Монголбанкныхан өмнөх хэдэн жилд үнэхээр дураараа авирлажээ

2017/05/29
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Энэ хугацаанд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төв банкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн болох нь харагдаж байна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.

Ингэж дүгнэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсээд байсныг дараахь хэдэн баримтаас харж болно. УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр  Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрч, дөрвөн их наяд төгрөгийн өртэй болохыг тогтоосон байна. Төв банк ийм их алдагдалд орсон нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсч доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.Үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй байна.

Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төв банкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтаар тогтоожээ.



УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийлээ.Энэ хугацаанд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төв банкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн болох нь харагдаж байна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.

Ингэж дүгнэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсээд байсныг дараахь хэдэн баримтаас харж болно. УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрч, дөрвөн их наяд төгрөгийн өртэй болохыг тогтоосон байна.

Төв банк ийм их алдагдалд орсон нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсч доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.Үндсэндээ Монгол улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй байна.



Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төв банкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтаар тогтоожээ.

Монголбанк өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэгт зориулж зээл олгохдоо хууль зөрчиж, зээлийн хүүг бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд тогтоож, уламжлалт бус арга хэрэгслээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн байна.

Үүний зэрэгцээ ямар ч тооцоо судалгаагүй, богино хугацаатай, өндөр хүүтэй авсан Чингис бондын хүүгийн зардал, Хятадын Ардын банкинд своп хэлцлийн дагуу төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал хүлээсэн байна.

Үүнээс гадна дотоодын банкуудтай давхардсан тоогоор 1.673 тэрбум юань, 8.9 тэрбум ам.доллар, 17.5 тэрбум төгрөгийн своп хэмээх хэлцэл хийж, ханшийн зөрүүгээс  нийт 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн нь зөвхөн 2014-2016 оны хугацаанд бий болжээ. 

Гадаад зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч, импортын зардал багассаар байтал “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр»-ийг Засгийн газар баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанк нийт 1.6 тэрбум ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан бөгөөд ханшийн хөнгөлөлтөөс 354,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Үүний зэрэгцээ  уг хөтөлбөрт хамрагдсан компаниудад 16 сарын хугацаанд нийт 226.4 тэрбум төгрөгийг дур мэдэн жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон бол арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж  шатахууны компаниудад 3.8 хувийн хүүтэйгээр зээлж, дундаас нь ашиг хүртэх боломж олгожээ. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага  байсан бөгөөд энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Харин дэд хөтөлбөрт хамрагдсан компаниуд дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой бай­сан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй юм. Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408,4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэн нь ТЕГ-ын тайлангаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлийг олгох үед дээрх компаниудын ашиг 1.6 хувь байсан бол зээлийг олгосны дараа 2013 онд 4.8, 2014 онд 6.9, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн нь үүний нотолгоо болно. 

Монголбанкны зарим үйл ажиллагаа нь хуульд заасан зүйл заалтад хамаарахгүй, уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ашигласан нь төгрөгийн худалдан авах чадвар, цаашилбал санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн гэж ажлын хэсэг үзжээ.

Тухайлбал, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон нь мөнгөний зах зээл дэх тэнцвэрт байдалд нөлөөлж гадаад валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан төдийгүй Төвбанкны тухай хуульд заасан Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн заалтыг зөрчжээ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь жижиглэнгийн болон барилгын материал зэрэг барааны үнийг бууруулахад нөлөө үзүүлсэн бол бас ч үр дүн гарах байсан гэж үзэх үндэстэй.Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэд бензин, шатахууны үнэ шууд нөлөө үзүүлдэг бөгөөд Монгол банкны алдагдал хүлээн байж олгосон хөнгөлөлттэй зээл ямар ч үр дүн өгөөгүй байна.

Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн улмаас болон гадаад валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурч,  гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан нь 2016 онд 1.3 тэрбум ам.доллар хүртэл багасч,  төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1,392.0 төгрөг байсан бол 2,489.5 төгрөг болж өсөхөд нөлөөлжээ. 

Гадаад валютын нөөц буурахад  гадаад валютын урсгал саарч, 2016 онд 6.2 их наяд төгрөгийн гадаад валют орж ирсэн нь 2012 онтой харьцуулахад 40 хувиар буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 75 хувь буюу 2.7 их наяд төгрөгөөр буурч, энэ хугацаанд зээлийн үйлчилгээний төлбөр 596 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, Монголбанкны өр төлбөр нэмэгдэхэд БНХАУ-ын Ардын банкнаа своп хэлцлээр 15,0 тэрбум юань авч, Засгийн газар Чингис, Самурай, Хөгжлийн банкны евро бонд авч, төсвийн гадуур хяналтгүй зарцуулах болсон нь гадаад өр төлбөрийг их хэмжээгээр нэмэгдүүлж, Монгол улсын гадаад өрийн дарамтын гол эх үүсвэр болсонт байна гэж дүгнэжээ. 



