Уран бүтээлчид нь номоо үүрчихээд дэлгүүр хэсэж явдаг улс орон манайхаас өөр бий болов уу

2017/05/30
Хэрвээ та ном бичдэг, ном бүтээлийн салбартай амьдралаа холбосон нэгэн бол номоо бичихийн хажуугаар сайн редактор хайх, хэнээр дизайн эх бэлтгэлээ хийлгэж, хавтасаа хэрхэн шийдэх, аль хэвлэх үйлдвэрээр хэвлүүлэх, сурталчилгаа борлуулалтаа яаж билээ гээд олон асуудалд нэг ч удаа болов толгойгоо гашилгаж үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрх бүгдийг Хэвлэлийн газарт даатгаж орхиод зохиолч зөвхөн сайн ном бичихдээ л анхаардагдэлхийн сайн жишиг мнаай ном хэвлэлийн салбарт хараахан бүрэн тогтоогүй болохоор тэр. Энэ талаар сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдтэй хөөрөлдсөнөө хүргэе.
 
ХЭВЛЭЛИЙН ГАЗАР БА ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР ХОЁР ОГТ ӨӨР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ

- Манай иргэд Хэвлэлийн газар, Хэвлэх үйлдвэр хоёрын талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг санагддаг. Энэ талаар таны бодол...?

-Тийм зүйл ажиглагддаг. Бид “Хөх дэвтэр” нэртэй хэвлэлийн газар байгуулаад хэдэн жил ажилласан. Тэгэхэд “Танай Хэвлэлийн газраар төдөн ширхэг ном хэвлүүлье” гэж хандах нь олонтаа. “Бид ном хэвлэдэггүй” гэхээр “Хэвлэлийн газар гэчихээд яагаад ном хэвлэдэггүй юм бэ? Хачин юм бэ?” гэх нь бий.

Хэвлэлийн газар, Хэвлэх үйлдвэр хоёр бол огт өөр хоёр үйл ажиллагаа эрхэлдэг. Эхнийх нь ном бүтээдэг бол, хоёрдахь нь номыг хэвлэдэг. Мэргэжлийн хоёр өөр чиглэл шүү дээ. Ном хэвлэлийн салбар хэдий хөгжиж байгаа ч Хэвлэх үйлдвэр нь голлож хөгжөөд Хэвлэлийн газар нь хөгжихгүй, сайн харагдахгүй байгаагийн илрэл энэ болов уу.

- Та Хэвлэлийн газар, Хэвлэх үйлдвэр хоёрыг огт өөр хоёр үйл ажиллагаа эрхэлдэг гэлээ. Үүнээ тодруулбал...?

-Ном бүтээнэ гэдэг бол оюуны ажил. Бичиж туурвина, орчуулна, уншиж судална. Хянаж найруулна. Ямар сэдэв, агуулгын ном эрэлт хэрэгцээтэй байгаа талаар тандалт судалгаа хийнэ. Зохиолч, уран бүтээлчдээ уншигч олонд хүргэж танилцуулна, алдаршуулна. Бүтээсэн номоо сурталчилна, борлуулна. Маркетинг, мэнэжмент хийнэ. Бодлого боловсруулна. Номын загвар дизайн урлана гэхэд л барагдахгүй их ажилтай. Номын агуулга болоод уншигчдынхаа хүрээнд тохирсон загвар гаргана гэдэг бараг бие даасан уран бүтээл болдог. Чухам энэ олон ажлуудыг Хэвлэлийн газар буюу Publishing house хийдэг. Ном бүтээл бичиж туурвихад өндөр ур чадвар, авьяас билэг шаардагдана. Тэдгээр авьяаслаг зохиогчдын бүтээлүүдийг уншигч олонд хүртээлтэйгээр хүргэх ганц гүүр нь Хэвлэлийн газар. 

Харин олон шат дамжлага дамжин БҮТЭЭГДСЭН номыг цаасан дээр дэвтэрлэн хэвлэх ажлыг Хэвлэх үйлдвэр буюу Printing house гүйцэтгэнэ. Ном бүтээлүүдийн хэвлүүлэх, нийтэд түгээх, борлуулах буюу Зохиогчийн эрхийг ихэнхдээ Хэвлэлийн газрууд эзэмшдэг бол хэвлэх үйлдвэрт тийм эрх үүсдэггүй гэх мэт их олон ялгаа бий. Дээр хэлсэнчлэн өнөөдөр манайд Хэвлэх үйлдвэр дэлхийн түвшинд хүрч хөгжсөн бол Хэвлэлийн газрын хөгжил эхлэлийн төдий байна. Манай Соёмбо, Мөнхийн үсэг, Адмон, Сэлэнгэ, Интерпресс зэрэг олон Хэвлэх үйлдвэрүүдэд (Printing house) хэвлэсэн номууд хаана ч очсон гологдохооргүй болсон.

- Хэвлэлийн газрын хөгжил сул байгаагийн шалтгаан юунд байна гэж та бодож байна вэ?

-Монсудар, Непко, Болорсудар гэх мэт цөөнгүй Хэвлэлийн газрууд (Publishing house) хангалттай сайн ажиллаж байгаа ч Хэвлэх үйлдвэрүүд шигээ дэлхийн жишигт хүрч чадахгүй байх шиг. Үүнд хэд хэдэн шалтгаан байж магад. Юуны өмнө манай номын зах зээл бага. Дундаж номын борлуулалт жилдээ 500 орчим. Дээд амжилт нь 60-70 мянга. Гэтэл бусад оронд 60-70 мянга гэдэг тоо бол бараг анхан шатны борлуулалт шүү дээ. Дээд амжилтууд нь хэдэн арван саяар тоологдоно.

Мөн ном бүтээх, ном хэвлэх хоёрыг нэг гэж ойлгодог харалган байдал манайд түгээмэл. Ном эхлээд бүтээгдэж байж дараа хэвлэгдэнэ. Гэтэл бүтээх үйл явцыг нь үнэгүйдүүлээд “Номыг хэвлээд бол болчихдог” гэсэн ойлголттой. Оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж ихээхэн доогуур, сул байгаатай шууд холбоотой. Ийм болоход 1990-ээд оноос хойш өрнөсөн эмх замбараагүй байдал дундуур хэт болхи бүдүүлэг материалист сэтгэлгээ хүч түрэн орж ирсэн, оюуны хулгай хэвийн энгийн явдал болж хувирсан гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Төрийн бодлого ч илэрхий дутагдсан. Төр зөвхөн эдийн засаг буюу ахуйн хүрээнийхээ асуудлыг хөөцөлдөөд ард түмнийхээ оюун, соёлын талыг нь таг мартчихсан мэт явлаа. 

Түүнээс гадна манай хэвлэлийн газрууд төрөлжиж, мэргэших талаар хангалттай ажиллахгүй байна. 

- Хэвлэлийн газрууд мэргэшиж, төрөлжинө гэдэг нь юуг хэлж байна вэ?

-Жишээлбэл, хүүхдийн уран зохиол, танин мэдэхүй чиглэлийн сайн номууд эрж хайвал Австралийн Pinguin books, Оросын Радуга, Английн Sterling house, Америкийн Random house гэх зэрэг хэвлэлийн газруудын мэдээллийг шүүрдэж үздэг шиг л юм. Номын сэдэв, агуулга, төрөл түмэн олон. Нэг сэдэв, агуулгаар дагнаж, мэргэших хэрээр илүү чанартай ном бүтээлүүд гаргах нь тодорхой. 

Гэтэл манай хэвлэлийн газрууд ихэнхдээ бүх салбар, агуулга луу самардаж үздэг, зах зээлээ булаалдах нь их. Ашигтай л бол уран зохиол руу ч, мэргэжлийн номууд руу ч, хүүхдийнх рүү ч орж байна. Мэргэшиж, дагнах нь бага. Энэ нь Хэвлэлийн газрын хөгжилд бас нэгэн тээг тушаа болж байж мэднэ. Өнөөх зах зээл нь багынх л даа. 

Гэхдээ ганц нэг хэвлэлийн газруудын үйл ажиллагаа одоо нэлээн тодорхой харагдаж эхэлж байгаа. Монсударын хүүхдийн номууд, ялангуяа бага насны хүүхдийн номуудтай өрсөлдөх ном хийж чадаж байгаа Хэвлэлийн газар алга. Непко-гийн Танин мэдэхүйн чиглэл тун дажгүй. Сүүлийн үед хүч түрэн гарч ирж буй Тагтаа Tagtaa Publishing паблишингийнхан тодорхой чиглэлийг барьж, Хэвлэлийн газруудын хөгжлийн үлгэр жишээ болж магад гэсэн итгэл найдварыг төрүүлж байгаа.

- Хэвлэлийн газрууд хөгжвөл ямар сайн үр дүн гарах вэ?

Хэвлэлийн газрууд хөгжөөд эхэлбэл номын агуулга чанар, өнгө үзэмж, төрөлжилт, үг үсгийн алдаа гээд олон зүйлд дэвшил гарна. 

Зохиогчид хувиараа бус зөвхөн хэвлэлийн газруудаар дамжуулж л номын зах зээл дээр номоо гаргадаг болсноор хэн дуртай бүхэн болсон болоогүй ном хэвлүүлдэг явдал татарна. Номын зах зээл дээр зөвхөн чанартай сайн номууд л гардаг болно. Яагаад гэвэл Хэвлэлийн газрууд зөвхөн чанартай сайн номыг л зохиогчтой гэрээлж авах болно. Бас өнгө үзэмж, агуулга, хэвлэл ч өөр болно. Жинхэнэ эрүүл өрсөлдөөн болно. Тэгэж эс чадвал Хэвлэлийн газрууд өөрсдөө дампуурна шүү дээ. Хариуцлага нь зохиогчид биш Хэвлэлийн газруудад ирнэ. Тэгэхээр хуучин социализмын үед байсан хэвлэл хянах газар буюу главлитийн үүргийг зах зээл жинхэнэ утгаараа хэрэгжүүлнэ. Жишээлбэл хүүхдийн ном нэртэй ч хүүхдэд ойр байлгамгүй номууд гарах үүд хаалгууд хаагдана. Гэхдээ бас сөрөг тал ч бий.

- Ямар сөрөг тал байна вэ?

-Барууны номын зах зээлийн систем нь бестселлэр гэдэг үнэлгээнд суурилж, номын чанарыг зөвхөн энэ үнэлгээгээр голлон авч үздэг өрөөсгөл хандлагыг өөгшүүлж байдаг. Энэ нь оюуны өндөр түвшний бүтээлүүд олонд хүрэхэд чөдөр тушаа болдог тал бий. Гэхдээ хэвлэлийн газрууд зөвхөн ганц арилжааны номын араас хөөцөлдөхгүйгээр өндөр түвшний бүтээлүүдийг ч мөн сайтар сурталчилж, түмэнд хүргэх талаар уйгагүй ажилладаг нь харагддаг юм билээ. 

- Бестселлэр бол ном бүтээлийн чанарыг илтгэх гол үзүүлэлт биш гэж хэлж байна уу?

-Тийм. Жишээлбал АНУ-д Нора Робертс гэдэг зохиолчийн романууд номын дэлгүүр бүрийн гол лангуун дээр ээлжгүй заларч байдаг. Бараг 200-аад роман бий байх. Гэтэл уг роман нь уран зохиолын чанарын хувьд дундаж, магадгүй дундаж түвшнээс доогуур үнэлгээтэй. Харин борлуулалтаар бол дээгүүр болчихно. Тэгэхээр зарим тохиолдолд номын чанар, борлуулалт хоёр нь урвуу хамааралтай болчих нь ч байна. Би зарим тохиолдолд гэж хэлээд байгааг анхаараарай.

- Яагаад тэр билээ?

-Харьцуулахад уншилтын түвшин гэдэг ихэнхдээ пирамидтай адилхан юм. Пирамидийн суурь хамгийн өргөн хэсэг нь байдаг, дээшлэх тусам нарийсдаг шүү дээ. Түүнтэй адилхан уран бүтээлийн чанар дээшлэх хэрээр уншигчийн тоо цөөрнө. Шар сонинуудын оргил үед зарим шар хэвлэлүүд долоо хоногтоо хэдэн арван мянгаар борлогдож байсан бол сардаа ганцхан хэвлэгддэг Л.Түдэв гуайн "Дал" сонин 180-хан захиалагчтай байсан.

Гэхдээ дандаа бүгдээрээ ийм байдаг гэсэн үг бас биш юм. Соён гэгээрүүлэх бодлогын гол агуулга нь энэхүү уншилтын дундаж түвшинг аль болох дээшлүүлэхэд бий. Хөгжингүй орнуудын уншилтын дундаж түвшин бол ер өндөр шүү дээ.
 
ОЮУНЫ ХУЛГАЙ ХАЛААСНЫ ХУЛГАЙ ХОЁРЫН АЛЬ НЬ ИЛҮҮ ХОРТОЙ ВЭ?

- Та оюуны хулгай их энгийн зүйл болж хувирсан тухай дурдав. Үүнийг тодруулахгүй юу? 

-Бүр саяхан болтол хэний ч тэр ялгалгүй номыг хуулаад, копидоод хэвлээд зарчихдаг, бизнес хийчихдэг явдал хавтгай байлаа шүү дээ. Д.Алтангэрэлийн Англи хэлний толийг хулгайгаар мөн ч ихээр хэвлэж зарсан байх. Гэтэл хөөрхий зохиогч нь гудамжинд хөлсөө шудраад л гүйж явах. Хулгайгаар зарсан хүмүүс нь машин худалдаж аваад хажуугаар нь сүнгэнээд өнгөрч байх жишээтэй. Одоо ч тэр явдлын, ойлголтын ул мөр байсаар байна. Энэ талаар жишээ баримт дурдвал хангалттай их бий.

Саяхан хэвлэгдсэн зохиолч Б.Сарантуяагийн “Самар хатан” романыг хулгайгаар хэвлээд зарчихсан явдал гарсан. Оюуны хөдөлмөрт хэрхэн хандаж буйн илрэл. Оюуны хулгайн талаарх манай хууль эрхзүйн орчин ч сул. Гар утас дээрэмдээд шоронд орсон түүх нэг бус бий. Гэтэл бусдын номыг хууль бусаар дээрэмдэж хуурамчаар хэвлэсэн, өөрийн нэрээр хэвлүүлж ашиг олсон хүнд ногдох ял шийтгэл түүний дэргэд хүүхэд нохойн тоглоом шиг л байдаг. Гэтэл түүхэн роман бичнэ гэдэг нэг хоёрхон сарын ажил биш шүү дээ. Тэр хүний бүхэл насан туршдаа хураасан мэдлэг, туршлагын үр дүн. Авьяас билгийнх нь шим шүүс. Тийм авьяас билэг тэр бүр хүнд заяагаад байдаггүй. Ер оюуны бүтээл бол давтагдашгүй мөн чанартай. Зөвхөн тэр хүн л тийм бүтээл туурвиж чадна. Оюуны бүтээлийн үнэ цэнэ нь чухам энд бий. Гэтэл оюуны бүтээлийн хулгайд ногдуулах хариуцлага халаасны хулгайн хэмжээтэй ойролцоо.

Ийм болоход номыг ямар ч шалгуур, босгогүйгээр амар, хялбараар “Бүтээдэг” болчихсон явдал их нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл олонхи ном бүтээгдэхгүй, туурвигдахгүй байна. Их ч хялбархан бүтээдэг, мөнгөтэй л бол хэн дуртай нь юу ч хамаагүй хэвлүүлж байдаг явдал хавтгай болсон нь номыг бүтээдэг гэсэн тэр үнэлэмжийг их бууруулж байх шиг.

ХЭВЛЭЛИЙН ГАЗАР БА ЗОХИОЛЧИД

- Номын зах зээл хөгжсөн оронд Хэвлэлийн газар ба Зохиогчийн хоорондын харьцаа ямар байдаг вэ? 

-Манай зохиолчид номоо өөрсдөө үүрээд л номын дэлгүүрээр бидэрч явна. Өөрсдөө номоо зарж байна. Хэвлэлийн газар хөгжсөн оронд бол ийм үзэгдэл байхгүй дээ. Зохиолч бид чинь номоо бичиж туурвиж, судалж сурвалжилж, эрж хайж явах цаг ч хомс. Юун номын борлуулалт, менежмэнт, сурталчилгаа хийх вэ. Хийсэн ч тэр бүр чадахгүй. Түүнийг чухам зохиолчдын өмнөөс Хэвлэлийн газрууд хийж өгдөг. 

- Зохиолчдын уран бүтээлийг ямар хэлбэрээр Хэвлэлийн газрууд үнэлдэг вэ?

-Хэвлэлийн газруудтай зохиолчид ихэвчлэн хоёр хэлбэрээр гэрээ хийдэг юм билээ. Эхнийх нь хэвлэгдсэн номын ширхэг тутмаас тодорхой хувийг нь авах. Жишээлбэл 15 доллараар зарагдаж буй ном тутмаас зохиолч 1 доллар авах гэх мэт. 100 мянган ном худалдаалагдахад зохиогч 100 мянган доллартай л болно гэсэн үг. 

Удаад нь ерөөсөө номоо бүхэлд нь үнэлээд тодорхой хугацаатай, эсвэл хугацаагүйгээр Хэвлэлийн газарт худалдана. Эрхийг нь шилжүүлж байна гэсэн үг. Ном нь борлогдохгүй бол Хэвлэлийн газар эрсдлээ үүрнэ. Сайн борлогдвол илүү ашгаа Хэвлэлийн газар нь авна. Тиймээс Хэвлэлийн газрууд мэргэжлийн судалгаа, тандалтыг маш сайн хийдэг. Бас зохиогчийн болоод номын сурталчилгаа ч хийнэ. Зохиолчид номоо бүтээлээ, Хэвлэлийн газартай тохирч худалдлаа, тэгээд уран бүтээлийнхээ ажлаа л дагнаж хийнэ. Шаардлагатай бол Хэвлэлийн газрын зохион байгуулж буй элдвийн шоу, сурталчилгаанд хааяа оролцоно. Зохиогчдод харьцангүй амар хялбар болно. Манайд бол өөрсдөө номоо үүрээд л хөлсөө урсгаад гүйгээд байна шүү дээ.

- Эрхийг нь шилжүүлэх гэдгийг тодруулахгүй юу?

-Яг зөв. Манайхан эрх шилжүүлнэ гэдгийг зохиогчийн нэрийг солих хэмжээнд ойлгодог өрөөсгөл ойлголттой байдаг. Учир нь мөнгөтэй хүмүүс хүнээр номоо бичүүлээд өөрийнхөө нэрийг тавьчихдаг өрөвдмөөр явдал түгээмэл байдгийн үр дүн. Гэтэл номын эрх шилжүүлнэ гэдэг нь зохиогчийн эрхийг хөндөж буй хэрэг биш. Зөвхөн худалдаж, борлуулах, сурталчлах эрхийг л шилжүүлж буй. Зохиогчийн нэр хэвээр байна. Бас зохиолчийн уран бүтээлийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй.
 
- Зарим томоохон сонгодог романуудыг Хэвлэлийн газрууд хялбарчилж найруулах нь байна. Үүний зохиогчийн эрхийн байдал ямар байдаг вэ?

-Зохиогч нь амьд сэрүүн буй тохиолдолд Хэвлэлийн газрууд өөрийн дураар тийм хялбарчилсан найруулга хийхгүй. Ихэнхдээ 20-р зуунаас өмнөх үеийн сонгодог романуудыг хүүхдийн нас насны сэтгэлгээний онцлогт тохируулан хялбаршуулан найруулдаг. Их түгээмэл. Зөв ч байж магадгүй. Учир нь аварга романуудыг уншихын тулд заавал насанд хүрэхийг хүлээх шаардлага үгүй. Динккенсийн аварга зузаан романыг 8 настай хүүхэд уншихад амаргүй шүү дээ. Тэгэхээр тэр насанд нь тааруулаад хялбаршуулаад гаргадаг. Хожмоо бүрэн эхээр нь ч бас уншуулна. Тийм номууд ихэвчлэн нас зааж өгсөн байдгийг анхаарах хэрэгтэй. Манайхан хялбаршуулсан ном л гэхээр байж боломгүй мэт ханддаг нь өрөөсгөл хандлага. 8 настай хүүхдийн сэтгэлгээнд тааруулж хялбаршуулсныг 15-тай хүүхдэдээ уншуулахгүй байхад л болно. 

Тийнхүү хялбаршуулан найруулсан шинэ найруулгын эрх нь тухайн Хэвлэлийн газарт үүсдэг. Жишээлбал манай хэвлэлийн газар “Гэсэрийн тууж” –ийг 6 настай хүүхдийн сэтгэхүйд тааруулан хялбаршуулсан бол тэр эхийн эрх манай хэвлэлийн газарт байна гэсэн үг. Хүүхдийн насны онцлогт тохируулан сайтар найруулна гэдэг бол их хөдөлмөр, авьяас чадвар шаардана шүү дээ. Ер барууны хэвлэлийн газруудад маш чадварлаг редакторууд олноороо ажилладаг. Алдарт гарч буй “Хаан ширээний тоглоом” цувралыг зохиогч Ж.Мартин олон жил ийм редакторын ажил хийсэн хүн.

- Сонгодог зохиолуудын зохиогчийн эрх ямар байдаг вэ?

-Зохиогч нь нас бараад 50 жил болсоны хойно зохиогчийн эрх нээлттэй болдог юм шиг билээ. Ихэнх сонгодгуудын бүтээлүүд Хүн төрөлхтний оюуны дундын өмч болсон байдаг. Өөрөөр хэлбэл аль ч улс орон тэдгээрийг өөрийнхөө хэлээр хөрвүүлэн гаргахдаа хэн нэгнээс зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Гагцхүү тэрхүү бүтээлийг гуйвуулахгүй байх, мөн өөрийн орныхоо хууль дүрмийн хүрээнд байх шаардлага тавигддаг. Харин дээр дурдсан хялбаршуулсан найруулгуудын тухайд заавал тухай хэвлэлийн газраас нь зохиогчийн эрхийн зөвшөөрөл авна.
 
ТАВИУР ДЭЭР НОМ ӨРСӨН БОЛГОН НОМЫН ДЭЛГҮҮР, САН БИШ

- Номын дэлгүүр, номын сангийн хөгжлийн талаар бид ярилцсангүй.

-Манайд номын дэлгүүр хөгжиж л байна. Нэг үе номын дэлгүүрт ном удаан үзүүлдэггүй, хориотой, тийм муйхар байлаа шүү дээ. Номын дэлгүүр гэдэг бусад барааны дэлгүүрээс эрс ялгаатай байх учиртай. Хөгжсөн оронд номын дэлгүүр болоод номын сан гэдэг үнэхээр оюуны орд өргөө байдаг. Загвар засалтаасаа эхлээд л... Дотор нь ороод тавиур дээрээс нь дурын номоо аваад, арьсан диван дээр хэвтээд, эсвэл кофе захиалж суугаад хэдэн цагаар ч уншиж болдог. Манайд бол удаан уншлаа гээд хөөх нь их талдаа. Тавиур дээр ном тавьчихаар л номын дэлгүүр болчихдог юм биш. Тэнд соён гэгээрэл, танин мэдэхүйн олон арга хэмжээ давхар болж байдаг. Манайд бол их сайндаа л номын нээлт хийх төдийгөөр хязгаарлаж байна. Бас номын худалдагчид номоо мэдэхгүй, гарчиг, зохиолчоос нь цааш хэлж чадахгүй байх нь их.

Миний анзаарснаар Хэвлэлийн газар, Хэвлэх үйлдвэр, Номын дэлгүүр гэдэг тус тусдаа байдаг юм шиг билээ. Харин манайд бол эсрэгээрээ. Хэвлэлийн газар нь хэвлэх үйлдвэртэй, бас номын дэлгүүртэй. Жишээлбэл, Адмон хэвлэх үйлдвэр, Монсудар хэвлэлийн газар, Интерном номын дэлгүүр гурав нэг толгойтой. Бас Мөнхийн үсэг хэвлэх үйлдвэр, Аз хур номын дэлгүүр, Болор судар хэвлэлийн газар адилхан. Гэх мэт. Энэ нь өөрөө эрх ашгийн зөрчлийг бий болгох эрсдэлтэй. 

- Ямар эрх ашгийн зөрчил үүсч болох вэ?

-Өөрсдийн хэвлэсэн номыг номын дэлгүүрийнхээ хамгийн сайн байрлалд байршуулах, бестселлерт байнга шалгаруулах гэх мэт зүйлс байж болно. Тодорхой хэлбэл нэг сонгодог зохиолчийн бүтээлийг орчуулсан хувь хүний орчуулгын ном, Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүрээс эрхлэн гаргасан яг адилхан орчуулгын ном хоёр зэрэгцээд нэг дор лангуун дээр байх боломжгүй болгочихож байгаа хэрэг. Тэр хувь хүний ном ихэвчлэн нүднээс далд байж таарна. Яагаад гэвэл номын дэлгүүр өөрсдийнхөө номыг илүү борлуулах эрх ашиг гарцаагүй гарч ирнэ. Чөлөөт шударга өрсөлдөөний зарчмыг зөрчиж байгаа хэрэг. Энэ мэт зүйлийг ч хууль эрхзүйн хүрээнд зохицуулах шаардлага бий байх. Бидэнд ч тийм явдал тохиолдож байсан. Бидний орчуулсан нэг номыг нэгэн номын дэлгүүр тавьж зарахгүй гэсэн. Яагаад гэж асуухад “Манайх ч бас таны энэ номыг орчуулж гаргасан. Зэрэгцүүлж зарахгүй. Та номоо тат” гэж улаан цайм хэлж байлаа. Тийм явдал байж болохгүй шүү дээ. Хэн орчуулгын эрх авсан нь, хэн сайн орчуулж, сайн хэвлүүлсэн нь, бас хямд борлуулж байгаа нь гэх мэт шударга өрсөлдөөн хаагдчихаж байгаа юм.
Барнес энд Ноблес, эсвэл Бордерс, Миллинум гэх зэрэг томоохон номын худалдааны сүлжээнүүдэд өөрсдийн хэвлүүлсэн ном гэж л байсныг би огт санахгүй байна. 

- Манайд номын сан, номын дэлгүүрийн хүрэлцээ хэр хүртээмжтэй байгаа гэж та бодож байна вэ?

-Улаанбаатар хот маань сая хол гарсан хүн амтай. Гэтэл энэ хотод Интер, Мажестик, Азхур гэсэн гуравхан л боломжийн номын дэлгүүр байна. Цаана нь арав орчим номын лангуунууд бий. Уучлаарай, бусад номын дэлгүүрүүдийг “Номын лангуу” гэж хэлж буйд. Гэхдээ бодит байдал яах аргагүй тийм юм. 

Нийтийн номын сан ч маш цөөхөн, гарын таван хуруунд багтах төдий. Сургуулийн номын санг тооцохгүйгээр шүү дээ. Тэгэхээр нэг хүнд ногдох номын дэлгүүр, номын сангийнхаа тоогоор бид үнэхээр чамлалттай, бусад оронтой харьцуулахад санаа зовмоор, зарим тохиолдолд Африкийн орноос ч доогуур.

- Номын дэлгүүрүүд хувь хүмүүсийн номын борлуулалтаас 30 хүртэл хувийг авдагт хүмүүс нэлээдгүй дурамжхан байдаг шиг билээ?

-Тийм байдал анзаарагддаг. Гэхдээ авахаас аргагүй байх. Бусад бараатай адилхан 30 хувиа авч байж л тэр номын дэлгүүр чинь оршин тогтноно шүү дээ. Тэр хувийг бууруулах нь номын дэлгүүрийн эздийн хүсэл зоргоос хамаарахгүй, харин төрийн бодлогоос хамаатай. Төрийн ном, соёлын бодлогын хүрээнд тодорхой сэдвийн номуудад татварын хөнгөлөлт үзүүлдэг байх хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдийн, эрүүл мэндийн, танин мэдэхүйн номууд гэх мэт. Тэгвэл өнөөх 30 хувь чинь багасна, номын үнэ ч зохих хэмжээгээр бууна. Хэн хожих вэ гэвэл номонд дуртэй бүхэн хожно, алсын үр ашгийг нь улс нийтээрээ хүртэнэ. Жишээлбэл хөгжсөн орнуудад номыг шуудангаар илгээх зардал бусад бараа материалыг илгээх зардлаас 50 хувь хямд байдаг. Энэ мэт зарим зүйл дээр бодлогын зохицуулалт хийх зайлшгүй шаардлагууд бий.

Бас сайн номыг төрөөс, олон нийтийн байгууллага, компаниудаас урамшуулдаг механизм ч алга байна.

Төгсгөлд нь хэлэхэд би бол энэ чиглэлээр судалгаа хийсэн хүн биш юм. Сүүлийн хэдэн жилд номын зах зээл дээр явж, зовлон жаргалыг нь гадарлах болсны хувьд өөрт ажиглагдсан, анзаарснаа өгүүлэхэд ийм байна.

- Манай уншигчидтай санал бодол, туршлагаа харамгүй хуваалцсан танд их баярлалаа. 

Эх сурвалж: "Номын ертөнц" сэтгүүлийн 5 сарын дугаарт...
Ярилцсан Б.Сувдаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна