2017-2018 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэг баррель нь 55 доллар орчимд байна

2017/04/20
Олон улсын валютын сан /ОУВС/ 2017-2018 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэг баррель нь 55 доллар орчимд байна гэж үзжээ. 

ОУВС, Дэлхийн банкны удирдах байгууллагуудын хаврын чуулган болохын өмнө Вашингтонд мягмар гарагт тараасан дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлвийн талаарх ОУВС-гийн дүн шинжилгээний тайланд дээрх таамгийг тусгасан байна.

Энэхүү баримт бичигт дурдсанаар, 2016 онд нэг баррель газрын тосны үнэ дунджаар 42,84 доллар байсан бол 2017 онд 55,23 доллар, 2018 онд ялимгүй доошлон 55,06 доллар болох төлөвтэй байгаа аж.

ОУВС-гаас гаргасан газрын тосны үнийн төлвийг Их Британи, Дубай, баруун Техасын түүхий эдийн арифметик дундаж үнээр тооцоолон боловсруулжээ.

Тайланг бэлтгэсэн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, улс орнууд газрын тосны олборлолтоо 6 сарын хугацаагаар өдөрт 1,8 сая баррелиар тохиролцон хорогдуулж байгаа нь  2017 оны сүүлч гэхэд зах зээлийг дахин тэнцвэржүүлж, одоогийн байдлаар өдөрт 1 сая баррель хэмжигдэж буй нийлүүлэлтийн илүүдлийг арилгахад тус дөхөм болох юм.

“Өдөрт 1,2 сая баррелиар хэмжигдэж буй газрын тосны эрэлтийн өсөлт нь ойрын хэдэн жилийн хугацаанд уламжлалт бус эх үүсвэрээр хангагдах юм. Юуны түрүүнд гүний усны болон хэт гүний усны газрын тос, газрын тосны илрэцтэй элс, хүнд болон нэн хүнд газрын тосны нөөцийг ялган авах замаар хангана.

Хэрвээ занар байгаагүй бол газрын тосны нөөц шавхагдаж, хөрөнгө оруулалт буурсны улмаас хэдэн жилийн дараа газрын тосны үнэ огцом өснө. Харин газрын тосны зах зээлд үнэ алгуур өсөх нь занарын нефтийн олборлолтыг дэмжих юм. Үүний дүнд занарын нефтийн нийлүүлэлт үнийн огцом өсөлтийг бага зэрэг зөөллөхөд тус дөхөм болно. Үнэ цаашид өсч байгаа нөхцөлд дунд хугацааны ирээдүйд уламжлалт бус олборлолтын техникийг боловсронгуй болгох ажил сэргэж, эцсийн бүлэгтээ үнийн ээлжит мөчлөгийн хувьд түлхэц болно" гэж ОУВС-гийн тайланд дурджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна