МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Тантай нөгөө л эдийн засаг, улстөрийн сэдвээр ярилцахаар ирлээ.
-Уран зургийн тухай, урлагийн тухай ярьж болж байна шүү дээ. Сүүлд гэхэд ээждээ зориулж ээжийн тухай дуу бүтээсэн. Бас энэ дууныхаа утга агуулгыг шингээсэн уран зураг зурууллаа. Эх хүн үр хүүхдээ хэвлийдээ олохоос эхлээд баяр баясгалантай амьдардаг. Эх хүн хэзээ ч төрүүлсэн үрээ ад үздэггүй. Хүн байгалийнхаа жамаар өтөлж, өвдөж, нас эцэслэх нь үр хүүхэдтэй холбоогүй. Ихэнх ээжийн тухай дуунууд ээж нь хүүхдээ төрүүлж өсгөөд л ядарчихсан юм шиг, бөгтөр болчихсон юм шиг агуулгатай байдаг. Би үүний эсрэг бодолтой явдаг. Тиймээс ээж минь таныгаа баярлуулах гэж хүү нь тандаа төрсөн юм гэдэг үндсэн филисофитой дуутай боллоо.
Удахгүй зургадугаар сарын 18-нд миний төрсөн өдөр тохионо. Өнгөрсөн оны 9-р сард ээжийн тухай энэ дуугаа “Хурд” хамтлагаар дуулуулсан, одоо клипийг нь хийгээд дуусч байна. Их сонин нь “Хурд”-ын Цогоо бид хоёр нэг онд, нэг өдөр төрсөн. Цаад утгаараа аливаа зүйл аяндаа сайхан бүтдэг гэдгийг харуулж байна гэж бэлэгшээж сууна. Миний ээж 1969 онд Завханы Яруу сумаас өвдөөд Улайстайд ирж намайг төрүүлсэн гэдэг.
-
Таныг эдийн засагч гэж л хараад байдаг. Гэтэл та чинь уран зураг, дуу хөгжимд их сонирхолтой, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн юм байна шүү дээ?
-Дуу хөгжим, урлаг, эдийн засаг, банк санхүү, математик зэрэг нь хүнд байх ёстой л зүйлүүд. Хүнээс салангид тусдаа зүйл биш. Социализмын үед л хүмүүсийг нэг төрлөөр бэлтгээд, бусад зүйлс хүртээлгүй мэтээр ойлгуулж байсан тал бий. Ингэж бурханаас заяасан зургаан мэдэрхүйг нь хаачихсан. Бурхан будда 2500 жилийн өмнө “Хүн зургаан мэдэрхүйгээрээ юу мэдэрнэ тэр нь бодол болж, бодол санаа нь үйлийн үрийн ундарга болдог” гэж хэлсэн байдаг. Энэ бол мэдээж харах, сонсох, амтлах, хүртэх, үнэртэх, оюун санааны мэдрэхүй. Зургаан мэдрэхүй бүгд тархинд очдог. Жишээ нь чихээрээ дамжуулан хөгжмийн гайхамшгийг мэдэрдэг. Энэ гайхамшиг хүн болгонд өдөөгдсөн байдаг.
Манай Бямбасүрэн гуай Ерөнхий сайдаас буусныхаа дараа 1996 оны үед “Орчлонгийн хүрд” нэртэй номоо бичиж байсан. Үүний гол агуулга нь хүнд, нийгэмд байдаг онч дохионы тухай өгүүлдэг. Онч дохио нь хэзээ сонсогдоно, түүнийг яаж хүлээж авахаас нийгэм сэрдэг, хүн сэрдэг гэсэн онол. Энэ онолыг би зөв гэж үздэг. Буруу дохио авбал хүний бие организмд хавдрын эс өдөөгддөг. Нийгэм өөрөө стресстэй, хямралтай байгаа үед хүний буруу эс хөгжих магадлал их байна. Тэгэхээр одоогийн төрийг авч яваа хүмүүс, улстөрчид нийгмийг стресс бухимдалгүй байлгахад гол анхаарал тавих ёстой. Нийгмээр нь тайван байлгадаг, нийгмээр нь зөв зүг рүү чиглүүлдэг хоёр гол тулгуур нь спорт, урлаг. Спорт, урлаг хоёр бол хүн хөгжөөх зугаа төдий зүйл биш. Ялангуяа чадалтай улстөрчид урлаг, спортыг ашиглаж нийгмээ зөв чиг рүү оруулдаг.
-Таны хэлж байгаа шиг урлаг, спортоор нийгмээ зөв чигт оруулж байгаа улстөрч, төрийн зүтгэлтэн байна уу?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг нэрлэж болно. Спортынхоо ерөнхий менежерийг хийдэг. Сочигийн олимпийг хийхдээ цаагуураа Кремийг авч байх жишээтэй. Дээрээс нь Оросын соёл урлагийн салбарынх нь гол продюссер. Ленинград, Петербургийг ямар болгож байна. Тэгэхээр төвлөрсөн мөнгөний хүчийг юунд ашиглах вэ гэдэг нь орчин үеийн улстөрчдийн гол хэмжүүр болоод байна. Нийтийн мөнгийг нийтэд нь зарцуулж чадаж байгааг нь сайн улстөрч гэж үнэлэх болсон. Гэтэл манайд нийтийн мөнгөнөөс нэг хэсгийг нь хулгайлсныг сайн гэж ойлгоод байдаг. Аль эсвэл өөрийнхөө халаасаар оруулж, тодорхой хувийг нь өөртөө авч үлдэж байна. Энэ бол хөгийн улстөрчдийн араншин. Энэ аяндаа алга болно. Бид Путин шиг улстөрчдийг хайж эхэлж байна.
Одоо бол 1 тэрбум төгрөгийг нэг сая хүнээс цуглуулж авчихаад 1 тэрбум 100 сая төгрөг болгож буцааж тараагаад таниас 1000 төгрөг авангуутаа 1002 төгрөг болгож буцааж өгдөг. Дундаас нь 8 төгрөгийг нь өөртөө авах зарчмаар ажиллаж байна. Мөнгийг ингэж цуглуулж тараах нь гэмт хэрэг байхгүй юу.
ЗАСГИЙН ГАЗАР ҮНДСЭН АЖЛАА ХИЙХЭЭС ЗАЛХУУРААД БАЙНА
-Та бид хоёрын урлагийн тухай яриа их хурдан эдийн засаг руу орчихлоо. Хэдхэн хоногийн өмнө та яг энэ асуудлаар УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хандсан мэдэгдэл гаргаж, бизнес эрхлэгчид татвараа төлөхгүйд хүрнэ гэдгийг анхааруулсан?
-Ерөөсөө л асуудлын гол нь миний сая ярьсан агуулга. Татвар төлөгчид “бидний өгсөн мөнгө хаачсан бэ” гэж байгаа. Бидний тавьсан найман асуудлын тав нь зөвхөн төрийн менежменттэй холбоотой. Татвар төлөгчид 183 мянган хүн тэжээж дийлэхээ болилоо. Нэг төрийн албан хаагчийг цалинжуулахын төлөө нэг компани дампуурч байна шүү дээ. 135 мянган компанийн 60 мянга нь Х тайлантай буюу ашиггүй ажилладаг. Гэтэл нэг төрийн албан хаагчийн жилийн цалин дунджаар 10 сая. Арван сая төгрөг төлж чадахгүй байгаа н компанийг дампууруулснаас нэг төрийн албан хаагчаа цомхотго гэж байгаа юм. Энэ гаргалгааг ч бид хэлсэн.
Сүүлийн 12 жил бид хамтарсан төр засаг байгуулж, хоёр намын нөхдийг ажилтай болгохын тулд яамдуудаа хүчээр томрууллаа. Төрийн албан хаагчдын тоо 2006 оноос хойш 60 мянгаар, 2012 оноос хойш 24 мянгаар нэмэгдлээ. Үүн дотор үйлчилгээний албан хаагчид нь 100-110 мянга л байгаа. Хэн томорсон бэ гэвэл удирдах албан тушаалтнуудын орон тоо. Би УИХ-ын дарга М.Энхболдод “Одоо танд түүхэн бололцоо бүрдсэн үе. Нэг нам үнэмлэхүй олонхиороо УИХ, Засгийн газар, орон нутгийн түвшинд засаглаж байна. Ийм үед хуучин эрээвэр хурааврын нэгдлээ таслан зогсоочих” гэж хэлсэн.
Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн учраас халдаж чадахгүй байна л даа. Сонгууль гэж шидийн юм таарчихаад хойшлоод байна. Ирэх намраас энэ асуудал хүссэн хүсээгүй яригдана, дахиад босно. Энэ хугацаанд зөвшилцөл амлалтдаа хүрэх эсэхийг харна. Сая бол цаг хугацааны шахаанд байсан. Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авахын тулд гурван зүйлээр гэрийн даалгавар авсан.
Эхнийх нь Хөгжлийн банкны хуулиа шинэчлэх, хоёрдугаарт арилжааны банкуудад олон улсын аудит оруулах, гуравдугаарт төсвийн тодотголоо хийгээд алдагдлыг 10.2 хувьд авчрах. Ингэж чадвал хөтөлбөрт хамрагдаж магадгүй гэсэн. Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 14-нд дууссан. Бид 13-нд буюу өмнөх өдөр нь уулзалт хийлээ л дээ. Эцсийн бүлэгт Монголчууд энэ хүндрэлээс хамтдаа л гарна. Засгийн газар татвар төлөгчид, хөдөлмөрийн капиталын гол тоглогч үйлдвэрчний эвлэлтэй ярилгүй тодотголоо оруулж ирснээрээ нийгмийг дэврээснээрээ алдаа гаргасан.
-Татвар нэмэгдүүлж, хурааж авах гэж байгаа арга хэлбэр нь оновчгүй байна уу?
-Бид асуудлыг ойлгохгүй биш ойлгож байгаа. Гэхдээ Засгийн газар залхуураад байна. Приус машины татвар нэмнэ гэж ярьж байгаа. Уг нь төрийн үүрэг бол зах дээр эцсийн хэрэгчлэгчид худалдаж байгаа машинаас НӨАТ-аа авах. Гэтэл Засгийн газарт хил дээр байхад нь барьцаалж байгаад хэдэн төгрөгийг хурааж авах нь хялбар харагдаад байна л даа. Жилдээ 40-50 мянган машин худалдаалдаг. Одоо бол хэдхэн салоноор худалаалж байгаа машины татвар л улсад орж байгаа. Бусад нь огт НӨАТ төлдөггүй. Нийгмээрээ татвар төлдөггүй хэсгийг яаж тэжээгээд явах юм бэ. Төр ажлаа хиймээр байна шүү дээ.
-Таны УИХ-ын дарга М.Энхболдтой хийсэн уулзалт ямар тодорхой үр дүнд хүрсэн юм бэ. Таныг уулзалтын дараагаас огт өөр зүйл ярилаа гэж гайхах хэсэг байна?
-Найман асуудлын нэлээд хэд дээр нь тохиролцоонд хүрсэн. Би хэлсэн “Та яамдаа цэгцэл, татварын орлогуудын зарим нь биелэхгүй байж магадгүй” гэж. Энэ бол татварын хэдэн тооны асуудал биш. УИХ-ын даргатай ойлголцсон гол зүйл бол татварын багц хуулиудыг УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэн батлах асуудал байсан. Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль 2015 оноос хойш шинэчлэгдэхээр хүлээгдэж байна. Өнгөрсөн УИХ-ын үед ганцхан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өөрчлөгдөөд бусад нь үлдчихсэн байгаа. НӨАТ хууль шинэчлэгдсэний ачаар сая татварын орлогууд биелсэн юм.
УИХ-ын дарга хүлээгдэж байгаа 3 хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлж 2018 оноос шинэ татварын системээр ажиллах шаардлагатай байгаа. Ингэж системээ өөрчлөхөөр зөвшилцсөн нь маш том ололт гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын даргад мэдээлэл очихгүй байна. Очуулахгүй байгаа нь цаанаа учиртай. Уулзаад ярилцахад чухал мэдээллүүд тэр хүнд хүрэхгүй байгаа нь анзаарагдсан. Энэ бол асуудал шүү.
М.Энхболд дарга Засгийн газарт “Яагаад татвар төлөгч, үйлдвэрчний эвлэлтэйгээ уулзалгүй оруулж ирсэн бэ” гэдгийг асууж анхааруулсан. Энэ ч бас томоохон ололт. Хууль баталж байгаа 76 гишүүнийг сэрээж чадсан. Үндэсний баялаг бүтээгч нь татвар төлөгчид болохоос төр биш.
СОНГУУЛИЙН ШОУ БОЛГОХ ГЭЭД БАЙСАН УЧРААС ХОЙШЛУУЛСАН
-Сэрээсэн хэрнээ дуугүй болчихлоо гэж үзэх тал бас бий. Нэгэнт төсвийн тодотгол батлагдчихлаа. Цаашид энэ асуудлыг тоох хүн олдох уу?
-Бидний санаачлагыг өлгөж аваад сонгуульд зориулан түймэр тавих сонирхолтой хэсэг бүлэг байна. Уучлаарай тэдний сонгуулийн шоуны хэрэгсэл болохгүй. Татвар төлөгч, татвар авагч хоёрын л асуудал. Аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд бидний ярилцсан зөвшилцөл яаж ажиллахаас бүх зүйл шалтгаална. Ирэх намар гэхэд татварын орлого 400 тэрбумаар давж биелнэ. Гэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэмсэн ганц нэг татвар биелэхгүй байж магадгүй. Хөгжлийн банкнаас, Чингис, Самурай бондоос хэн хэдэн төгрөгийн зээл авсан юм гэдгийг нуугаад байгаа. Үүнийг ил болгох хэрэгтэй.
Сая Концессыг зогсоо гэснийг ОУВС маш сайн хүлээж авсан. Засгийн газар ч ажиллаж байгаа. 10 их наяд төгрөгийн концессын бэлтгэл ажил хийгдсэн. Ирээдүйн татвар төлөгчдөд 10 их наяд төгрөг буюу 5 тэрбум ам.долларын өр үүссэн гэсэн үг. Төрд байгаа улсуудын авлига авдаг хамгийн хялбар арга нь концесс. Тендер бол хүүхдийн тоглоом, онигоо болсон. Харин томоохон концессын ажилд хэн хошуугаа дүрэх вэ гэдэг дээр л зодоон болж байна. Өнөөгийн хямрал ч энэ зодооноос үүдэлтэй. Тиймээс гадныхантай хамтарч зогсооё гэж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгэн хүн ялах нь тодорхой. Гэхдээ эдийн засагт шууд нөлөөлдөг субьект ерөнхийлөгч биш. Шууд нөлөөлдөг нь УИХ, Засгийн газар. Тиймээс тэнд хэн нэгнийг Ерөнхийлөгчид ялуулахын төлөө хямраад байх хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгууль манай татвар төлөгчдөөс холхон байгаасай л гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн шоуны хэрэгсэл болгохгүйн тулд асуудлаа хойшлуулсан.
-Танд хувийн амлалт өгөөгүй юу?
-Цаг хугацаа харуулна. УИХ-ын дарга Танхимын даргыг багаар нь хүлээн авч уулзсан анхны тохиолдол байх шүү. Гол эрх барих удирдлагатай эн тэнцүү хэлэлцээнд очиж чадсан нь дэвшил.
-Та өнгөрсөн УИХ-ын сонгуулийг өнжсөн. Таныг намын зүгээс дэмждэггүй, албан тушаалд томилдоггүй гэж харагддаг?
-Саналууд бол тавьж л байсан. Гэхдээ танхим өөрөө төртэй эн тэнцүү харилцдаг байгууллага. 200 жилийн өмнө л төртэй зодолдох гэж байгуулагдсан. Эн тэнцүү байгууллагын толгойлогч төрийн гал тогоонд очих уу. Танхимдаа байсан нь илүү үр дүнтэй гэж боддог. Тийм ч учраас өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Заалнаас миний нэрийг дэвшүүлэхэд нэрээ татсан.
Тэр үед “Нам ялнаа. Бид сөрөг хүчин ч засаг барьж байгаа нөхдүүдтэй хамтраад татварын системийн эхлэлийг тавьлаа. Сонгуулийн дараа энэ шинэчлэлийг үргэлжлүүлнэ шүү” гэж хэлж байсан. Гэтэл манай нам засаг аваад татварын системийг шинэчлэх ажлыг огт үргэлжлүүлээгүй, эсрэг юм хийсэн учраас ойлгуулах гээд мэрийгээд яваа юм. Улстөрийн тавцан бол сонгуулиар явдаг дүрмийнхээ хүрээнд Сангийн сайд нь томилогдоод ажиллаж байна. Гэхдээ танхим гэдэг түүнтэй эн тэнцүү зарчмаар ажилладаг.
Та бүхэн санаж байгаа бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг оруулж ирэхэд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд “Энэ бол танхимын лобби, Лхагважавын лобби” гээд унагаж байсан. Дөрвөн удаа орж байж 2015 онд батлагдсан. Үр дүнг нь бид одоо харж байна. Бид өнөөдөр шударга бус нийгмээс, татвар төлдөггүй хар зах зээлээс том жижиггүй залхаж байна. Татвар төлдөггүй зах зээл их байх тусам хамаг бузар булай бүрэлддэг. Авлига, хээл хахууль, төрийг, хууль хүчний байгууллагыг худалдаж авах гээд муу бүхэн үүрлэдэг аюултай. Нийгмээрээ үүнийг цэвэрлэж гэгээтэй зүйл рүү явмаар байна.
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨР АВСАН НЬ ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ БОЛСОН
-Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит авсан асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэмээн дээр ямааны гарз болсон. Би хэдхэн зүйлээс айж байсан. Нэгдүгээрт евро бондын төлбөрийн асуудал. Үүнийг нэг дор төлөөд, Эрдэнэтийн 400 саяыг шилжүүлээд төгрөгийн ханш 20 хувь унасан асуудал. Нөгөөх нь дараа жил төлөх 1.3 их наяд, түүний дараагийн жилд төлөх зээлийн хүүгийн төлбөр гээд нийлүүлж тооцвол 1.5 тэрбум ам.долларын өр төлнө. Үүн дээр дахиад Эрдэнэт гэдэг гай чирээд ирлээ. Одоо Эрдэнэтийн 49 хувийн талд тэрбум доллар төлж байж сална. Шүүхээр явбал 49 хувь нь авдаг юмаа авна, Засгийн газар өрөнд орно. Одоо л гэхэд 100 сая ам.долларын өрөнд орчихсон яваа.
Гэрээнд 18 сарын дотор 3 дахь этгээдэд өгвөл 100 сая доллар төлнө гэж заасан. Ростехт 100 сая доллар төлөхөөр болсон байгаа. Ростех зүгээр сууж байгаад л мөнгөтэй болно. Арбитрт Ростех татагдаж орно, хуурамч өмч зарсан гэдэг утгаараа. Энэ бол улстөрийн том наймаа байсан. Тиймээс эндээс гай болж татвар төлөгчид өрөнд орохоос айж байна.
-Компанийн өмчийг шууд төр дээрэмдээд авчихаж болж байгаа юмуу?
-Хуйвалдаад авчирсан юмыг дээрэмдээд авчихлаа гэж Х.Тэмүүжин хэлсэн байна лээ. Мэдээж луйвардаж ирэхдээ олон улсын сайн компаниудыг ашигласан байх. Гэтэл ХХК байсныг төрийн өмчит болголоо. Одоо бүх юмыг дарга нар мэддэг болох нь. Уг нь эсрэгээрээ ХХК-г нь ХК болгох ёстой байсан юм. Ингэхээр л олон улсаас хөрөнгө татах зэрэг бүх асуудал нь унтарчихаад байна.Монголчууд өөрсдийнхөө юмыг ингээд дээрэмдчихдэг, би ч гэсэн очоод дээрэмдүүлнэ гэх айдас бий боллоо шүү дээ.
Ядаж байхад сая Оффшорын тухай хууль гээд солиотой хууль баталчихлаа. Зөвхөн үгэнд зориулж хууль батална гэж юу байхав дээ. Манайд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь оффшор бүсэд компани байгуулж орж ирж байгаа. Орос, Хятад хоёрын дунд, эрсдэлтэй улсад хөрөнгө оруулах хүний ганц баталгаа нь оффшор бүсийн компаниуд байдаг. Тийм бүсээс хамгаалалт авч байж хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр муухай гэж харахаасаа өмнө газар дээр нь очиж судалж, олон улсын дүрмээр нь тоглох ёстой.
Нөгөө талд Монголчуудыг ийм хууль баталсныг хараад хөх инээд нь хүрч байгаа. Ямар том бизнес тэнд явагдаж байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Бид үүнээс сайн дураараа татгалзаж байгаа нь харамсалтай. Банк ашиглахгүй бизнес хийнэ гэж байгаатай л ялгаагүй зүйл. Нийгмийн давалгаан дээр тоглолт хийж, ул суурьгүй судалгаагүй хууль батлах аюултай.
-Ярилцсанд баярлалаа.
С.ОТГОНСҮРЭН
Сэтгэгдэл бичигдээгүй байна