Ийм хүндрэлтэй нөхцөлд үнэ тогтворжуулах болон банкуудтай своп, форвард гэх ард түмэнд үл ойлгогдох нэрээр хэлцэл хийж, зээлийн хөрөнгийг танил талаараа тараах, зах зээлийн ханшаас 300,00 хүртэл төгрөгөөр бага ханшаар зээл олгох гэх мэт үйлдэл хийсэн нь ашиг сонирхлын зөрчил шийдвэрлэх үүрэгтэй байсан  гэж үзэх үндэстэй байгаа юм.

Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн дийлэнх нь импортыг дэмжсэн, улмаар гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлсэн хөтөлбөрүүд байв. Төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болж, гадаад валютын албан нөөц багассан үед гадаад валютын форвард хэлцэл байгуулж, 2012-2016 онд 7,0 тэрбум ам.долларын валютын интервенц хийж байсан боловч,  үр дүнгээ өгөөгүй бөгөөд валютын ханш үргэлжлэн суларч валютын нөөцийг шавхах эрсдэлд хүргэсэн байна. 

Своп гүйлгээ нь Хятадын Ардын банк ба Монголбанкны хооронд байгуулсан хэлэлцээрт заасан нөхцөл, болзлын дагуу юаныг төгрөгийн эсрэг, төгрөгийг юаны эсрэг худалдан авах үйл ажиллагааг зохицуулдаг зээлийн нэг хэлбэр юм.

Улаанбаатар хотноо хоёр улсын Төвбанкны Ерөнхийлөгч нар 2011 оны тавдугаар сарын 6-ны өдөр нийт таван тэрбум юань буюу 1.0 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд анх гарын үсэг зурсан байна.

Гэрээ нь гурван жилийн хугацаатай байсан бөгөөд 2014 онд сунгасан байдаг. Гэрээний хугацаа 2017 оны наймдугаар сард дуусахтай холбогдуулан Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Төв банкинд айлчлал хийж, гэрээг дахин буюу 2020 он хүртэл сунгахаар тохиролцсон байна.

Дээрх зээлийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны эцсийн байдлаар Монголбанк өссөн дүнгээр нийт 43,0 тэрбум юанийн зээл авч, 12,0 тэрбум юанийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Хятадын Ардын банкинд дээрх хугацаанд нийтдээ 495.5 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн бөгөөд одоогийн байдлаар тус банкнаас 15.0 тэрбум /гэрээний дагуу дээд хэмжээ/ юанийн зээл авах лимитээс 12.0 тэрбум юанийн зээлийн эрхээ ашиглажээ.

Монголбанк нь Төв банкны тухай хуулийн заалтын дагуу нийгмийн хөгжлийн санд 2012-2016 онд нийтдээ 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн ч сангийн хөрөнгөөр танил тал харж орон сууц олгох, бусад тэтгэлэг үзүүлдэг болохыг тогтоосон байна. Монгол Улсын төрийн албаны ажилтнуудын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй байхад Монгол банк өнгөрсөн дөрвөн жилд ажиллагсдынхаа цалинг 62,5 хувиар нэмжээ. Түүгээр ч зогсохгүй Төвбанк нийгмийн хөгжлийн сангаас 2012-2016 онд ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум, шагналд 0.5 тэрбум, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Монгол Улсын банкны системийн чанаргүй зээл 2015 онд 2012 оныхоос бараг 5,7 дахин нэмэгдэж, улсын макро эдийн засаг болон банкны системийн байдалд муугаар нөлөөлж байсныг Монголбанкны үйл ажиллагаатай холбож авч үзэхэээс өөр аргагүй гэж УИХ-ын ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг хэлж байлаа.



Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалттай боловч хуулийн энэ заалтаар Монголбанкны алдагдлыг улсын төсвөөс хаах шаардлага өмнө гарч байгаагүй юм билээ. Учир нь, Монголбанк 2011 онд 179,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол дараа онд 181,7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаар ужгирсан их хэмжээний алдагдлын суурь тавигдаж, 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,0 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учраас хуримтлагдсан алдагдлыг хаахын тулд Монголбанк 966.7 тэрбум төгрөгийн авлагаа барагдуулах, дотоодын арилжааны банкуудтай урьдчилсан гүйцэтгэлээр 1,4  их наяд  төгрөгийн хүлээгдэж буй своп, форвард хэлцлүүдийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 369,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан зөрчилтэй 45 аж ахуйн нэгжээр зээлийг хэрэглэсэн нийт хугацаанд арилжааны банкны зээлийн хүүгээр тооцож хүүгийн зөрүүг нөхөн төлүүлэх, Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсний улмаас Монголбанканд зээлийн хүүгийн бодит бус алдагдал 54,2 тэрбум төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,3 тэрбум төгрөгийн алдагдал, нийт 408,4 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан Төвбанкны тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шалгалт хийсэн ажлын хэсэг үзжээ.


Д.Мөнх

"Монголын үнэн"сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна