МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.
Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ. Мөн баялгаа Монголдоо үлдээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт олон байхыг хүсэн ерөөв. Барилгын салбарын хөгжилд шинэ стандарт, шинэ чанар нэвтрүүлэх боломжийг бий болгохын төлөө Дани, БНХАУ-ын байгууллага, инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, монголчууд бүтээж чаддагийг харуулсан үндэсний барилга угсралтын компани, ханган нийлүүлэгч нарт талархал илэрхийлэв.
“МАК-Евро цемент” үйлдвэр нь өргөн хэрэглээний цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол шүлтлэг орчинд тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан байнахэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна