“Монгол Улс хямарчихсан. Ард түмэн бүсээ чангалж, үрэлгэн зардлаа танахаас өөр аргагүйд хүрсэн. Эдийн засаг маань эмнэлгийн сэхээнд байгаа учраас иргэд минь бүсээ чангалж үзээрэй. Биднийхээ зовлонг ойлгоорой” хэмээн эрх барьж буй Ардын намын эрх мэдэлтнүүд мөн ч олон удаа гуйсан даа. Тиймдээ ч өнгөрөгч долоо хоногт УИХ- аар хэлэлцэж баталсан 2017 оны төсвийн тодотголоор зүдэрсэн ард түмнийхээ халаасыг нэгмөсөн сэгсрэх шийдвэр гаргасан билээ.
Амьжиргаанд нь нэмэр болдог байсан хүүхдийн мөнгийг нь тэд хасчихсан. Хувийн хэвшлийн гайгүй компанид ажиллаж, 1.5 сая төгрөгийн цалин авч болохгүй ээ гэж хуульчиллаа. Зовж олсон, зольж олсноос үл хамааран 100 сая төгрөгтэй л бол та татвар төл хэмээн төр маань шаардлаа. Өдрийн хоолоо залгуулдаг амьжиргааны ганц унаа нь болох приус машинаа ч унаж болохгүй хэмээн зарлиг буулгасан. Төрийн албанд ажиллах орон зайг нь багасгаж, тэтгэвэрт гарах насыг нь хүртэл уртасгаж ядарсан иргэдээсээ татвар хурааж байна.
Ингэлээ гээд бид бухимдаагүй. Өгөх ёстой бол өгье, улс минь үнэхээр дампуурлын ирмэгт байгаа бол татвар хураамжаа нэмээд ч болов хямралаас гараг гэсэн хүлцэнгүй сэтгэлээр хандсан. Гэвч тийм биш байж. Ядарсан ард түмнийхээ халаасыг юу ч үлдээхгүй сэгсэрчихсэн атлаа задарсан дарга нартаа төр төмөр нүүрээ үзүүлдэггүй юм байна.
Үүнийг өнгөрсөн мягмар гарагаас эхлэн цахим орчинд цацагдаж эхэлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн тансаглал нотолж өглөө. Хувийн хэвшлийнхэн мөнгөө өөрсдөө олж олон жил ОХУ-ын нэг компанийн мэдэлд байсан 49 хувийг олж ирсэн нь саяхан. Гэтэл төр “Бид авах гэж байхад та нар түрүүлчихлээ. Ер нь энэ чинь төрд байх ёстой юм” хэмээн улайм цайм дээрэмдчихсэн гэдэг. Хэдэн зуун сая ам.доллар гаргаж худалдаад аваад ирсэн өмчийг нь ширхэг ч зоос хялаалгахгүйгээр булааж авсныхаа дараа төр өөрийн даргаа томилж, ТУЗ-ийн гишүүдээ хүртэл алдарт уяачдаар бүрдүүлээд томилчихсон.
Төрийн мэдэлд “Эрдэнэт” ирвэл ард түмний амьдрал сайжирч, задарсан хувийн хэвшил биш ядарсан монголчууд хожно оо хэмээн хулхин дээр цэцэг ургуулахаа ч тэд мартаагүй юм. Гэвч төрийн өмчийн мэдэлд очсоноос хойш эгэл ардын амьдрал дээшилсэнгүй. Эсрэгээрээ эрх мэдэлтэй даргын амьдрал л маш хурдан хугацаанд өөрчлөгджээ.
24.5 сая төгрөгийн цалинтай болж, 300 сая төгрөгөөр машин худалдаж авлаа. ТУЗ- ийн гишүүдээ хүртэл хамгийн багадаа 10 сая төгрөгөөр цалинжуулах нь тодорхой болж байна. Энэ цамаархлаа тэд “харин ч багасгасан байдал” хэмээн өмөөрсөн удаа бий. Өмнөх дарга, цэрэг зах замбараагүй халамж, цалин авч байсан. Харин ч манай захирал 10 төрлийн эрх хангамжаасаа татгалзсан буянтай хүн. Өмнөх дарга нар шиг тансаглахыг хүсээгүй юм шүү.
Эгэл ардынхаа дундаас төрсөн ийм л энгийн хүн дээ, миний дарга хэмээн “долоох” нь холгүй мэдэгдэл хийж байлаа. Тэгвэл Х.Бадамсүрэнгийн тансаглал дуусах болоогүй байжээ. Улмаар Эрдэнэт хотод амьдрах орон гэрээ нийт 200 гаруй сая төгрөгөөр тохижуулсан нь баримтаар ил болж, сошиал ертөнцөөр дүүрэн түүний тансаглалын тухай пост бичигдэж байна. Минутад 2240 төгрөгийн цалин авдаг түүн шиг болохыг мөрөөдсөн хүмүүс ч олширлоо.
Эрхэм дарга Х.Бадамсүрэн маань Эрдэнэтэд “тухлах” орон гэрээ эхлээд 24 сая төгрөгөөр завсарласан гэнэ лээ. Тэгвэл энэ удаад түүний унтах ор, үзэх зурагт, гал тогооны тавилгад нийтдээ 180 сая төгрөг зарцуулсан баримт ил болов. Энэ бүхэн худлаа сенсаацилсан тоо биш. Эсвэл хэн нэгний нэр хүндэд халдах гэсэн гүтгэлэг ч биш. Чухамдаа гарын үсгээ дурайтал зурчихсан, тамга тэмдэг бүхий албан баримт нь олон нийтэд ил болчхоод байгаа юм.
Бадмаа даргын байрны тавилгын үнийн дүнгээс заримыг нь онцолбол, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8.1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж. Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитк, агаар шүүгч, холигчоо хүртэл авхуулахад 2.8 сая зарцуулж, MELODIA брэндийн найман сандалтай ширээг 16 саяар авчээ.
Цаашлаад DONATELLO брэндийн буйдан 21.5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3.2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна. Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй гэнэ. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8.6 саяын тавилгаар “тоногложээ”.
Ийм л үлгэрийн гэмээр харшид эрхэм дарга маань тухална. Асуудал ингээд дуусахгүй биз. Цаашлаад албан тасалгаа нь эрхэм даргад таалагдахгүй бол хэрхэх вэ. Брэндийн зүйл эдэлж хэрэглэж ирсэн нэр хүндээ бодоод албан өрөөгөө тохижуулахыг хүсэж л таараа. Ёстой л твиттер хуудсанд жиргэсэнчлэн, Бадмаа даргын шунал хаана хүрч зогсохыг Балхаа бид гурав таашгүй нь ээ. Хувийн эрх ашгаа биш ард түмнээ боддог дарга юм бол тавилгад зарцуулсан 180 сая төгрөгөөр насаараа энэ үйлдвэрт ажилласан гурван хүнийг байртай болгохгүй яасан юм бэ.
Хэмнэлт хийж, хэтэрхий цамаан загнахгүй гэж амласан л юм бол ГОК-ийн буудалдаа ч болов байрлахгүй яасан юм бэ, Бадмаа дарга аа. Энэ албан тушаалд мөнхрөхгүй нь тодорхой учраас ингэтлээ бууриа засах хэрэг байсан ч юм уу. Ингээд бодохоор тансаглал дахиад ч үргэлжлэх нь. Даргаас гадна ТУЗ-ийн гишүүд гэх том эрх мэдэлтэй хүмүүс бий. Тэд ч бас хүмүүс. Даргатайгаа адилхан оронд унтаж, брэндийн тавилгатай жорлонд бие засмаар санагдаж л таараа. Тэр болгонд төрийн өмчийн компаниас л мөнгө урсана. Энэ мэтээр тансаглал “Эрдэнэт” үйлдвэрт хэрээс хэтэрлээ.
Төр хямраагүй юм байна. Хурган дарга нартаа тансаглах эрх мэдэл өгчхөөд, наагуур нь эдийн засаг сэхээнд орлоо, иргэд минь туслаач хэмээн жүжиг тавьж байжээ. Хувийн хэвшлээс улаан цайм дээрэмдсэн зорилго нь ч энэ байж. Цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэрхэх бол. Хэдэн тэрбум төгрөг он залуухан бандгар хар машины төлбөрт явж, хэчнээн даргын орон байрыг тохижуулахад зарцуулагдах бол. Эрхэм дарга нарын эдэлж хэрэглэж буй бүхэн хэдхэн жилийн дараа таалагдахаа болж алтан жорлонд “юу яамаар” болбол яана аа.
Төрийн өмчийн компани өнө мөнхөд ашиггүй ажиллаж ирсэн хамгийн гол шалтгаан даргын тансаглал, улстөрчдийн шахаа байдаг бичигдээгүй хууль Монголд хэрэгжээд удсан. Тэнд ажил явдаггүй харин шахаа хийгддэг. Алдагдалтай ажиллах эсэх сонин биш. Дарга ашгаа олох л чухал. Албан тушаалд өөрсдийн хүмүүсээ шургуулсан хүн бүхэн мөнгөө өсгөхөөр улайрч, хувийн шахаагаа хийж эхэлдэг.
Эрдэнэт хэзээ, хэзээнээс л дарга нарын шахааны объект, саалийн үнээ байлаа. Энэ удаад ч зарчим өөрчлөгдсөнгүй. 55 сая төгрөгийн цалин 24 сая болгож буурууллаа гээд чанарын ялгаа огт гарахгүй нь ээ. Хувийн тансаглал, шахааны бизнесээ үйлдвэрт шургуулчихвал сарын цалингаасаа хасуулах юу ч биш нь тодорхой. Эцэст нь магад үнэн ялж мэдэх юм. Энэ компани хувьд шилжиж илүү ашигтай ажиллах цаг ирж л таараа. Харин тэр болтол ашигтай ажиллах тухай яриа зөвхөн мөрөөдөл хэвээр үлдэнэ.
Тэр болтол дампуурахгүй үлдээсэй гэж залбирах л үлдлээ. Төр минь хямраагүйг бид мэдлээ. Нэг цэцэрлэг барьчих мөнгөөр ганц “хурган” даргаа эрхлүүлдэг хэтэрхий баян, хэтэрхий цамаан төртэй гэдгээ мэдлээ. Одоо дуугүй сууж, дарлуулдаг цаг нь өнгөрсөн. Эрдэнэт үнэхээр л ард түмний өмч юм бол дээрэмчдээс хариуцлага нэхэх цаг нь ирсэн байна. Тансаглал, цамаархлыг нь таслан зогсоохыг шаардах цаг нь ч болж. Үеийн үед ийм байсан хэмээн эвлэрч суухын хэрэг юун.
Б.Эрхэс
Сэтгэгдэл бичигдээгүй байна