Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанк Блүүмберг компанитай хамтран банк хоорондын валют арилжааны цахим талбарыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн.
Тэгвэл өнөөдөр "ТУУШИН ПРЕМЬЕР" зочид буудалд Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэхүү цахим арилжааны талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд болон ААН, иргэд мөн оролцох боломжтой юм байна.
Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын төлбөр тооцоо, спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал бүрэлдэх, Монголбанк шаардлагатай үед зах зээлд оролцох интервенцийнхээ бодлогыг тодорхойлох боломж бүрдэнэ. Цаашид валют арилжааны нэгдсэн талбарыг бий болгох үндэс суурийг тавих боломжтой аж.
Уг талбар ашиглалтад орохоос өмнө иргэд, ААН-үүд ихэвчлэн банкуудын самбарын ханшаас мэдээлэл авч, их хэмжээний валют худалдах, худалдан авах арилжаа өөр дүнгээр хийгддэг байсан тул томоохон бөөн дүнтэй арилжаа ямар ханшаар хийгдэх нь тодорхой бус байсан юм.
Харин уг талбар ашиглалтад орсноор үйлчлүүлэгчдийн хувьд үйлчилгээний өргөн сонголт бий болж, үнэ хямд тогтох нөхцөл бүрдэх юм байна. Мөн өндөр дүнтэй хийгдэж байгаа валютын арилжаа ямар ханштай хийгдэж байна вэ гэдгээс эхлээд бүхий л зүйл ил тод болох ажээ.
Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа "Цахим талбарын арилжаа идэвхжихээр энэ нь валютын захын хөтлөгч ханш болно. Ингэснээр энэ ханш яваандаа хамгийн хөрвөх чадвартай, хамгийн сайн ханш хэд байна гэдгийг илтгэх боломжийг бий болгох юм. Иргэн, Аж ахуйн нэгж, Банк бус санхүүгийн байгууллагууд банкаар дамжуулан оролцох боломжтой. Бид арилжааны ханш тухайн цаг мөчид хэд байна, эрэлт нийлүүлэлт ямар байна гэдгийг зарлана. Ингэхээр тухайн ханшаар арилжаанд оролцох боломжтой болно. Бид дөрөвдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл туршилтын арилжааг эхлүүлсэн. Арилжааны идэвхжил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин нэмэгдэж 28 сая ам.долларт хүрсэн. Иргэд, ААН-үүд банкаараа дамжуулаад арилжаанд оролцвол идэвхжил нь улам нэмэгдэнэ. Цахим талбарт арилжаанд оролцогчдын ёс зүйн асуудал их чухал" гэлээ.
Иргэн, аж ахуйн нэгжүүд нь валют арилжааны нэгдсэн талбарт оролцохдоо харилцагч банкаараа дамжуулан, 10.00-16.30 цагийн хооронд үйлчилгээ авах боломжтой юм байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна