ТҮЦ хэзээ ч томордоггүйн шалтгаан

2017/06/05
ТҮЦ-ийг та хараарай. Нэг л газартаа, нэг л тогтсон зүйлээ хийгээд хэчнээн ч жил болсон томордоггүй. Тэр дэлгүүр болж өргөждөггүй. Таны л мэдэх автобусны буудлын дэргэдэх жижигхэн “амбаар” хэзээ ч өргөжөөгүй, томроогүй, хүнсний мухлаг ч болоогүй.

Томорно гэдэг маань олон бараатай болж, хэдэн сая төгрөг эргэлдэхийн нэр биш гэдгийг эхлээд хэлье. Энэ бол тухайн бизнес хэр хол явах вэ гэдгийн учир шалтгаан юм.

Өнөөдөр монголчууд бизнесийг өнөө маргаашийн ашиг төдийхнөөр олж хараад байгаа нь тухайн хүнийг яг л ТҮЦ-ний эзэн шиг болгож байна.

Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эн тэргүүнд бодох зүйл нь тухайн бизнесийн олох ашиг биш гэдгийг өнөө цагийн гүйцэтгэх захирлууд хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь монголчууд зөвхөн ашиг, олох мөнгөний төлөө улангасан хөөцөлддөг байсан. Харин одоо энэ зүйлийг урт хугацааны үр ашиг-нийгмийн хариуцлага, холч хараагаар хэмждэг болжээ.

Цуутай бизнесмэнүүдийн жишээ ч үүнийг хэлээд өгнө. Дэлхийг бүсэлсэн “Кока Кола” компани дэлхий дахины цэвэр усны нөөцийг хамгаалахад 2030 он хүртэлх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэхүү үйл хэрэгт Монгол Улс ч тодорхой байр суурь эзэлдэг аж.

“Xerox” компани гэхэд жил бүр ажилчдаа сургаж, дадлагажуулахын тулд асар их хөрөнгө зардаг нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынх нь илрэл болдог байна. Иймд энэ компани өнөө цагийн сорилтын шуурганд тэсч үлдэж чадсан ч байж мэдэх.

Тэгвэл худалдааны хамгийн том сүлжээ сайтын нэг “Alibaba” группийн эзэн Жэк Ма “Компаниуд нийгмийнхээ асуудлыг шийддэг байх ёстой” гэж хэлсэн нь бий. Иймдээ ч тус групп нийгэмд чиглэсэн, оюутан сурагчдад зориулсан олон сая ам.долларын санхүүжилт олгож байжээ.

Үүний нэг тод жишээг өнгөрсөн долоо хоногт “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат гаргав. Тэрээр хотын даргаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөхийг хүсчээ.

Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсч том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе гэсэн байна. Уг тоглоомын талбайн бүтээн байгуулалт болон цаашдын арчилгааг нь ч хийнэ гэдгээ амлажээ. Үүний тулд хотын даргаас ганцхан гарын үсэг л хүсч байгаагаа илэрхийлжээ.

Бизнес бол ТҮЦ биш. Бизнес бол нийгмийн хариуцлагатай байдал, холч хараа, алсад хүрэх тэмүүлэл юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна