Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт албан ёсоор хамрагдахаар болсонтой холбогдуулан Монголбанк дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
"Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсан даруйд буюу Улаанбаатарын цагаар 2017 оны тавдугаар сарын 25-ны өглөө эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна.
Монгол Улсад эдийн засгийг шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтэд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын байгууллагуудаас гадна Япон БНХУ, БНСУ зэрэг хоёр талт хамтын ажиллагаатай орнууд оролцох юм.
Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлцлийг сэргээх зорилготой уг хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэн 4 тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байгаа.
Түүнчлэн Монголбанкны засаглалыг сайжруулах бие даасан байдлыг баталгаажуулах Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль эрхзүйн шинэчлэлүүд хийгдэх болно. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан хараат бус хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлэх юм.
Банкны сектор нь тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад актив чанарын үнэлгээ хийх бөгөөд ингэснээр банк санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм. Банкны системийн эрүүл найдвартай үйлчилгээ нь дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно."
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл бичигдээгүй байна