл хүн хүнд өөр өөр байдаг.

Зарим хүний хувьд өөрийнхөө тухай муугаар бодож, өөртөө сэтгэл хангалуун биш байдаг бөгөөд бvр цөхөрлийн байдалд ордог. Гэтэл нөгөө хэсэг нь амьдрах хүсэл эрмэлзэлгvй болж, сонирхох зvйлгvй, амьдрал, ирээдүйдээ итгэлгүй болсон байдаг.
Сэтгэл гутралын үед хэн ч, юу ч чамд тусалж чадахгүй юм шиг санагдаж, өөрт чинь тус болж, сэтгэлийг чинь тайтгаруулах зүйлсээс ч гэсэн зайлсхийдэг.

Амьдрал маш их төвөгтэй, урьд нь амархан хийчихдэг байсан зүйл ч хэцvv мэт санагдах болно. Юу ч сайхан санагдахгүй болж, архи, тамхи, мансууруулах бодис л сэтгэлийг тань сэргээх ганц зvйл мэт санагдах болно. Сэтгэл санааны энгийн таагvй байдал ч гэсэн удаан хугацаагаар үргэлжлэх юм уу эсвэл байнга тохиолдвол сэтгэцийн хямралд хүргэж болдог.

Сэтгэл гутралын ангилал

Үүнийг тухайн өвчтөнүүдийн илэрч буй шинж тэмдгээс нь хамаарч хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг. 
Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал нь ойр зуурын яльгүй асуудлаас үүссэн байдаг. Тухайн өвчтөн үүнийгээ мэдсэн даруйдаа арга хэмжээ авч чадах юм бол амархан эдгэрэх боломжтой. 

Дунд хэлбэрийн сэтгэл гутрал даамжирвал хүнд хэлбэрт шилжих хандлагатай. Тийм учраас тухайн өвчтөн заавал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Хүнд хэлбэрийн үед өвчтөн хий үзэгдэл үзэх, сэтгэл санааны дэмийрэлд автах тохиолдол ч бий. Хүмүүс мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ханддаггүй учраас өвчнөө хүндрүүлэхэд хүргэдэг.

Сэтгэл гутралын шинж тэмдэг

1. Амьдралын зан үйлд өөрчлөлт орох. Амьдралын хэв маяг мэдэгдэхүйц алдагдах. Дуртай зүйлдээ дургүй болох гэх мэт 
2. Бүх зүйлийг таалахгүй сонирхохгүй болох.
3. Нойргүйдэх, эсвэл хэт унтамхай болох, нойр хүрэхгүй байх, шөнө сэрээд эргэж унтахгүй байх, хэтэрхий эрт сэрэх, эсвэл хэт олон цагаар унтах
4. Бодол санаа болон үйл хөдлөл удаашрах, хөших эсвэл гар хөлөө байнга хөдөлгөх, сандрах, салгалах
5. Богино хугацаанд жин нэмэх эсвэл хаях. Хоолны дуршилгүй болж хэт турах эсвэл хоолны дуршил нэмэгдэн хэт таргалах
6. Эрч хүчгүй болох, эцэж цуцах
7. Өөрийгөө үнэ цэнгүй гэж бодох. Хэнд ч хэрэгцээгүй мэтээр өөрийгөө төсөөлөх. Өөрийгөө хэт буруутгах. Өөрийн буруугүй зүйлд хүртэл.
8. Анхаарлаа төвлөрүүлэх, эргэцүүлэн бодох, шийдвэр гаргаж чадахаа болих. Шийдвэргүй эргэлзээтэй болох.
9. Үхэл болон амиа хорлолтын талаар үе үе бодох

Сэтгэл гутралын зөвлөгөө, эмчилгээ

Эдгээрээс таваас илүү нь 14 болон түүнээс дээш хугацаагаар илэрвэл сэтгэл гутрал гэж оношилдог байна. Эдгээр аргууд нь сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж байгаа үр дүнгээ өгч байгаа аргууд бөгөөд бэрхшээлийг даван туулах арга зам, нааштайгаар сэтгэх, бодож эргэцүүлэх чадварыг сэргээх, болон сэтгэл гутралд хүргэхэд нөлөөлсөн зан үйл, дадал зуршлаа өөрчлөхөд тань тусална.

Зөвлөгөө өгөх, ярилцах эмчилгээ. Тухайн тулгамдсан бэрхшээлийг даван туулахад туслах богино хугацааны туслалцаа юм. Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд илүү нөлөөтэй.
Танин мэдүүлэх эмчилгээ. Бодож эргэцүүлж сурах, зөв байдлаар биеэ авч явах, өөрөөр хэлбэл нааштай хэлбэрээр аашилж авирлаж сурахад тусална. Энэ нь аливаад сөрөг ханддаг хандлага, учир шалтгааны холбоосыг буруу талаас нь харж, боддог зан үйлийг засах буюу дэмжлэг, өөртөө итгэх итгэл төрүүлэхэд туслах зан vйл, зан авирын эмчилгээний нэг төрөл юм.
Сэтгэл заслын эмчилгээ. Сүүлийн жилүүдэд хэрэглэж байгаа бөгөөд ойлголт болон өнгөрсөн дурсамж, үйл явдлууд дээр нь тулгуурлан засал хийдэг эмчилгээ юм.

Түгшүүр, зовнилын эсрэг эм эмчилгээ. Үүнийг зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн байгууллага үзүүлнэ. Сэтгэл гутрал гэдэг хүнд эмгэг боловч эмчлэгдэх боломжтой өвчин юм.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна